Гарал үүслийн бичиггүй мах махан бүтээгдэхүүн, түүхий эдийг нийслэлд оруулахгүй

2017-01-27 Нийслэл

Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөөдөр хуралдаж,  Налайх дүүрэгт гарсан хонь, ямааны цэцэг өвчний нөхцөл байдал, Хан-Уул дүүргийн XII хороонд олон тооны мал нохойд бариулсан талаарх мэдээллийг сонслоо.

Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа Налайх дүүргийн V хороонд оношлогдсон гоц халдварт хонины цэцэг өвчний нөхцөл байдлыг таницуулав. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 8 аймгийн 27 сум, нийслэлийн Налайх дүүрэгт цэцэг өвчин оношлогдож, хорио цээрийн дэглэм тогтоон, зааврын дагуу арга хэмжээ авч ажиллаж байна. Налайх дүүргийн V хорооны Дархан ноёны худаг гэдэг газарт нэг малчны 2 хонинд өвчний шинж тэмдэг илэрсэн. Мал эмнэлгээс 399 хонинд үзлэг хийж, өвчний сэжигтэй 51 хонийг тусгаарласан. Мөн манай эмч нар голомтод ажиллалаа. Өвчний тархалт эрчимтэй явагдаж байгаа учраас хүн хүч нэмэгдүүлэх, санхүүгийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа. Холбогдох хууль журам, зааврын дагуу ажиллаж байна. Нийслэлд 180 мянган мал вакцинд хамруулахаар тооцож, ОХУ руу захиалга өгч авчруулсан байгаа” гэлээ.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “2017 оны нэгдүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт айлын хотонд нохой орж мал барьсан гэсэн мэдээлэл холбогдох байгууллагад ирсэн. 3 нохой айлын хотонд орж 15 ямаа, 11 хонь хазаж шархдуулсан байсан. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 3 нохойг олж, устгуулсан. Нохдоос дээж авч нийслэлийн Мал эмнэлгийн газрын лабораторид хүргүүлсэн. Одоогийн байдлаар 100 тун вакциныг 100 толгой малд хийгээд байна” гэв.

Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан “Малын гоц халдварт цэцэг өвчний талаар болон золбин нохойнд бариулсан малын талаар өнөөдөр онцгой комисс хуралдлаа. Золбин нохдын асуудлыг хэт улстөржүүлсээр байгаад дорвитой арга хэмжээ авалгүй өдийг хүрлээ. Тиймээс устгалын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна” гэлээ. Мөн тэрбээр үүсээд байгаа асуудлын дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргад шуурхай хорио цээрийн дэглэм тогтоох, үхсэн малын сэг, зэмийг зохих журмын дагуу устгахыг, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарт, өвчин гарсан нутаг дэвсгэрийн хэмжээнд цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, ариутгалын пост болон хөдөлгөөнт эргүүлийг сайжруулах, хүн хүчээ нэмэгдүүлж ажиллахыг үүрэг болгов.

Хурлын төгсгөлд нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан ажлын хэсгийнхэнд холбогдох чиглэл, үүрэг өглөө.

Гоц халдварт цэцэг өвчнийг бусад дүүрэгт зөөвөрлөгдөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай авах, нийслэлийн хэмжээнд өвөлжиж буй бог малыг нэн даруй вакцинжуулах, эрсдэл бүхий нутаг дэвсгэртэй залгаа суурьшиж буй айл өрхүүдэд тандалт хийх, үзлэг зохион байгуулах, иргэдэд цэцэг өвчний талаар сэрэмжлүүлэг мэдээ мэдээлэл хүргэж, гамшгаас хамгаалах албадын харилцан уялдааг сайжруулж, зохицуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих, ажиллах хүн хүч, тээврийн хэрэгсэл бусад холбогдох зардлыг батлагдсан төсвөөс санхүүжүүлж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж ажиллахыг, дүүргийн залгаа аймаг, сум, дүүргээс гарал үүслийн бичиггүй амьд мал, мах махан бүтээгдэхүүний, түүхий эд нэвтрүүлэхгүй байхыг тус тус холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

 

ЭХ СУРВАЛЖ: NEWSMEDIA.MN

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.