Авлигын хэрэгт холбогдоод байсан Б.Нарантуяаг албан тушаалаас нь чөлөөлжээ

2018-01-4 Мэдээ, мэдээлэл

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа бусдаас авлига авсан хэргээр саатуулагдан, шалгагдаж байгаа гэх мэдээлэл өнгөрсөн оны сүүлээр цацагдсан билээ. Улмаар УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд дээрх асуудалтай холбоотойгоор тайлбар өгч Б.Нарантуяаг албан тушаалаас нь чөлөөлнө гэдгээ мэдэгдсэн юм.

Тухайн үед салбарын сайд чуулганы хуралдаанаар “Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргын албан тушаал надад хэрэггүй. Сүүлийн үед Б.Нарантуяа гэдэг түр орлон гүйцэтгэгчийн асуудал хэвлэлээр гарч  байна. Тиймээс газрын даргыг нь Б.Нарантуяатай уулзах үүрэг өгсөн. Би Нарантуяагийн шорон  оронд орсон тухай мэдээллийг мэдэхгүй байна. Эрүүл мэндийн хөгжлийн төв Төрийн захиргаа удирдлагын газарт харъяалагддаг юм билээ. Б.Нарантуяатай холбоотой гадаадын  сургалтад мэргэжлийн хүмүүсийн биш танил тал, ах дүү хамаатнаа явуулсан, эмчлэх эрхийн  лицензтэй холбоотой зэрэг олон гомдол ирсэн байгаа. Б.Нарантуяаг албан тушаалаас нь бүрэн чөлөөлнө” хэмээн тодруулсан юм.

Энэ дагуу болон холбогдох газрын шалгалтын дагуу Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Түүнийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажлаас нь чөлөөлжээ.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.