Хоолтойгоо л үлдэх нь…

2017-10-25 Бор шувуу

Бор шувуу

У.Хүрэлсүхийн танхимын “том” сайд нар томилогдож, цагаан захтнууд нойртой хонох өдрүүд ирдэг л юм байна. Гэвч өдгөө дараагийн марафон тун удахгүй гараанаас хөдлөхөд бэлэн болж, хаалга үүд сахигчдын гороо үүгээр түүгээр элбэгших болов. Засгийн тэргүүн ч ойрын үед дэд сайд нар болон Төрийн нарийн, агентлагийн дарга нар гээд Төрийн өмчийн компанийн захирлуудын халаа сэлгээнд бяцхан салхилалт оруулахаар энэ тэрүүгээр хошуу холбож гүйх болсон юм байх.

Уг нь У.Хүрэлсүх энэхүү хүндэт суудалд тухлахдаа дэд сайд нарыг сольж холихгүй хэмээн мэдэгдсэн. Гэвч их хүний таалалд нийцэхгүй хэд хэдэн дэд сайд байгаа л гэнэ шүү. Хөөрхий, ажилдаа дуртай зарим нэгэн дэдүүдийн хувь заяа хэрхэн яаж шийдэгдэх юм байгаа. Ямартай ч намын томчууд нэр бүхий яамны дэд сайд нарыг онилчихоод сууж байгаа юм билээ. Лав л энэ жагсаалтыг ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг, БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн нар тэргүүлж байна гэх.

Үүнээс гадна дээрх мэдээллийг түрүүлж авсан дэд сайд нарын зарим нь халагдах уу, сэлэгдэх үү гэж зовлон болохгүйгээр аргаа бодож эхэлсэн байна. Тухайлбал, ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайд Ё.Отгонбаярын зөвлөхөөр явах тохироогоо хийжээ. Хэдийгээр энэ шийдвэр албан ёсоор гараагүй ч олноо “Дарваан хар” нэрээр танил болсон Б.Цогтгэрэлийн явах нь баараггүй болсон байна. Энэ мэтчилэн халаа сэлгээнээс хамгаалж үлдэх, эсвэл түрүүлээд өөр тийшээ явах, бас тэдний оронд албан тушаалд очих гээд МАН-ынхан бужигнаад эхэлсэн байна.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.