Монголчуудын хамгийн том алдаанууд

2017-11-9 Нийтлэл

Гарчиг бол яахав амьтан хүн “энэ туучий юу гэж вэ?” гээд орж ирэхэд зориулсан өгөөш шахам юм. Мэдээж “харьцангуй үнэн гэж байхаас туйлын үнэн гэж байдаггүй” тул юу гэж л би бүх монголчуудыг судлаад биччихсэн байхав дээ. Зүгээр зарим нутаг нэгтнүүдийн маань дунд нийтлэг харагдаад байгаа зүйлсийн тухай л бичих гэсэн юм.

Бидэнд хэнэггүйтэл, биеэ тоох байдал, бүтээмжгүй байдал гурав хамгийн их саад болж байх шиг байна.

Нэгдүгээрт: Хэнэггүйтэл: Би өмнө нь “Дөжирсөн аймхай монголчуудын нэг нь би байна” гээд жаахан улс төржсөн өнцгөөс харсан бичлэг нэгийг хийж байсан. Ерөнхийдөө бид нэг тийм цочроогүй болчихож, болгочихсон ч юм уу? Тэгж гэнэ ээ.. Айййн… Тэгээ юу… гээд л сууж байдаг нөхөд болсон байна.

Манж нар Монголын энгийн иргэдийн дуу хоолойг дарах үүднээс “Төрийн төлөө оготно боож үхнэ” гэсэн ёжтой хэлц үг гаргаж байсан юм гэнэ билээ. Түүн лүгээ өнөөдөр бид бүхнийг тийм ноомой, хүлцэнгүй, аливаа асуудалд ач холбогдол өгдөггүй болгочихсон юм биш биз. Нэг бол бид угийн ийм ард түмэн юм уу?

“За чи ингээд болохгүй байна шүү, энийгээ засаарай”, “ийм ийм алдаа гарах магадлал байна шүү хянаарай”, “ингээд ингээд алдчихсан байна одоо засчихаач”, “ийм ийм зүйлүүд чинь алдаатай тул хүмүүс дургүй байна”, “үүнээс чинь болоод хүмүүс бухимдаад байна”, “түүнээсээ болоод чи хөгжихгүй байна” гэх үгс бол муу санасандаа хэлдэг үгс биш шүү дээ. Сайн санасан хүндээ бас ч гэж хөөрхөн толгойгоо гашилгаж, анхаарлаа хандуулж байж хэлдэг үгс. Гэтэл өнөөх сонсогч этгээд “ммхан их зөв, тун оновчтой хэллээ, тэгэлгүй яахав таны зөв, ёстой өнөөдрөөс л анхаарлын төвдөө авъя” гэх мэтээр хэлдэг ч юм уу, боддог. Тэгээд хэсэг хугацааны дараа мартчихдаг ч юм уу, өөрийнхөө зөв гэж боддогсон уу  бүх зүйл байдгаараа.

Энэ бол бидний хэнэггүйтэл тул танд их танил харагдаж байж мэдэх юм.

Хоёрдугаарт: Биеэ тоох байдал: Энэ тал дээр бол бид дэлхийд хэнийг ч дагуулахгүй дээ. “Тэнгэр заяат монголчууд, бид дэлхийн талыг эзлэж байсан, Монгол хүн хэзээ ч доошоо орохгүй заяатай, зарим нэг улсуудыг модноосоо буугаагүй байхад бид дэлхийг ноёлж байсан, Монгол хүн юмыг асар хурдан сурдаг… бла бла бла” бараг л дэлхийн генетикийн эрдэмтэд монголчуудыг тусгайлан судлууштай юм байх.
Бахархалтай байна гэдэг буруу юм биш л дээ. Тэгэхдээ тэр бахархал яаж бүтсэнийг сайн судлаж байж бахархах хэрэгтэй. Бас тэр бахархлыг унагахгүйн тулд тэдний хэмжээнд агуу зүйлсийг хийхийн төлөө тэмцэх хэрэгтэй байх.

Түүнээс хөлөө жийж суучихаад сайн эцгийн нэрийг гурван мянга худалдаж идчихээд байгаад байх нь ТЭНЭГЛЭЛ юм. Тэр яриад байгаа агуу түүхийн үед Чингис хаан болон тэдний агуу арми хэрхэн нойр хоолгүй явж, ямар хурдтай хөдөлж байж, ямар агуу тулааны аргуудыг хэрэглэж байж, ямар ухаалаг гадаад бодлого баримталж байж, яаж ард үлдсэн иргэдээ марталгүй халамжилж байж тэр их БАХАРХАЛ-ыг бий болгосныг зүгээр л “Монголын нууц товчоо”-г анхааралтайхан нэг уншчихад ойлгох юм.

