УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаатай ярилцлаа.
2019 ОНД ГУРВАН ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭЖ БАЙГАА СУРГУУЛИУД ХОЁР ЭЭЛЖИНД ШИЛЖИНЭ
-2018 оны төсөв батлагдсан учраас ирэх онд тоймтой ямар ажил хийгдэх вэ?. Бусад салбаруудтай харьцуулахад хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүллээ?
-Монгол Улс эрчимтэй хөгжлийнхөө гараан дээр ирсэн атлаа хурдлахгүй, удаашралтай байгаагийн гол шалтгаан нь хүнээ хөгжүүлэх, боловсролоо дэмжих, өв соёлоо дээдлэх, шинжлэх ухаанаа хөгжүүлж, тэргүүний техник-технологи, инновацийг нэвтрүүлэхдээ хойрго хандаж ирсэнтэй шууд холбоотой гэж би боддог. Тийм болохоор Монголын төр засаг харамлах ёсгүй зүйлдээ гар татахгүйгээр хөрөнгө оруулж, тулгамдсан асуудлыг зоримог шийдэх хэрэгтэй юм.
Сүүлийн 20 гаруй жилд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын төсвийн бүтцэд шинжилгээ хийж үзэхэд төсвийн ихэнх хувь нь урсгал зардал, байшин барилга, засвар үйлчилгээнд зориулагдаж ирсэн байна. Салбаруудынхаа төсвийн бүтцийг зөв болгож, хүн рүү чиглэсэн оюуны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, шинжлэх ухааны бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, багшийнхаа чадамж, мэргэжлийн ур чадварыг дээшүүлэх, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
2018 оны улсын төсөв хэлэлцэж байхад энэ бүх хэрэгцээ шаардлагууд байгааг сайн хэлж, хэлэлцүүлсэнний үр дүнд УИХ-аар боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сангийнхаа төсвийг тодорхой хувиар нэмэгдүүлж чадсандаа баяртай байгаа. Чамлахаар чанга атга гэдэг. Энэ хөрөнгийг ирэх жилд оновчтой зарцуулах нь чухал юм. Сайдын багцад байгаа төсвийг багш нараа чадавхжуулах, давтан сургах, хүүхдэд ээлтэй сургалтын орчинг бий болгох, соёл урлагийн байгууллагуудаа дэмжих, нийтийн биеийн тамир спортыг дэмжих, шинжлэх ухааны шинэ бүтээл, оновчтой санал санаачлагыг дэмжихэд чиглүүлж зарцуулна.
Би нэг тоог жишээ татаад хэлчих үү.
-Тэг л дээ?
– 2012 онд 7 сургуулийн 1,761 сурагч гурван ээлжээр хичээллэдэг байсан бол 2016 онд 32 сургуулийн 8,755 хүүхэд оройн цагаар хичээллэдэг болсон байгаа юм. Үүний 5,145 хүүхэд нь I-III ангийнхан. Тийм балчир насныхныг харуй бүрий болтол гуравдугаар ээлжээр хичээлүүлэх нь олон сөрөг дагавартай.
Олон жил шийдэж чадаагүй сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдлыг У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар цогцоор нь шийдэхэд анхаарч байна. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анх удаа боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлж, энэ салбарт үүсээд байгаа асуудлуудыг шийдэх зоримог алхамыг хийж байна.
Ирэх онд боловсролын салбарт 1 их наяд, 632.3 тэрбум төгрөг зарцуулна. Ингэснээр улсын хэмжээнд шинээр болон он дамжсан 82 сургуулийн барилгыг барьж ашиглалтанд оруулна. Үүний үр дүнд сургуулиуд гурван ээлжгүй хичээллэх бүрэн боломжтой гэж тооцоолж байна. 2019 онд гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиуд хоёр ээлжинд бүрэн шилжинэ.
Боловсролын салбарт ирэх хоёр жилд “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, улсын хэмжээнд 127 цэцэрлэгийн барилгыг барина.
“Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд Улаанбаатар хотын огт цэцэрлэггүй 25 хороонд цэцэрлэгийн асуудлыг улсын төсвийн хөрөнгөөр иж бүрнээр шийдэж байгаа. Бас цэцэрлэгийг бүрэн камержуулна.
