Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.10.27) хуралдаан 09 цаг 35 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн даргалж, хэлэлцэх асуудлыг танилцуулав. Ингээд “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.17 дахь хэсгийг үндэслэн боловсруулсан уг төсөлд “2017 оны төсвийн давсан орлогоос төрийн өндөр албан тушаалтан, шүүх, прокуророос бусад төрийн албан хаагчид 300.000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” заалтад өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсын Шадар сайд, Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгасан заалтыг “2017 оны төсвийн давсан орлогоос төрийн өндөр албан тушаалтан, шүүх, прокуророос бусад төрийн албан хаагчид 300.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэж өөрчлөхөөр санал гаргасан ч, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “2017 оны төсвийн давсан орлогоос төрийн өндөр албан тушаалтан, шүүх, прокуророос бусад төрийн албан хаагчид 300.000 төгрөгийн ажлын үр дүнгийн урамшуулал олгох” гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжив. Иймд “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.