Ц.ЦОГЗОЛМАА: Багш нар ажил хаялтаа зогсоохоор болсон

2017-10-30 Боловсрол

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон Багш нарын цалин нэмэх түр хорооноос өнөөдөр /2017.10.30/ хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. 

Хурлын эхэнд салбарын сайд “Өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн уулзалт, зөвшилцлүүдийн үр дүнд өнөөдөр зарлаад байсан ажил хаялтыг зогсоохоор тохиролцсон. Багш нарын цалин нэмэх шаардлагын хүрээнд Засгийн газраас шат дараалсан тодорхой арга хэмжээ авч байгаа” хэмээн тодотгов. Мөн тэрбээр 2017 оны төсвийн тодотголд 55,4 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдад олгох шийдвэр гарсан гэдгийг дуулгасан юм. Харин энэ нь нэг удаагийн асуудал бус, ирэх оны төсөвт багшийн цалин урамшууллыг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хийх ажлын эхлэл гэдгийг хэллээ.  Тиймээс асуудалд олон талаас нь бодиттой хандаж  ажил хаялтаа зогсоож, ширээний ард сууж, асуудлыг шийдэх санал тавьж, багш нарын ажил хаях түр хороо болон МҮЭХ-ны удирдлагуудтай уулзалт хийсэн гэдгийг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэдээллээ.

Засгийн газар Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд цалинг нэмэх бус багш нарын орлогыг нэмэгдүүлэхийн тулд бусад урамшууллыг ямар хэлбэрээр, хэрхэн олгож болох талаар албан ёсоор  зөвшилцөж хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар зөвшилцлийн хүрээнд яригдаж байна. Нэг ёсондоо багшийн цалингаас гадуурх урамшууллыг олгох өнөөдөр мөрдөгдөж байгаа 9 журам бий, үүнийг эргэн харж  багшийн гар дээр бодиттой очих талаар хамтран ажиллаж системийнхээ хэмжээнд шинэчлэл хийх асуудлыг хэлэлцэж эхэлж байгаагаа хэвлэлийн хурлын үеэр тодрууллаа.

Өнгөрсөн хугацаанд багш нар хоёр хоног ажил хаясан. Энэ хоёр өдрийн цалинг олгох эрх нь тухайн ерөнхий боловсролын сургуульд нээлттэй байгаа учраас цалинг нь өгөх ёстой гэж сайд Ц.Цогзолмаа хэлэв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Багш нарын цалин нэмэх түр хороо болон МҮЭХ-той ойлголцож, хамтарч ажиллахаар болсон. Цаашид 2018 оны төсөвт төрийн албан хаагчдын орлогыг нэмэгдүүлэхэд зориулж 112 тэрбум төгрөг төсөвт суулгахаар ярилцаж байгаа. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд 2019 он хүртэл цалин нэмэхгүй учраас урамшуулал хэлбэрээр олгох, тэр нь багш нарт шууд гарт нь очдог байхаар асуудлыг зохион байгуулахаар зөвшилцлийн хүрээнд яригдаж байна. Үүнийг салбарын яам МҮЭХ болон холбогдох байгууллагуудтай ярилцана” гэлээ.

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.