Мөн Азийн хөгжлийн банкны 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төсөл, БНХАУ-ын Засгийн газрын 300 сая юанийн буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр 2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг барьж ашиглалтад оруулах замаар боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлнэ. Энэ бүхний үр дүнд эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж толгойны өвчин болж, сугалаанд азаа туршдаг байдлыг төгсгөл болгож, Монголын ирээдүй болсон үр хүүхдүүд маань цэцэрлэг, сургуулийн таатай сайхан орчинд сурч боловсрох болно.
-Оюутны зээлийг ямар хугацаатай олгох вэ?
-МАН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө оюутны зээлийн санг байгуулж, оюутны сурч боловсрох боломжийг нэмэгдүүлэх амлалтыг өгсөн. Засгийн газар мэдлэг бүтээхийн төлөө байгаа хүүхэд, залуучуудаа дэмжиж ажиллана. Оюутанд сурч мэргэжил эзэмшихэд нь зориулж боловсролын зээл олгоно. Арилжааны банкаар бус Боловсролын зээлийн сангаар дамжуулан чирэгдэл багатай, эргэн төлөх хугацаа урт зээлийг оюутанд олгоно. Тухайн суралцагч сургуулиа төгсөөд 5-10 хүртэлх жилийн хугацаанд мэргэжлээрээ ажил, хөдөлмөр эрхлэх явцад бүрэн төлж барагдуулах бололцоотой байхаар шийдвэрлэж байгаа. 2018 онд нийт 75 тэрбум төгрөгийг оюутны хөгжлийн зээлд зарцуулахаар төсөвлөсөн.
Нөгөө талаар төрөөс ийнхүү оюутан, залуусыг сурч, хөгжихөд нь дэмжлэг үзүүлж байгаа хэдий ч бид тэрхүү дэмжлэгийнхээ үр дүнг давхар хянаж, дүгнэж байх ёстой. Дөрвөн жил цаг зав, хөрөнгө мөнгөө зарцуулж буй оюутнуудыг чадвартай боловсон хүчин болгож бэлтгэхгүй бол дээд боловсрол эзэмшсэн дипломтой ажилгүйчүүд олшрох байдал буурахгүй.
2018 онд нийт 75 тэрбум төгрөгийг оюутны хөгжлийн зээлд зарцуулахаар төсөвлөсөн.
Дэлхийд өрсөлдөх чадвартай, дотоодын зах зээлдээ эрэлт хэрэгцээтэй, уул уурхай, шинжлэх ухаан, технологи гээд салбар бүрийн нарийн мэргэжлийн боловсон хүчин болон мэргэжлийн, хөрвөх чадвар бүхий мэргэжилтэнг бэлтгэх нь маш чухал байгаа юм. Энэ чиглэлд их, дээд сургуулиуд маань бодлогоо чиглүүлж, сургалтын агуулга, стандарт, чанараа ахиулах шаардлага тулгарч байна. Үүнийг бодлого боловсруулж байгаа шийдвэр гаргагчид ч анхаарья, хэрэгжүүлж буй их, дээд сургуулиуд маань ч анхаарья.
-Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төсвийг нэмэгдүүлэхээр эмэгтэй гишүүд нэгдээд бичиг өргөн бариад байсан. Шийдүүлж чадсан уу?
-Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, З.Нарантуяа бид нар нэгдэж, 2018 оны төсөвт хүүхэд хамгааллын үйлчилгээний зардалд таван тэрбум төгрөг нэмүүлэхээр Төсвийн ажлын хэсэгт албан бичиг хүргүүлж, асуудал тавьснаар 2018 оны төсөвт 6.5 тэрбум төгрөг болж батлагдсан. Хүүхэд харах үйлчилгээг стандарттай болгож, чанарт анхаарч ажиллана.
Манай улсад хүүхэд харах, хамгаалах үйл ажиллагаа явуулдаг 136 төв байгаагийн 132 нь олон улсын байгууллага, гадаадын төрийн бус байгууллагын санхүүжилттэй. Дөрөвхөн нь улсын төсвөөс санхүүжилт авдаг. Гадаадын хөрөнгө оруулалтын цаана ний нуугүй хэлэхэд шашны чиглэлийн үйл ажиллагаанууд байгааг үгүйсгэх аргагүй шүү дээ. Үр хүүхдүүдийг маань өсч торниж, төлөвшиж байгаа үед нь гадны шашны урсгалаар тархийг нь цэнэглэбэл яах билээ. Тиймээс төр засаг хүүхдийн сайн сайхны төлөө хүлээх үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, бодлогоор дэмжих учиртай.
