Дэлхийд данстай МОНГОЛ УУЛ УУРХАЙ 95 нас хүрлээ

2017-12-25 Уул уурхай

Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойд:

Монголын эрдэс баялгийн салбар 95 жилийн баялаг намтар туулжээ. Хэдий монголчуудын уул уурхайн хөдөлмөр эрхэлж байсан түүхийг 5000 жилээр тоолсон археологийн баримт бий ч орчин цагийн уул уурхайн салбар үүсч хөгжсөн үе цагаа 1922 оноос эхлүүлдэг. Монгол оронд ардын хувьсгал ялсны дараа Налайхын нүүрсний уурхайг улсын болгох Ардын засгийн шийдвэр гарсан өдрийг эдүгээ Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжих суурь тавигдсан буюу уурхайчдын баярын өдөр хэмээн ёслон тэмдэглэсээр иржээ. 

Яг одоо тус салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярын хурал болж байна. Хүндэт зочдын индэрт салбарын сайд Д.Сумъяабазар, дэд сайд Д.Загджав, Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нар болон УИХ-ын гишүүд, салбарын эрдэмтэн мэргэд, үе үеийн уурхайчдын төлөөлөл уригдан оролцож байна.

Хурлыг нээж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Манай уул уурхайн салбар эдийн засгийн тэргүүлэх салбар болон хөгжиж, экспортын нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувь, улсын төсвийн орлогын 25 хувийг тус салбар дангаараа бүрдүүлж байна” хэмээв. Мөн уул уурхай бол нийгмийн дэмжлэг, хөрөнгө оруулагчдын итгэл дээр тогтдог эмзэг салбар бөгөөд салбарын бодлого чиглэлийг зөв тодорхойлох, эрх зүйн орчныг ойлгомжтой, тогтвортой байлгах, мэдээллийн ил тод байдлыг хангах, иргэд олон нийтэд зөв ойлголт өгөх, бүх түвшинд нээлттэй хамтран ажиллах нь чухал болохыг онцоллоо.

Энд нэг зүйл онцлоход, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар томилогдсон өдрөөсөө эхлэн салбарын хариуцлага, урамшуулал, даатгалын тогтолцоог бий болгох, эдийн засаг үйлдвэрлэлийн тогтолцоог төгөлдөржүүлэх, бодлогын технологийн тогтолцоог нэвтрүүлэх гэсэн үндсэн таван чиглэлээр ажлаа эхлүүлсэн. Мөн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх боломжтой үйлдвэрийн төслүүдэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлсэн юм. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, төрийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах, тусгай зөвшөөрөл эзэмшигч, хөрөнгө оруулагч нартай нээлттэй хамтран ажиллах зарчмыг баримтлан ажиллаж байгаа нь салбарынханд таатай байгааг энэ үеэр зочид илтгэлдээ хөндөж байсан юм.