Түүнээс нэг их тэнгэрийн амьтан байсандаа ч юм уу, тэнгэрт тэтгэгдээд “тусгай төрчихсөн” ард түмэн байсандаа ч бид тэгж хүчирхэгжээгүй юм. Тийм л тэнгэрийн байсан бол Манжийн дарлалд 200 гаруй жил нухлагдахгүй байсан бизээ.

Эргээд биеэ тоох руугаа очъё. Сураач ээ, ажил хийгээч ээ, өөрийгөө хөгжүүлээч ээ, бусадтайгаа хамтраач ээ, хүний сайнаас суралцаач ээ, цаг хугацаагаа хэмнээч ээ, цалин орлогоо нэмэгдүүлээч ээ… гэх мэт олон сайхан зөвлөгөө өгсөн хүний өөдөөс “Би чадна, чадий ш дээ. Чамтай чамгүй мэдэж байна. Тэгээгүй гээд муудсан юм алга. Тэгж ч доошоо орохгүй шүү. Дээдсийн заяа хаячихаагүй бол болж л таараа” гэх ухааны хариултууд өгнө.

Өнөөдөртөө амьдраач ээ, өөрийнхөө төлөө амьдраач. Яг үнэндээ чиний их зан гаргасан гаргаагүй, чиний цээжээ балбаж гүйсэн гүйгээгүй эртний дээдсийн агуу түүх байж л байна. Харин тэглээ гээд өнөөдрийн чиний амьдралд сайнаар нөлөөлөөд, ивээх нь юу л бол. Наад биеэ тоосон байдлаа хаяад, биеэ хөгжүүлэхээ бод.

Гуравдугаарт: Бүтээлч бус байдал: “Spirit in action” гээд нэг үг байдаг юм. Миний махчилсан орчуулгаар бол “Бодол санааг бодит байдал болгоё” гэсэн ухаантай уриа юм. Манайхан энэ тал дээр жаахан хойрго.

Ухаандаа тийм нэг гүн ухаанч хүмүүс юм уу, бодоод л яваад байна. Ямар ч үйл явц байхгүй. Бодоод, яриад, бодоод, яриад л яваад байна. Тэгээд бие биенээ хөөргөнө гэж агуу л даа. “За чи бол үеийнхнээсээ тасарчихсан байна. Наадах шиг чинь санаа бол үнэхээр дэлхийг өөрчилж, Монгол Улсыг дэлхийн тэргүүнд хүргэнэ бла бла” гээд л дэмжих шиг юм болно. Өнөөх нь магтаалд нь цаддаг юм уу, ямар ч хөрсөн дээр буусан юмгүй сансрын санаатайгаа л яваад байх.

Зүгээр энгийн жишээ л гэхэд “За нэг санхүүгийн сургалтанд суухгүй бол бүтэхгүй нь ээ” гэж бодсон нөхөр яг энийгээ бодоод хэдэн ч жил явна. Ойлгоод байна, ухаараад байна, яриад илэрхийлээд байна. Гэвч яг эцсийн үйл ажиллагаа байхгүй. Сургалтын төвийн хаяг ч хайж үзээгүй.

“Англи хэл сурахгүй бол Монголд хэн ч биш болж. Англи хэл сурна аа” гэчихээд л яваад байна. Найз нөхөдтэйгээ уулзахаараа нэг их ухаантай царай гаргаад өнөөхийгөө ярина. Нөхөд нь ч дэмжинэ. Бараг л маргаашнаас хамт явахаар юм ярина. Гэвч дараа жил бас л өнөөхөө ярьсаар. Ядаж ганц толь бичиг ч худалдаж аваагүй л явна.

Эцсийн бүлэгт нэг зүйл хэлэхэд, “Ус руугаа орохгүйгээр сэлж сурахгүй” гэсэн мэргэн үг байдаг юм шүү. Ярьснаар болон бодсоноор бүтдэг зүйл гэж ховор. Харин ямар нэг байдлаар хийгээд эхэлчихвэл шууд биш юм гэхэд хэд хэдэн удаа алдаж, оносны эцэст үр дүнд хүрч, үр шимийг нь хүртдэг шүү дээ.

За ингээд монгол залуучууд минь хэнэггүй, биеэ тоох, бүтээмжгүй байх гэсэн энэ гурван дайснаас холуур явж эх орноо биш юмаа гэхэд өөрийгөө хөгжүүлээд яваарай. Та сайн явбал эх орон сайн л явна шүү дээ.

Хүндэтгэсэн Анжигай

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.