Бохирдлыг бууруулахад 9,9 их наядыг зарцуулна

2017-03-22 Мэдээ, мэдээлэл

Хэвлэлийн бага хурал

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” боловсруулсныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан юм.

Уг хөтөлбөрийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар өнөөдөр/2017.03.22/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хөтөлбөрт агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах арга хэмжээнүүд туссан аж. Эдгээр ажлуудыг 2017-2019, 2019-2025 он гэсэн үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Үүнд: Улаанбаатар хотод шинэ цэвэрлэх байгууламж барих, нүүрснээс нийлэг байгалийн хий гарган авах үйлдвэр байгуулах, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий аймгийн төвд дулааны станц барих, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн парк байгуулах зэрэг арга хэмжээнүүд тусчээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 9.9 их наяд төгрөг шаардлагатай. Санхүүжилтийг дараах эх үүсвэрүүдээс босгохоор төлөвлөжээ. Тухайлбал, 201 тэрбум төгрөгийг улсын болон орон нутгийн төсвөөс, 1.5 их наядыг гадаадын зээл тусламжаас, 7.5 тэрбумыг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаас, 650 тэрбум төгрөгийг хувийн хэвшлээс, 63 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээс босгох юм.

-Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө-

-Гэр хорооллын түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах зорилт тавьжээ. Халаалтын шийдэл санал болгоно гэж байна. Эдийн засгийн боломж муутай айлууд яах вэ. Уурын зуухнуудыг буулгана, тус газраас халаалтаа шийдэж байсан газруудын дулааныг нь яаж шийдэх вэ?

Сайд Д.Оюунхорол: Хөтөлбөрт гэр хороололд хэрэглэж байгаа түүхий нүүрсийг 80 хувиар бууруулах зорилт тавьсан. Эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийг айл өрхүүд ашиглах ёстой. Банкуудын холбоо болон бусад байгууллагуудтай ярьж “Ногоон зээл”-ийн сангаас санхүүжилт авч, халаагчаа худалдаж авах боломжийг орлого багатай айл өрхүүдэд санал болгоно. Нийтийн эрх ашгийн төлөө төрийн зохицуулалтаар хийх ажлын нэг энэ юм.

Нийслэлийн есөн дүүрэгт агаарын чанарын судалгаа хийхэд уурын зуухнууд айл өрхүүдээс илүү агаарын бохирдол бий болгож байгаа нь тогтоогдсон. Тийм учраас жижиг оврын уурын зуухнуудыг хааж, төвлөрсөн дулаанд холбох ажлыг эхлүүлж байна.

-Хамгийн их зардал шаардаж байгаа ажил юу вэ. Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлахад хэр хэмжээний зардал шаардах вэ?

-Засгийн газрын хуралдаанаар хөтөлбөрийг хэлэлцүүлэхэд зарим сайд “Ямар өндөр тоо вэ” гээд асууж байсан. Гэхдээ цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудалд энэ төсвийн гол зардал зарцуулагдана. Нийслэлийн хогны гурван үйлдвэрийг шинэчлэн барихад мөн гол зардал явж байна.

-Санхүүжилтийн эх үүсвэрийг гадаад зээл тусламжаар босгоно гэж байна. Энэ чиглэлээр ажлууд эхэлсэн гэсэн үг үү?

-Монголын банкуудын холбоотой хамтарч “Ногоон зээлийн сан”-г байгуулъя. Дэлхий даяар хэрэгжиж байгаа “Ногоон сан”-гаас мөнгө татъя, гадаад хамтын ажиллагаагаа хөгжүүлье гээд ажиллаж байна.

Эхний бодитой үр дүн гарч эхэлсэн. Тухайлбал, Нидерландын Хөгжлийн банкнаас 5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлье гээд агаар орчны бохирдлыг бууруулахад Банкуудын холбоотой гэрээ байгуулахаар ажиллаж байна.

“Хас” банк ногоон зээлийн санг ашиглан байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг зээл олгох чиглэлээр тодорхой бодлого хэрэгжүүлж ажиллаж байгаа.