Тэгэхээр Монгол эх орны улс төр, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийн түүхтэй 95 жилийн түүх салшгүй холбоотой. Монголын уул уурхайн түүх бол социалист системтэй, цор ганц хойд хөршийнхөө түүхий эдийн эрэлтийг хангагч орноос эрдэс баялгийн нөөц боломжоор дэлхийн анхаарлыг татсан, асар их потенциал бүхий орчин цагийн уул уурхайн орон болсон түүх юм. Гэхдээ социализмын он жилүүдэд олон зуун ашигт малтмалын ордыг нээн хэдэн арваар нь ашиглалтад оруулж, үндэсний мэргэжилтнүүдийн бүхэл бүтэн арми  бэлтгэгдсэнийг мартаж болохгүй. Тэр л цагт нээн илрүүлсэн томоохон орд газрууд хөрөнгө оруулалт татан, эдийн засгийн эргэлтэд орж, үр шимийг нь өнөө цагт хүртэх үндэс болсон гэдгийг тус салбарын буурал эрдэмтэд ойн хурлаараа санал нэгтэй хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл,  95 жилийн түүхэн энэ мөчлөгт сүүлийн 27 жил онцгой байр суурьтай байсан аж. Хөгжлийн шинэ бодлогоор урагшилсан нэн сонирхолтой цаг үе билээ. Ерээд оноос хэрэгжүүлсэн чөлөөт эдийн засгийн систем эрдэс баялгийн салбарт цоо шинэ дүрмийг тогтоосон. Монгол Улс гадны хөрөнгө оруулагчид, уул уурхайн компаниудад үүд хаалгаа цэлийтэл нээсэн юм. Дотоодын хөрөнгө оруулагчдаа ч дэмжин, бизнесийн ямар үйл ажиллагаа эрхэлдгээс үл хамааран дурын компани, хувь хүнд хүссэн эрдэс баялгаа хайх, олборлох тусгай эрхийг чөлөөтэй олгож эхэлсэн. Гадны хөрөнгө оруулалт татах нээлттэй хаалганы бодлого өрөмдөх газар хайсан асар олон компанийг дэлхийн өнцөг булан бүрээс Монгол руу хошууруулав. Боломжийг ашиглан олон уул уурхайн компани Монголд орж иржээ, бас эргээд гарчээ. Энэ хугацаанд Монголын эрдэс баялгийн салбар хүрзнээс өөр зэвсэггүй хувь нинжа нараас эхлээд дэлхийн түвшинд хүрсэн үндэсний шилдэг компаниуд, хүчин чадал, нөөц баялаг, техник технологиороо дэлхийд гуравт эрэмбэлэгддэг Оюутолгойн уурхайтай болжээ.  Энэ бол буурал түүхтэй тус салбарын хамгийн том ололт байлаа.

Баярын хурлын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар баярын мэндчилгээ илгээв. Мөн энэ үеэр салбарын шилдэгүүдэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.

… Өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбар Монгол Улсын хөгжлийн тулгуур багана болж, эдийн засагт гүйцэтгэх үүрэг нь асар их өргөжин тэлснийг цөөн тоо баримтаас харж болно. 2017 оны эхний 11 сард 43.5 сая тн нүүрс, 1.2 сая тн зэсийн баяжмал, 5.2 мян.тн молибдений баяжмал, 19 тн алт, 7 сая баррель газрын тос, 7.3 сая тн төмрийн хүдэр, 3.4 сая тн төмрийн баяжмал, 129 мян.тн хайлуур жонш, 77 мян.тн цайрын баяжмал үйлдвэрлээд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад алт 7 хувь, молибдений баяжмал 14 хувь, төмрийн хүдрийн баяжмал 64 хувь, нүүрс 44 хувь өссөн дүн юм. Мөн улсын төсөвт 1.4 их наяд төгрөг төвлөрүүлээд байгаа нь 2016 оны дүнгээс 2.1 дахин өссөн үзүүлэлт юм.

Мөн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдсэн геологийн шаталсан судалгаа, эрэл, хайгуулын ажлын үр дүнд 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1100 гаруй орд, 10000 орчим илрэл, олон мянган эрдэсжсэн цэгийг тогтоож, 2017 оны байдлаар 57 сая тонн зэс, 37.2 тэрбум тонн нүүрс, 1.2 тэрбум тонн төмрийн хүдэр, 2500 тонн алт, 1.7 сая тонн цайр, 48.3 сая тонн хайлуур жонш, 197 мянган тонн уран, 332.6 сая тонн газрын тосны баталгаат нөөцийг бүртгээд байна.

Салбарын яам 95 жилийн ойн хүрээнд 4 бүсийн чуулга, уулзалт, салбарын “Нээлтэй хаалганы өдөрлөг”, бодлогын зөвлөгөөн зэрэг томоохон арга хэмжээг үе шаттай зохион байгуулсан нь салбарын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, цаашдын зорилтоо тодорхойлоход чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

Засгийн газраас уул уурхайн салбарын эрх зүйн орчныг сайжруулах замаар ил тод, хариуцлагатай уул уурхайгхөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, түүхий эд бэлтгэгч орноос нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон болох зорилт тавин ажиллаж байна.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.