Өмнөх жилүүдэд хүүхэд хамгааллын зардалд хоёр тэрбум төгрөг төсөвт тусгаж, 95 хувийг нь хүүхэд хамгаалах чиглэлийн төрийн байгууллагуудын ажилтнуудын цалинд зарцуулж, үлдсэн тавхан хувийг хүүхэд хамгааллын үйлчилгээнд зарцуулдаг байсан юм билээ. Үүнийг үндсээр нь өөрчилж байгаа.
-Та түрүүн хариуцаж байгаа салбаруудынхаа төсвийг нэмэгдүүлсэн гэж дурдсан. Соёл, шинжлэх ухаан, спортын салбарт ямар ахиц гарсан юм бэ?
-Зөвхөн боловсролын салбар гэж туйлшралгүй соёл, спорт, шинжлэх ухааны салбаруудын хөгжлийг сайн төлөвлөж, ижил жигд түвшинд авч явах нь миний үүрэг. Дэргэдээ сайдын зөвлөл, бодлогын зөвлөл ажиллуулна. Биеийн тамир хөгжүүлэх санд өнгөрсөн жилд 1 тэрбум төгрөг баталсан юм билээ. 2020 оны олимп болох хугацаа ойртож байхад манай тамирчид бор зүрхээрээ оролцоод ирэг, амжилт гаргачихдаг юм гээд тоомжиргүй хандаж болохгүй. Спортын ялалт амархан ирдэггүй. Тамирчны тэвчээр, бэлтгэл сургуулилт, дасгалжуулагчийн нөр их хөдөлмөр, багийн зүтгэлээс гадна төр засгийн дэмжлэг, хөрөнгө хүчний туслалцаа зайлшгүй хэрэгтэй шүү дээ. Тийм болохоор л улс орнууд олимп дуусаад маргаашнаас нь л дараагийн олимпт бэлдэж эхэлдэг гэдэг юм билээ.
Спорт нь хүүхдийг зөвхөн эрүүл чийрэг байлгахад нөлөөлдөг бус, сэтгэхүйн хувьд ч тэвчээр хатуужилтай, ухаалаг болгодог гэдгийг шинжлэх ухаан нотолчихсон. Нийгмийн аль ч хэсэгт хамгийн хүчтэй нөлөөлж чаддаг зүйл бол спорт гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Том утгаараа спорт бол ард түмнийг эвлэлдэн нэгтгэж чаддаг агуу их хүч. Хэрвээ 2020 оны олимпт манай тамирчид одтой, амжилттай байх чадвал Монгол хүүхдүүдийн үлгэрлэн дуурайх, спортоор хичээллэх хүсэл зоригийг улам л бадраана шүү дээ. Энэ үүднээс асуудал тавьж, биеийн тамир спортын бодлогыг дэмжих талаар ярилцаж, төсөв 2.1 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байгаа.
Шинжлэх ухааны салбарт Монголын төр онцгойлон анхаарах ёстой. Тогтвортой хөгжлийн тухай ярих гэж байгаа бол эхлээд шинжлэх ухаанаа, эрдэмтэн судлаачдаа дэмжих, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээс өөр гарц байхгүй. Энэ жилийн хувьд огцом нэмэгдэж чадаагүй ч шинжлэх ухааны зардал 3.5 тэрбум төгрөг болж өссөн байгаа. Их сургуулиудын эрдэм шинжилгээ, судалгааг шинэ шатанд гаргах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судлаачдыг бэлтгэх ажил маш чухлаар тавигдаж байна.
2024 он гэхэд Монголоос 4 их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд оруулах зорилтыг өмнөх Засгийн газар дэвшүүлээд ажиллаж байсан бид түүнийг нь үргэлжлүүлэн ажиллаж байна. Тиймээс их, дээд сургуулиудаа бодлогоор дэмжих, төрөөс хөгжилд хөтөлсөн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар онцгой анхаарал хандуулах болно.
