Цагдаагийн 180 алба хаагч шинэ байрандаа орлоо

2018-01-22 Мэдээ, мэдээлэл

“Цагдаа хотхон-Амгалан” цогцолборын эхний ээлжийн 180 айлын орон сууц ашиглалтад орж, нээлтийн үйл ажиллагаа боллоо. Цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 675 айлын орон сууц барих ажлыг өнгөрсөн оны зургаадугаар сард эхлүүлж байсан билээ. Тэгвэл монгол түмний уламжлалт цагаан сарын баярын өмнөхөн цагдаагийн алба хаагчид шинэ байрандаа орж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Хууль зүй, дотоод хэргийн яамны хэлтсийн дарга Н.Цэвэлмаа, ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, Цагдаагийн ерөнхий газрын албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, “ЦЭЭБ” ХХК-ийн ерөнхий захирал П.Энхтайван нарын албаны хүмүүс, цагдаагийн алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн оролцлоо.

Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч С.Ганзоригт шинэ байрных нь түлхүүрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гардуулан өгч тэдний гэр бүлд болон өнөөдөр шинэ байрандаа орж буй алба хаагчдадаа баяр хүргэж, аз жаргалтай амьдрахыг хүсэн ерөөсөн юм.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав шинэ байрныхаа түлхүүрийг гардан авсан цагдаагийн дэслэгч Н.Ганчимэгийн гэр бүлд баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ.

Барилгын ажлын хэсгийг Цагдаагийн ерөнхий газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар ахалж, гүйцэтгэгчээр “Цагдаа хотхон 1, 2” орон сууцыг барьж ашиглалтад оруулсан туршлагатай “ЦЭЭБ” ХХК ажилласан юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.