Цэцэрлэгийн багш нарт цалин, үр дүнгийн урамшууллыг журмын дагуу олгодоггүй, цэцэрлэгийн эрхлэгч хахууль авдаг, хувьдаа 24.5 сая төгрөг завшсан гэх мэт маргаан дагуулсан Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн асуудлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт гарчээ.
Тус цэцэрлэгийн асуудлыг хянаж, шалгахаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргалаар ахлуулсан есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажилласан байна.
Ажлын хэсгийн дүгнэлтийн талаар нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл мэдээлэл өгөхдөө “Тухайн цэцэрлэг дээр ажлын хэсэг хоёр хоног ажилласан. Уг шалгалтаар нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсролын улсын ахлах байцаагчийн үнэлгээгээр 129 дүгээр цэцэрлэгт “Их эрсдэлтэй” гэсэн дүгнэлтийг гаргаад байна. Мөн тус цэцэрлэгийн эрхлэгчтэй холбоотой санхүүгийн нэлээд зөрчил илэрсэн. Тодруулбал, багш нарт нэмэгдэл цалин гэж дансанд нь хийгээд, буцааж данснаас татдаг. Мөн эцэг, эхчүүдээс хандив хурааж аваад зориулалтын бусаар зарцуулсан зэрэг санхүүгийн зөрчлүүд гарсан. Зарим асуудлыг үнэн зөвийг тогтоолгохоор холбогдох хуулийн байгууллагад шилжүүлсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль болон боловсролын байгууллагын дүрэм журмыг зөрчиж, ажлын хариуцлага алдсан учраас цэцэрлэгийн эрхлэгчид арга хэмжээ авах нь зүйтэй гэдэг дүгнэлт гаргасан” гэв.
Мөн тэрбээр “Боловсролын байгууллага хууль бус төлбөр хураамж авах хориотой. Гэхдээ хандив авч болно. Хамгийн гол нь тэгшитгэсэн бус сайн дурын үндсэн дээр мөнгө хураан авч болно. Цэцэрлэгт өгсөн хандивын мөнгийг төрийн сан дахь тухайн цэцэрлэгийн дансанд байршуулах ёстой. Тэр данснаасаа гүйлгээ хийж, урсгал засвараа хийх ёстой байдаг. Манайд ирж буй нийт санал гомдлын 4.4 хувийг хууль бус төлбөр хураамж авсан гэдэг гомдол өргөдөл ирдэг. Энэ бол бага тоо биш. Жишээлбэл, нэг ангийн 50 эцэг, эхтэй гэж бодоход эцэг, эхийн хуралд 30-40 эцэг эх ирдэг. Тэгээд хурлаараа тав, 10 мянган төгрөг хураалгахаар шийдвэрлээд багшдаа хураалгачихдаг. Гэтэл хуралд ирээгүй эцэг, эхчүүд өргөдөл бичиж, гомдол гаргадаг байх жишээтэй. Тиймээс тухайн цэцэрлэгийн эцэг, эхчүүдийн зөвлөл идэвхтэй ажиллаж, цэцэрлэгийн урсгал засварын төсвийг хянах хэрэгтэй” гэдгийг хэлж байв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.