Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.12.08/ үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг байлаа.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Сүхбат танилцууллаа.
Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар 23.2.1-д заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн хүрээнд төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах болон мөн зүйлийн 23.2.3-т заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч уг асуудлаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрооос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.
Тухайлбал, мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хашаа, байрны эрүүл ахуй, ариун цэвэр, орчны цэвэрлэгээ, сэг, зэм устгал, харвдаргүйтгэл, шилжилт, хөдөлгөөний хяналттай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан байна. Мөн мал, амьтны халдварт өвчин гарсан тохиолдолд түүнийг эрт илрүүлэх, халдварт өвчингүй, тайван байдлыг баталгаажуулах тандалт, шинжилгээ хийх, өвчний сэжиг илэрсэн үед шуурхай арга хэмжээ авах, оношийг баталгаажуулан нийтэд мэдээлэх, хорио цээр, хязгаарлалтын бүс тогтоох, уг бүсэд цогц арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлыг тусгаж, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд оролцогчдын үүрэг, хариуцлагын зааг ялгааг илүү тодорхой болгожээ.
Түүнчлэн мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, бүтэц, тогтолцоо, байгууллагын чиг үүргийг нарийвчлан тодорхойлж, мэргэжлийн хяналтын байгууллага болон мал эмнэлгийн байгууллагаас хэрэгжүүлэх хяналтыг тодорхой болгож заагласан зохицуулалт болон малын эмч, мал эмнэлгийн ажилтны нийгмийн баталгааг хангах зохицуулалтыг төсөлд шинээр нэмж оруулсан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ж.Ганбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
“Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг батлав
Мөн хуралдаанаар “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Ц.Гарамжав танилцууллаа.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хүртэлх хугацааны шилжилтийн үеийн харилцааг зохицуулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, төслийн анхны хэлэлцүүлгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар хийсэн байна. Уг тогтоолын төсөлд хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын болон шилжилтийн үеийн бэлтгэл ажлыг хангах, хуульд заасан захиргааны хэм хэмжээний актыг 2018 оны 06 дугаар сарын 01-ний дотор батлах, холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, 2018 оны 03 дугаар сарын 01-ний дотор УИХ-д өргөн мэдүүлэх тухай асуудлыг тусгажээ.
Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ц.Гарамжав тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ гэж заажээ. Гэтэл орон нутгийн төсөвт түүнийг хэрэгжүүлэх мөнгө байхгүйгээс хууль хэрэгждэггүй. Үүнд анхаарч ажиллах хэрэгтэй хэмээн хэлсэн.
Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах тухай горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин тогтоолыг баталлаа.
“Хүн ам, орон сууцны тооллогын тов тогтоох тухай” болон “Тооллогын улсын комиссыг байгуулах тухай”
УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Үргэлжлүүлээд “Хүн ам, орон сууцны тооллогын тов тогтоох тухай” болон “Тооллогын улсын комиссыг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцууллаа.
Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т Тооллогын товыг ээлжит тооллого явуулах хугацаанаас хоёроос доошгүй жилийн өмнө Улсын Их Хурал зарлах, 13 дугаар зүйлийн 13.2-т Улсын Их Хурал ээлжит тооллого явуулах хугацаанаас хоёроос доошгүй жилийн өмнө Улсын комиссыг Үндэсний статистикийн хорооны санал болгосноор дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар тус тус заасныг үндэслэн Үндэсний статистикийн хорооноос ирүүлсэн санал, түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу “Тооллогын тов тогтоох тухай”, “Улсын комисс байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг Эдийн засгийн байнгын хороо боловсруулж, төслүүдийг 12 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх тогтоолын төслүүдийг дэмжиж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлах нь зүйтэй хэмээн үзжээ.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан, Л.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авсан.
Гишүүд, статистикийн мэдээлэл, бусад төрийн байгууллагын мэдээлэлтэй зөрдөг гэдгийг дурдаад мэдээллийн зөрүүг арилган, статистикийн үнэн зөв мэдээллийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар ямар арга хэмжээ авч байгааг тодруулж байлаа. Мөн тооллогод мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах талаар ч байр сууриа илэрхийлсэн.
Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяагийн хариулснаар, Монгол Улс 10 жил тутамд хүн ам, орон сууцны тооллогыг, таван жил тутам завсрын тооллогыг явуулдаг бөгөөд 2015 онд явуулсан хүн ам, орон сууцны завсрын тооллогыг анх удаа бүртгэлд суурилсан хэлбэрээр явуулсан байна. Цаашид төрийн байгууллагуудын мэдээллийг зөрүүлэхгүй байх үүднээс ЭМЯ, Оюуны өмчийн газартай хамтран ажиллаж байгаа аж. Тухайлбал, төрөх эмнэлгүүдэд дөнгөж дөрсөн хүүхдэд тэр даруйд регистрийн дугаар олгон мэдээллийн санд оруулж эхэлсэн байна.
Гишүүд асууж, хариулт авсаны дараа тогтоолын төслүүдийг батлах тухай санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Ингээд Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогын товыг 2020 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнийн “00” цагаар тогтоон, Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг зохион байгуулж явуулах Улсын комиссыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулан байгууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
17 цагийн өмнө
19 цагийн өмнө
19 цагийн өмнө
21 цагийн өмнө
21 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.