Чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.
Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Ард иргэдийнхээ санал бодлыг сонсох зорилгоор нийслэлийн долоон дүүрэг, Хэнтий, Говь-сүмбэр, Сүхбаатар, Баян-Өлгий , Дорнод зэрэг аймгуудад ажиллалаа. Цуврал уулзалтуудад 12800 иргэн оролцсон. Түгээмэл асуудлууд нь цалин, тэтгэвэр бага, татвар өндөр, халамж хүндээ хүрдэггүй, банкны зээл өндөр, УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, буруутай шийдвэр, ёс зүйтэй холбоотой асуудлыг түлхүү хөндөж байна.
УИХ үүргээ гүйцэтгэж чадахгүй бол тараахаас аргагүй гэдэг саналыг 89 иргэн хэлсэн. Иргэд маш их бухимдалтай амьдарч байна.
Засгийн газар шийдлээ олохгүй, тансаглалаар хөөцөлдөн, сайд нар нь хангамж алга гэж гомдол тавьж, тамгаа алдсан гэх асуудалд орооцолдож байна. Ард иргэдийн төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй, сэтгэлээ ч чилээхгүй явж байна.
Маш олон иргэн сэтгэл аваад сонгогдсон юм бол хуралдаа бүгд сууж хуулийн сайн мууг хэлэлцдэг болмоор байна гэдэг санал хэллээ.
Засгийн газрын сайд нь эдийн засагт үүр цайлгасан гэж хөөрцөглөж байхад дэргэдэх хүн нь эдийн засгийн өсөлт нь баталгаа болж чадахгүй гэж хэлж байх жишээтэй.
Засгийн газрын сайд нар сандал ширээнд илүү ач холбогдол өгч, тасаг машинаар зугаалахаа бодож байна.
Гурван хүний хоёр нь бүрэн тэтгэвэр авч байна. Сарын 300 мянган төгрөг хүрэхгүй тэтгэврээр амьдралаа болго гэж байна.
Миний бие үндэсний тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийхийг уриалж байна. Ингэвэл ахмадуудын тэтгэвэр нэмэгдэнэ. Засгийн газраас тэтгэврийн шинэчлэл хийхийг шаардаж, хамтарч ажиллах болно.
Агаарын бохирдлыг бууруулахын тулд арван жил утаагүй зуух, сайжруулсан түлш тараагаад үр дүн гараагүй. Гэтэл хариуцлага оногдуулдаггүй юм чинь юу ч хийсэн яадаг юм бэ гэсэн улсууд одоо бидэнтэй мөр зэрэгцээд сууж байна. Шуурхай далайцтай ажиллаж чадахаас иргэдийн амьдрал хамаарна” гэлээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30410
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.