Хөгжингүй орнуудын туршлагаас харахад их, дээд сургуулиуд зөвхөн сургалт явуулдаг биш судалгаа шинжилгээний ажлын үр дүнгээ үйлдвэрлэлд нэвтрүүлдэг болсноор сургалт-судалгааны их сургуулиас судалгаа-сургалт-үйлдвэрлэлийн гэсэн хэв шинжид шилжсэн дүр зураг харагдаж байна. Тиймээс бид их, дээд сургуулиудыг зөвхөн сургалт дагнасан байдлаар хөгжүүлэхэд чиглэсэн уламжлалт бодлогоо эргэн харах цаг болсон гэж үзэж, дүгнэж байгаа.
Мөн түүнчлэн ШУА-ийг өөрийн гэсэн байртай болгож, академийн харьяанд ажиллаж буй шинжлэх ухааны хүрээлэнгүүдэд бие даасан орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан орчныг бүрдүүлэхэд анхаарах шаардлагатай байна. Ийм орчинг бүрдүүлж чадвал эрдэмтэд маань хүн төрөлхтөний хөгжлийн уриа болгосон шинжлэх ухаан, технологи инновацийн хөгжлийг буухиалан авчирч чадна гэдэгт эргэлзэхгүй байна.
БСШУСЯ ГҮҮР НЬ БАЙНА
-Шинжлэх ухааны салбараа үл тоосон үндэстэн хөгждөггүй. Багш, эрдэмтэн, инженер, аграномич, технологийн нарийн мэргэжилтнүүдийнхээ оюуны бүтээгч чадварыг ашиглаж чадахгүй байна шүү дээ?
-Ойрын үед, дунд хугацаанд, алсдаа буюу 20 жилийн хугацаанд шинжлэх ухааны салбар ямар стратеги барьж хөгжих вэ гэсэн концепци боловсруулах ажлын хэсэг байгуулна. Олон салбарын эрдэмтэн, судлаачдыг оролцуулна. Ерөнхийдөө бодлогын концепци тодорхой болж, бодлогын баримт бичиг гараад ирэхээр боловсон хүчнээ ямар байдлаар ажиллуулах, хэр хэмжээний төсөв хөрөнгө шаардагдах, хэрхэн хөгжүүлэх дүр зураг тодорхой болно.
Шинжлэх ухаан технологийн сангийн үйл ажиллагаанд зориулалтаар хуваарилагдаж байгаа хөрөнгийг бид нар үр дүнтэй ашигладаг зөв хандлагад суралцах хэрэгтэй байна. Хэн нэгэн дарга даамал эсвэл танил талынхаа хүнийг дэмжээч гэхээр цохолт хийж өгдөг биш ямар үр өгөөжтэй судалгаанд, ямар шилдэг бүтээлд хөрөнгө хуваарилах вэ? гэсэн шалгууруудыг маш тодорхой болгож, түүнийгээ хэрэгжүүлж байж шинжлэх ухааны салбар босч ирнэ гэж харж байгаа.
Мөн шинжлэх ухааны салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шинжлэх ухааны олон салбарт хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд их, дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагууддаа манай яам гүүр болж ажиллана.
-Монгол үндэстний даяарчлалын эринд оршин тогтнох дархлаа нь яах аргагүй өв соёл. Гээгдсэн салбараа ирэх жилүүдэд хэрхэн өөд татах бол гэдэг нь сонирхол татаж байна л даа?
-Соёл урлагийн салбарт төрөөс хэрэгжүүлж ирсэн бодлогын залгамж чанар сүүлийн 20 гаран жилийн хугацаанд алдагдсан. Манай уран зургийн галерей гэхэд л түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Хадгалалтын стандартад нийцсэн зориулалтын сан хөмрөгийн өрөөгүй гээд бүгдийг тоочоод байвал олон л асуудал хөвөрнө. Хэдийгээр төр засгаас улсын сан хөмрөгийг баяжуулахад тодорхой хэмжээгээр анхаарч байгааг үгүйсгэж болохгүй ч, уран бүтээлчдээ үнэлэх үнэлэмж нь үнэхээр доогуур байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй ээ.
