ААВ, ЭЭЖ та ӨӨРӨӨ үлгэрлэж байж хүүхдээ сургана

2017-11-2 Гэр бүл

Биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлэх биш” гэдэг үг миний хамгаас дургүй, хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй үг. Хүүхдийнхээ хүмүүжилгүй, дуулгаваргүй, хичээлдээ ахицгүй, идэвхигүй, өөртөө итгэлгүй гэх мэт сөрөг зан байдлын хариуцлагыг өөрөөсөө түлхэж, миний буруу биш, энэ хүүхэд өөрөө л ийм болчихлоо гэж хэлж байгаагаас өөрцгүй.

Хүүхэд гэдэг цэвэрхэн цаас шиг “хир толбогүй” төрдөг. Харин тэрхүү цаасан дээр зурагдах зураас, зураг бүр тэр гэр бүлийн орчноос нь эхэлнэ. Дэргэд нь аав ээж нь хэрэлдэж муудалцдаг орчинд өссөн хүүхэд аажимдаа аав ээжийнхээ эсрэг үг хэлдэг болж, үгэнд нь орохоо байдаг. Уйлаад аашлаад юм хийлгэдэггүй гээд утсаа бариулчихдаг. Дараа нь утсанд донтчихлоо гэдэг.

Ангийн хүүхэддээ цохиулаад ирэхэд нь эргүүлээд цохихгүй, зодохгүй яасан юм гэдэг ээж, аавууд ч их байна. Хүчирхийллийг хүчирхийллээр хариулахыг хүүхдүүддээ зааж өгч болохгүй. Буруу зүйл хийх бүрт нь хүүхдээ цохиж шийтгэх нь хэзээ нэг өдөр би том болно доо….. гэх хорслыг тээхэд ч хүргэж болзошгүй. Аажимдаа эдгээр хүүхдүүд өсвөр насанд очихоороо хүйтэн хөндий, сэтгэл мэдрэмжээ аав ээжтэйгээ хуваалцдаггүй, хэдэр зан зан ааштай эсвэл эсрэгээрээ аймхай, зориггүй, өөртөө итгэлгүй болдог. Зарим аав ээжүүд хайрлаж байгаа нь энэ гээд юу хүссэн амттан, тоглоомыг авч өгдөг. Ингэж өссөн хүүхэд аливаа юмны үнэ цэнэ, цаашлаад хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгохгүй хүн болж өснө. Охин хүүхдүүдэд байнга гоё хөөрхөн гэдэг үгийг хэлж байх нь тийм ч оновчтой биш. Хар багаас нь хэт гадаад байдалд нь үнэлгээ дүгнэлт өгөх нь бусдыг гадаад байдлаар нь дүгнэдэг хүн болгоод зогсохгүй хээнцэр, гоё зүйлд шунамтгай нэгэн болгоно. Түүний оронд цэвэрч нямбай, арвич, тусч, сайхан сэтгэлтэй зэрэг үгсээр сайшааж магтах нь охидыг ирээдүйд сайн боловсон хүчин, сайн ээж, сайн эхнэр болох бие хүний шинжүүд төлөвшихөд нь тустай юм. Хөвгүүдийн хувьд ч ялгаагүй тэсвэртэй, тэвчээртэй, зоригтой, санаачилга оролдлого сайтай, сайхан сэтгэлтэй, тусч хүү шүү гэх мэт үгсээр магтаж урамшуулах нь яг л тэр шинжүүд төлөвшихөд тусалж байдаг.

Эцэст нь хэлэхэд бид хүүхдээ зурагт битгий үз, хичээлээ хий гэж мянга үглэж загнаад эерэг үр дүн гарахгүй. ААВ, ЭЭЖ та ӨӨРӨӨ үлгэрлэж байж хүүхдээ сургана. Хүүхдээ хичээл хийдэг болгомоор байвал хүүхдийнхээ дэргэд элдэв шар сонин, хэвлэл биш ном унш. Хүүхдээ зурагт, гар утас бага үздэг болгомоор байвал та өөрөө утсаа оролдох цагаа багасга, тэр цагтаа хүүхэдтэйгээ тогло, ном уншиж өг, харилцан ярилц. Та өөрөө бүхний эхлэл, үлгэр дууриалал нь бай. Хүүхэд тань танаас суралцдаг шүү. Ухааныг хэвлийгээс гарахад нь төрүүлж чадахгүй ч өсгөж, хүмүүжүүлэх явцдаа бүтээж болно. Үр хүүхэд гаргасны гол утга учир нь хүнээр хүн хийх явдал юм шүү дээ.

“Kids SCHOLE” хүүхдийн боловсролын төвийн ажилтан Г.Бөртжин
СӨҮЛ хот

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.