Монголд үйлдвэрлэсэн цахилгаан автобусуудыг орон нутагт хүлээлгэн өгөв

2018-02-2 Мэдээ, мэдээлэл

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд Монголд үйлдвэрлэсэн цахилгаан автобусыг нутгийн удирдлагуудад хүлээлгэж өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

“Экологбус” ХХК-ийн үйлдвэрлэсэн Монгол GPS-тэй, “J-800EV-3” загварын найман цахилгаан автобусыг “Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн 369 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Монголдоо угсарч, бүтээжээ.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Өмнөговь аймгийн нийт хүн амын гуравны нэг нь амьдардаг Даланзадгад хотод нийтийн тээврийн үйлчилгээ шинэ шатанд гарч, хотын алслагдсан хороо, гэр хорооллын иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ хүрэх юм байна. Мөн нийтийн тээврээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настнууд үнэ төлбөргүй зорчих бололцоотой юм байна. Үйлчилгээг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр болжээ.

Тус ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, хэлсэн үгэндээ “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Үндэсний үйлдвэрлэгч “Экологбус” ХХК-ийн зөвлөх Д.Жаргалсайхан болон тэдний хамт олонд баяр хүргэе. Д.Жаргалсайхан 10 гаруйн жилийн өмнөөс л Монголд автомашин үйлдвэрлэдэг болно гэсэн зорилго тавиад явж байгаа хүн. Өнөөдрийн байдлаар 80 троллейбус үйлдвэрлэсэн байна. Мөн өнгөрсөн хугацаанд олон дайралт, доромжлолыг давж явсаар байгаад бүтээгдэхүүнүүдээ гаргасан байна. Ямар ч байсан Монголд угсарч үйлдвэрлэсэн энэ техникийн 70 орчим хувийг импортоор авсан гэж байна. Цаашдаа 50, 40 хувь хүртэл нь импортыг бууруулж, бусдыг нь дотоодын бүтээгдэхүүн болгоосой, энэ үйлс цаашдаа дэлгэрээсэй гэж хүсэн ерөөж байна. Та бүхэнд баярлалаа” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.