Соёл урлагийг дэмжих сан өмнө нь нэг тэрбум төгрөгийн төсөвтэй байсан бол энэ жил 2.1 тэрбум болж нэмэгдсэн байгаа. Үүнийг бид хүүхдийн кино, монгол контентыг дэмжих чиглэлд зарцуулна. Сүүлийн жилүүдэд гадны соёл маш ихээр түрж орж ирэх боллоо. Телевизийн олон ангит уран сайхны кино, хүүхэлдэйн кино ихэнхдээ гадны контент байна. Өнөөдөр хор уршиг нь анзаарагдахгүй байж болно.
20 жилийн дараа монгол залуучууд өв соёлоо ч мэддэггүй, харь орны сэтгэлгээтэй болчих вий гэсэн болгоомжлол төрдөг юм. Өв соёл гэдэг гурван цагийн хэлхээс дунд тасрашгүй тэжээгдэж, хөгжиж байж, монголчуудын даяарчлалын эринд тэсч үлдэх дархлаа нь болно шүү дээ. Монголын өв, соёлыг Юнескод бүртгүүлснээр устахгүй гэх баталгаа байхгүй, тэр соёлоо тээгчдээ дэмжих, биет болон биет бус өвүүдийг хамгаалах, өвлүүлэх, цаг үеийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхэд бодлогоор дэмжих нь бидний хийх ажил гэж ойлгож байна.
-Дунд сургуулийн сурах бичгийн чанарын талаар иргэд их гомдолтой байх юм. Агуулгын хувьд ч, мөн дүрмийн алдаа их байна гэж шүүмжилдэг. Бас уран зохиолын хичээлийг бага ангийн хөтөлбөрөөс хассныг эргэж харах уу?
-Ерөнхий боловсролын сургуулийн бүх сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх үйл ажиллагаанд цогц байдлаар дүн шинжилгээ хийнэ. Даяарчлагдаж байгаа дэлхий ертөнцөд Монгол хүн Монголоороо үлдэх тэр дархлаа бол соёл урлагийн бодлогоор дамжиж үлддэг. Тийм учраас цэцэрлэгтээ ямар монгол дуугаа дуулж сурах, дунд сургуульдаа ямар уран зохиолын ном уншсан байх гэх мэтчилэн сургалтын хөтөлбөр, сургалт нь соёлынхоо бодлоготойгоо хамт явж байх ёстой.
Нэг зүйл тодруулж хэлэхэд, дөрөвдүгээр ангид уран зохиолын хичээл ордог байсныг бүтэн гурван жил алгасаад 7-р ангиас нь ордог болоод хэдэн жил болсон байна. Яг уншиж сурах, сууж сурах, ойлгож сурах насанд нь Монголынхоо уран зохиол, үндэстнийхээ тэр уламжлагдаж ирсэн домог түүх, үлгэрийг хүүхдүүддээ уншуулж, ухамсар, сэтгэхүйд нь үлдээх ёстой байтал орхигдуулсан. Үүнийг засч өөрчлөхийн төлөө ажиллана аа.
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАНА
-Шинээр олон сургууль, цэцэрлэгийн барилга барихаар хөрөнгийг шийджээ. Гэхдээ зураг төслийн боловсруулалт, тендерийн маргаан, ажлыг хойшлуулах зэргээс болоод хугацаа алддаг. Энэ байдлыг яаж шийдэх вэ?
– Үр дүнтэй, хариуцлагатай, зохион байгуулахын тулд би яаман дээрээ тендэр зарлаад, зохион байгуулаад байя гэж бодохгүй байгаа. Орон нутагт нь маш хариуцлагатайгаар эрхийг нь шилжүүлээд тендерийг ил тод, нээлттэйгээр сонгон шалгаруулж барилгын ажлыг зэрэг эхлүүлэхгүй бол цаг хугацааны хувьд хэрэгжүүлэх боломжгүй болно. Төсөв, бичиг цаасны ажлыг нь өвөл 12, 01-р сард хийгээд хавар барилгын ажлыг цаг алдахгүй эхлүүлье гэсэн чиг барин ажиллаж байгаа. Зураг төслийг бүгд өөр өөрөөр хийнэ гэж хөрөнгө зарлагадаж, хугацаа алдахгүйгээр шийдэх гарц байгаа. Нэг стандартаар, нэг зураг төслөөр сургууль, цэцэрлэгийг баривал зураг төсөлд зарцуулах хөрөнгийг хэмнэх боломж бий.
