Амралтын өдөр дугаарын хязгаарлалттай

2018-02-1 Мэдээ, мэдээлэл

Энэ талаар ЗЦА-ны Урдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат “Сар шинийн баяр дөхөхөөр орон нутгаас нийслэлрүү, нийслэлээс орон нутагруу шилжих хөдөлгөөн маш их нэмэгддэг. Тийм учраас хөдөлгөөний зохион байгуулалт хийх шаардлагатай. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Энэ сарын 3, 10-ны бямба гарагт тэгш, 4, 11-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохоор зохицуулсан. Шинэчлэсэн бүс байхгүй. Өвлийн бүсийн хязгаарлалтаараа явна. Түүнчлэн томоохон худалдааны төвүүдийн орчмоор их ачаалал авдагтай холбогдуулан төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт 1-2 өргөтгөсөн худалдааны төвүүдийг ажиллуулахаар болсон” хэмээн тодруулав.

Дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд дугаарын хязгаарлалттай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохыг хязгаарлахаар болжээ.

Хэрвээ дугаарын хязгаарлалттай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар 20 нэгжээр торгох юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.