Уур амьсгалын ногоон сангаас “Хас” банкаар дамжуулж 25 сая ам.долларын зээлийн эх үүсвэр олгох нөхцөл бүрдэж байгаа. Цаашдаа олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдаж, ард иргэддээ туслалцаа үзүүлнэ.

-Хөрсний бохирдлыг бууруулахын тулд 00-ыг доторлоно гэж байна. Гэр хорооллын бүх айлуудын 00-ыг доторлох юм уу?

-Хөрсний бохирдол хүчтэй явж байгаа учраас Азийн хөгжлийн банктай хамтарч төсөл хэрэгжүүлнэ. Энийг шийдвэрлэхэд 3 сая ам.доллар зарцуулна. Нийт 1800 айлын 00-ыг доторлогоотой болгож үзье гэж байна. Бүх жорлонгийн доторлогоог төр хийнэ гэж андуурч болохгүй. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд зөв хандлагаар хамтран ажиллах шаардлага байна.

-Стандарт хангасан зуухыг гэр хорооллынхон хэрэглэх болох нь. Шинээр зуух худалдан авна гэсэн үг үү?

Ж.Батбаясгалан: Нийслэлийн Засаг дарга агаарын бохирдолтой тэмцэх гурван төрлийн захирамж гаргасан. Нэгдүгээрт, орон нутгаас Улаанбаатарыг зорих шилжилт хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглосон. 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар нийслэлд 1.4 сая иргэн албан ёсны бүртгэлтэй байна.

Хоёрдугаарт, суурьшлын бүсийн хязгаарлалтыг тогтоосон байгаа. Гэр хорооллын иргэдийн ахуйн хэрэглээний зуух агаарын бохирдолд хамгийн их нөлөөлдөг. Тиймээс Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр ахуйн хэрэглээний зуухны стандартыг боловсруулсан. Энэ стандарт ирэх сарын 1-нээс хэрэгжинэ.

Тиймээс гэр хорооллын өрхүүдийг Дэлхийн банкны стандартад нийцсэн зуухаар солих ажлыг эхлүүлнэ. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд тараасан зуух Монгол Улсын ахуйн хэрэгцээнд тохирохгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн гэр халаах зориулалттай. Хоол хийх боломжгүй. Тиймээс уг зуухыг Дэлхийн банкны стандартын дагуу ширмийг нь солиулах зэрэг арга хэмжээг явуулна. Зуухыг төсвийн мөнгөөр тараахгүй. Харин иргэдийн эдийн засгийн санхүүгийн байдалд нөлөөлөхгүйгээр зохицуулах буюу зээлээр олгох талаар Банкуудын холбоотой хамтран ажиллана.

-Гэр хорооллын шөнийн цахилгааны тарифыг тэглэснээр ямар үр дүн гарсан бэ?

-Гэр хорооллын шөнийн цахилгааны хөнгөлөлтөд нийт 2.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Өнгөрсөн оны хоёрдугаар сартай энэ оны хоёрдугаар сарын агаарын чанарыг харьцуулахад нүүрс хүчлийн хий, том ширхэгт тоосонцрын хэмжээ 26 хувиар буурсан байгаа.

-Стандартын шаардлага хангасан зуухыг хаана үйлдвэрлэх вэ. Үнэ нь хэдэн төгрөг байх юм?

-Нийслэлийн гэр хороололд 210 мянга гаруй өрх байна. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд 220 гаруй тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулж, 176 мянган зуух тараасан.

Гэтэл гэр хорооллын 20-30 хувь нь дээрх зуухыг хэрэглэж байна. Өнгөрсөн Засгийн газар түүхий нүүрсний хэрэглээг хязгааргүй тавьснаар сайжруулсан зуух, түлш үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд санхүүгийн хүндрэлд орсон.

Одоо бид энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ. Зуух үйлдвэрлэдэг, худалдан борлуулдаг бүх аж ахуйн нэгжүүдтэй уулзаж байгаа. Зуухны үнийг бид тогтохгүй. Зах зээлийн зарчмаар л явна.

<

Бууж өгөв

20 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.