Саяхан Жайка олон улсын байгууллагын суурин төлөөлөгчтөй уулзахад Монголын газар, хөрсний шинжилгээг японы инженерүүд ирж хийгээд зургийг нь гаргаад өргөтгөл, шинэ сургууль барих гэж байна. Тэгвэл тэр зургийг яагаад авч Улаанбаатар хотод баригдах сургуулиудад ашиглаж болохгүй гэж. Магадгүй хөдөө орон нутагт газар, хөрсний хувьд өөрчлөлт гарч, шинэчлэх шаардлага гарахыг үгүйсгэхгүй. Тийм нөхцөл байдал үүсвэл шуурхай шийдэж, мэргэжлийн хүмүүсийг дайчилж хийлгээд явах бололцоо бий шүү дээ. Боловсролын салбарт хийх хөрөнгө оруулалтыг үр ашигтай, хугацаа алдахгүй, зөв зохион байгуулалттайгаар шийдэхэд маш чадварлаг баг ажиллах нь чухал юм.
-Та сайдаар томилогдохоосоо өмнө халаа сэлгээ хийнэ гэдгээ зарласан. Гэтэл өнөөг хүртэл таг чиг. Хэрэгжүүлэхээ больж байгаа юм уу?
– Хална гээд үзэгний үзүүрээр хүний хувь заяагаар тоглох асуудал бишээ. Би нэг зүйлийг Боловсролын салбараас эхлүүлье гэж бодож байгаа. Яамныхаа ажилтнуудын дунд аттестачлал явуулна. Аттестачлал явуулах журмаа батлаад 12-р сараас хэрэгжүүлнэ. Ажлын байран дээрээ тэнцэж байгаа нь үлдээд, тэнцэхгүй байгаа хүний оронд нээлттэй сонгон шалгаруулалт зарлана. Энэ шалгуураар мэргэжлээрээ ажиллах чадварлаг хүмүүс яаманд орж ирнэ гэдэгт итгэж байгаа. Би хэн нэгэн танил хүнээрээ энэ яамыг дүүргэхгүй ээ.
Өнгөрсөн хугацаанд манай яамтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг ЭСЯ, Олон улсын байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Бүгдийнх нь амнаас нэг л үг сонсч байна. Яамны ажил дэндүү удаан, ажил явдаггүй гэцгээж байна. Хятадын буцалтгүй тусламжаар 7-н сургууль, 1 цэцэрлэгийг өнгөрсөн жил барих байсан. Бүтэн жил тендэрийн хороо, үнэлгээний хороон дээр асуудал үүсээд явуулаагүй байх жишээний. Би сая сарын дотор очоод цэгцэлсэн. Хятадын ЭСЯ-наас уулзаад та үнэхээр жил яваагүй асуудлыг сарын дотор шийдлээ, баярлалаа, одоо бид энэ мөнгөө алдахгүйгээр ажиллана гэж байна. Учир нь ашиглаагүй мөнгийг оны сүүлээр буцаан таталт хийдэг, хайран биз дээ.
Төрийн байгууллагын хүнд суртлаас болоод цаана нь өчнөөн хүүхэд шинэ сургууль, цэцэрлэгтэй болох боломжоо алдана гэдэг дэндүү харамсалтай шүү дээ. Төрд ажиллана гэдэг түмний төлөө үйлчлэхийг хэлдэг болохоос ямбалж, ажлыг гацаахыг хэлэхгүй ээ. Ганцхан Хятадын ч биш, бусад олон улсын байгууллагуудын хамтарч хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр дээр үнэхээр ажил нь явдаггүй, тендэрийн үнэлгээний хороо нь ажлаа хийдэггүй, зөвлөмж өгөөд байхад нь засч сайжруулдаггүй байдал олон гарсан байсан. Тэр зөвлөмжийн дагуу шуурхай шийдэх зүйл байвал хийгээд л явах ёстой. Би төрд олон жил ажилласан. Хэн сайн ажиллаж байна, хэн нь чадахгүй байна гэдгийг гадарлана аа.
