УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийн талаар бүлгийн гишүүдээс авсан саналыг хэлэлцжээ. Мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал, дүгнэлтээ нэгтгэв. Нэгтгэсэн дүгнэлтийг бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээллээ.
Тэрбээр, “УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд цөөнгүй хуулийн төслүүд байгаа. Тэдгээрээс алийг нь эхний ээлжинд хэлэлцэх вэ, алийг нь хаврын чуулган руу шилжүүлэх үү, эсвэл хууль санаачлагчид нь буцаах уу гэдэг дээр тогтож ярьлаа. Хоёрдугаарт, Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг авч хэлэлцэв. Уг хуулийн төсөл нь 600 гаруй хүний асуудал хөндөгддөг атал таван удаа буцаасан. Тиймээс тус хуулийг ондоо багтаан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Ингэснээр 2019 оны төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгаж, тэдгээр иргэний санал хүсэлтийг бүрэн барагдуулах юм” гэлээ. Үүний дараа сэтгүүлчдэд сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
-Сонгуулийн болон Улстөрийн намуудын тухай хуульд өөрчлөлт орох гэж байгаа. Ямар өөрчлөлт орох гэж байна вэ?
-Энэ асуудлыг өмнө нь бүлгээр авч хэлэлцсэн. Дээрх хоёр хуульд өөрчлөлт хийхийн өмнө УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Улстөрийн намуудын тухай хуулийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт ахалж ажиллана. Өнгөрсөн сонгуулиуд нь сонгуулийн нэг хуулийн хүрээнд болж өнгөрсөн. Тиймээс Ерөнхийлөгчийн, УИХ-ын, Орон нутгийн гэсэн гурван тусдаа хуулийн төсөл боловсруулж, сонгуулийн гурван хууль гаргах хэрэгтэй. Улстөрийн намуудын хуулийг боловсруулахдаа бусад намуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачдыг татан оролцуулна.
-Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд олгох нөхөн олговрын хүрээнд ямар тусламж дэмжлэг олгох вэ. Намрын чуулган хэр чадамжтай чуулган болж байна гэж дүгнэж байна вэ?
-Одоогийн хуулийн төсөлд ямар заалт орсныг мэдэхгүй байна. Гэхдээ хэлмэгдэгсдэд олгох нөхөн олговрыг өмнөх жишгээс бууруулахгүй байх ёстой гэж гишүүд хэлж байгаа. Намрын чуулган нийгмийн хамгааллын чиглэлийн хуулиудыг түлхүү баталж өгсөн.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87371
30441
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.