АН-ын шаардлагад хариулт өгчээ

2018-02-1 Парламент

АН-аас өнгөрсөн сарын 10-нд татвар, агаарын бохирдлыг бууруулах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэсэн гурван асуудлыг хөндсөн шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболдод ирүүлсэн. Уг шаардлагын хариуг УИХ-аас өчигдөр тус намд хүргүүлсэн байна.

“Шаардлагын хариу” бичигт хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл болон шаардлагад дурдсан бусад татварыг бууруулах чиглэлээр УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомж, Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар дурдсан байна. Тухайлбал, “УИХ энэ өдрүүдэд хувь хүний орлогын албан татварыг 10 хувийн нэг шатлалтай болгох, түүнчлэн эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах эрхийг нээх, хөдөлмөрийн хүнд нөхцөлтэй бол эрэгтэй 55, эмэгтэй 50 насанд тэтгэвэрт гарч болох, тэтгэврийн насыг жилд 6 сараар нэмэх байсныг 3 сар болгож бууруулах асуудлаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад хууль, тогтоолын төслүүдийг нэн яаралтай горимоор хэлэцэж байна” гэжээ.

Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар хэд хэдэн хуулийн төслүүдийг нэн яаралтай горимоор хэлэлцэн баталж, УИХ-аас ажлын хэсэг байгуулан ажиллаж, “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол гаргасан. Түүнчлэн холбогдох байнгын хороодын хамтарсан тогтоолоор Улаанбаатар хотын дүүргүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажилтай танилцаж, оновчтой шийдэл, арга хэмжээний талаар санал боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн талаар дурджээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар уг төслийг боловсруулах, хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт АН, түүний төлөөллийг оролцуулж, харилцан зөвшилцөх, нэгдсэн ойлголцолд хүрэх арга хэмжээ авч ажиллахыг ажлын хэсгийн ахлагч, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцанд чиглэл болгосон гэдгийг мэдээлсэн байна. Иймд шаардлагад дурдсан зарим асуудал бүрэн шийдэгдэж, ойрын хугацаанд холбогдох шийдвэр гарах нь тодорхой болсон тул олон түмний санаа бодлыг үймүүлэх, улс төрийн тогтворгүй байдал үүсгэх, улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд хохиролтой аливаа үйл ажиллагаа явуулахгүй байхыг хүссэн байна.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.