ЖУРМАА БОЛОВСРУУЛААД БАГШ НАРТАЙГАА ЯРИЛЦАЖ ШИЙДНЭ
-Таныг ажлаа авахад багш нар цалингаа нэмүүлэхээр тэмцээд эхэлчихсэн байсан. Багш нартай юун дээр тохирсон болоод ажил хаялт зогсов?
-Намайг томилогдож ирэхэд амаргүй л нөхцөл байдал угтсан. Гэхдээ ажлын хүндээс бэрхшээх, асуудлаас зугтаах эрх надад байхгүй. Тийм учраас хамгийн түрүүнд л, томилогдож ирснийхээ маргааш өдөр нь багш нарын төлөөллийг хүлээж авч уулзсан, асуудлыг нь сонссон, ярилцсан. Бараг 21 хоногийн турш л хамт байлаа. Улаанбаатар хотын 122 цэцэрлэг, 78 сургууль ажил хаясан гэдэг чинь бараг 50 хувь нь ажил хаялтад оролцсон гэсэн үг л дээ. Гэхдээ гудамжинд гарч жагсаагүй. Ажлынхаа байран дээрээ ийм нөхцөл байдал үүсч байна гэдэг чинь багш нар үндсэндээ эцсийнхээ арга хэмжээг л авч байгаа хэлбэр.
Төр засаг сонсоосой, анхаарч асуудлыг маань шийдээсэй л гэсэн тэмцлийн арга. Ийм нийгмийн шинж чанартай асуудал үүссэн учраас ажил хаялт зарласан өдөр шууд Ерөнхий сайдтай уулзаж нөхцөл байдлыг танилцуулсан. Үдээс хойш нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, бид хоёр багш нарын төлөлөөлтэй уулзалт хийсэн. Энэ уулзалтыг би маш үр дүнд хүрсэн гэж боддог.
Хэлэлцээр олон хоног үргэлжилсэн ч саяхан шийдэлд хүрч, намайг АСЕМ-ын хуралд яваад ирэхэд 3-н талаас хамтарсан хэлэлцээртээ гарын үсэг зурсан байсан. Цалин, урамшуулалтай холбоотой асуудлыг нь Сангийн яам, ХНХЯ-тай зөвшилцөж нэгдсэн дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд оруулна. Урьдчилсан байдлаар харахад багш нарт сар бүр олгох урамшууллыг нэмэгдүүлэхээр ярилцаж байна. Олон давхардсан журмуудыг цэгцэлж, урамшууллыг ажлаа сайн хийсэн багш 45 хувь хүртэл авах нөхцөлийг бүрдүүлнэ.
Гэхдээ цалин нэмэгдүүлэх болон бусад асуудлыг хойш тавьж болохгүй. Сүүлийн 20 гаруй жилд боловсролын салбарын хүндийг багш нар үүрч ирсэн юм шүү дээ. Тийм болохоор багшийн ажлыг үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх, багш нараа сургах, үнэлгээний систем нэвтрүүлэх, сургалтын орчныг сайжруулах, сурах бичгийн асуудлыг оновчтой шийдэх, гурван ээлжээр хичээлүүлэхгүй байх, нэг багшид ногдох хүүхдийн тоог бууруулах гээд олон талаас нь судалж, ерөнхий зураглал гаргаж байгаа. Зөвхөн цалингийн асуудлыг шийдчихвэл сайхан болчихно гэвэл дэндүү өрөөсгөл болно.
Ингэж цогцоор нь харж, төлөвлөлт гаргаснаар аль нь нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай вэ? гэдэг зарчмаар дараалал тогтоож, 2018 оны сайдын багцад хуваарилагдсан төсвөөс тулгамдсан ямар асуудлаа түрүүнд нь шийдэх үү гэдгээ тодорхой болгож байгаа. Тодруулж хэлбэл, 21 хоног хамтарч ажилласны үр дүнд багш нарынхаа оролцоотойгоор өөрсдийнх нь асуудлыг шийдэх дүр зургаа гаргалаа гэсэн үг.
-Цалин нэмэхгүй гэсэн үг үү?
-Улс орны эдийн засаг, төсвийн нөхцөл байдал, ОУВС-ийн шаардлагаас үүдээд 2019 он хүртэл төрийн албан хаагчдын цалинг нэмэх боломжгүй байгаа. Төрийн албан хаагчдад үр дүнгийн урамшуулал олгоход зориулан энэ жил 56.2 тэрбум төгрөг төлөвлөсөн. 2018 онд ч энэ урамшуулал үргэлжилнэ. Хэлэлцээрт тусгаснаар багш нарт олгох үр дүнгийн урамшууллын хувь хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
-Багшийн хөгжлийн тухай хуулийг төслийг хэлэлцэж байгаа. Энэ хууль батлагдвал ямар боломж нээгдэх юм бэ?
-УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран “Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл” сэдэвт хэлэлцүүлгийг төрийн ордонд саяхан зохион байгуулсан. Бид хуулийнхаа үзэл санааг тойрон ярилцаж багшийн хөгжлийн хууль гэх үү, багшийн хөгжлийг дэмжих хууль гэх үү гэдэг дээр цаашид бодолцох асуудлууд нэлээд бий. Хөгжлийг хуульчлах асуудал байж таарахгүй байх. Хөгжлийг дэмжсэн эрх зүйн орчин, зохицуулалт зайлшгүй. Энэ утгаар нь багшийн хөгжлийг дэмжих хууль гэдгээр цаашид хуулиа нэрлэж, концепцийг нь гаргаад явах нь зүйтэй гэж үзэж байгаа.
Монгол улсын хэмжээнд 35 мянган багш байна. Багш хүн өдөр бүр хөгжиж байх ёстой. Энэ хуулийн хүрээнд сургууль, цэцэрлэг бүр дээр багшийн хөгжлийн төв байгуулах юм. Сайн багшаас сайн сурагч төрнө гэсэн зарчмыг үндэслэн үнэлгээний шинэ журмыг боловсруулж байгаа. Үнэхээр ажлаа сайн хийж байгаа бол өндөр цалин өгье. Шаардлага хангахгүй байгаа бол цалин хөлстэй нь хариуцлага тооцох зарчим барина.
Нэг багш 60 хүүхдэд хичээл зааж байна. Хуулийн төслийг баталбал багшийн мэргэжлээр суралцаж байгаа төгсөх ангийн оюутнуудыг туслах багшаар ажиллуулах боломж бүрдэнэ. Туслах багштай байна гэдэг олон улсын жишиг юм.
-Үнэлгээний системийн талаар тодруулахгүй юу?
– Сүүлийн 20 гаруй жил багш нарын хөдөлмөрийг шударгаар үнэлэх сайн систем байсангүй. Багшийн ажлыг үнэлдэг тогтолцоог бий болгохын тулд журмаа боловсруулж багш нартайгаа ярилцаж байж шийднэ. Багш ур чадвараа сайжруулж, суралцагчдын сурлагын амжилт дээшлэх тусам өндөр урамшуулал авдаг болбол боловсролын тогтолцоонд ч чанарын ахиц гарна гэж тооцоолж байна.
9 хүүхэд байна уу, 15 хүүхэд байна уу хамаагүй, үнэхээр л багш сайн ажиллаж, хүүхэд сурах ёстой зүйлээ сурч байвал үнэлгээг нь өгч, тэр багшид мэргэжлийнх нь урамшууллыг нэмж өгье. Хүүхэд цөөн гэдгээр цалин, урамшууллыг нь хасч болохгүй гэсэн зарчим барьж байгаа.
Нэг талаараа багшийн ажлын үнэлгээг нэмэгдүүлж, сургалтын орчныг сайжруулахын зэрэгцээ багш хүн хариуцлагатай, ёс зүйтэй байж, хүүхдийг сургахын төлөө сайн ажиллахыг шаардана. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрмийг шинэчилж мөрдүүлнэ. Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтийг чадавхижуулж, багш солилцооны хөтөлбөрийг эрчимжүүлнэ. Саяхан тусгай хэрэгцээт боловсрол буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй харилцдаг багш нарыг Бүгд найрамдах Польш улс, БНСУ-д суралцуулахаар болоод байна. Цаашид багш нараа гадаад орнуудад сургах, мэргэшүүлэхэд анхаарч ажиллана.
Эх сурвалж: Б.Долзодмаа /Өдрийн сонин/
17 цагийн өмнө
19 цагийн өмнө
21 цагийн өмнө
21 цагийн өмнө
Өчигдөр
87386
30526
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.