Х.БАТ-УНДРАЛ: Монгол Улсад энэ төрлийн бодис орж ирэхгүй л бол эрүүл саруул байна

2017-10-24 Ярилцлага

 

Энэ удаагийн “Ярилцах танхим”-ын зочноор “GUYS” хамтлагийн дуучин Х.Бат-Ундралыг урилаа. Тэрбээр “Хар тамхины эсрэг дуудлага” (challenge) эхлүүлж байсан билээ. Тэрчлэн хар тамхи болон мансууруулах бодисны хор хөнөөлийг сурталчлах, цаашлаад өөрт тохиолдсон явдлаасаа сургамж авч бусдад сайн үйл түгээхийг зорьсон нь энэ аж. Х.Бат-Ундрал ийн ярив.

Хар тамхитай холбоотой хэргийн гаралт нэмэгдэж, жил ирэх тусам хэрэглэгчдийн тоо ихэсч байгаа нь харамсалтай мэдээлэл. “Хар тамхины эсрэг дуудлага” (challenge) эхлүүлж байгаа төрийн бус байгууллагуудын хувьд энэ асуудалтай холбоотой судалгаа хийсэн байдаг болов уу?

Нэг л зүйл бий. Монгол Улс маань гуравхан сая гаруй хүн амтай. Төрийн бус байгууллагуудын гаргасан судалгаагаар одоогийн байдлаар 70000 гаруй хэрэглэгч байна гэх тоо байна. Дээр нь хар тамхины хэрэгт холбогдож ял авч байгаа залуус нэмэгдсээр байна.

Бас л сэтгэл чилээсэн тоо байна шүү?

Энэ бол үнэхээр аюулын харанга дэлдэж буй асуудал. Тиймээс үүний эсрэг хар тамхины хор хөнөөлийн эсрэг аян өрнүүлж байгаа нь энэ л дээ.

Таны хувьд хар тамхины хэрэгт холбогдож шүүхээс ял сонссон хүний нэг шүү дээ?

Хар тамхины хэргээр хоёр жилийн тэнсэн ял авч, ялаа эдэлж байгаа миний хувьд нийгэмд үгээ илэрхийлэх нь зөв гэж бодож байна. Тиймээс хар тамхины эсрэг олон нийтийг хамтдаа тэмцье гэж уриалж байгаа юм.

Шүүхийн шийдвэр гарснаас хойш нэлээд хугацаа өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, ял сонссоноос хойш өдгөө анх та дуу хоолойгоо гаргаж байна. Өмнө нь энэ тухай ярьж, нийгэмд тустай аян өрнүүлж болоогүй юм уу?

Миний хувьд нэг жилийн ойн дээрээ файсбүүкээрээ лайв цацсан. Энэ хугацаанд бодох зүйл их байсан. Өөрийн бодол санааг цэгцлэх зүйл ч их байлаа. Тийм учраас цагийн юм цагтаа гэдэг шиг цаг нь болоод л үгээ хэлж байна.

Та өмнө нь хар тамхитай тэмцэх аян өрнүүлж байсан. Энэ аян цаашид үргэлжлэх үү. Эсвэл хар тамхитай тэмцэх өдрийн хүрээнд яригдаад чимээ алдрах уу?

Юу гэсэн үг вэ. Зөвхөн зургаадугаар сарын 26-наар дуусахгүй. Цаашаа үргэлжилнэ. Уугий би хар тамхины эсрэг дуу хоолойгоо олон нийттэйгээ хамтарч хүргэсээр байх болно.

Та битгий эмзэглээрэй. Миний хувьд асуухгүй өнгөрч чадсангүй. Хар тамхийг нэг л удаа хэрэглэсэн тохиолдолд эргээд гарч чаддаггүй. Чадлаа гэхэд бие эрхтэн нь нэхэж үгүйлдэг гэдэг. Таны хувьд хар тамхины хэрэгтэй нэр холбогдсон, хэрэглэж үзсэн гэдэг утгаараа Үүнд ямар хариулт өгөх вэ. Та хэдий хэр хугацаанд энэ төрлийн бодисны хамааралтай болсон юм бэ?

Миний хувьд тэгж их удаан хэрэглээгүй. 2-3 удаа л хэрэглэсэн. Хамгийн гол нь хүүхэд, залууст хандаж хэлэхэд, олны танил хүмүүс ч бай, нэр хүндтэй улстөрчдийн хүүхдүүд ч бай тэр мөс гэх зүйлийг нэг ёсны анх удаа хэрэглэсэн бол дараа нь шууд донтолттой болно. Тийм хүчтэй бодис. Миний хувьд мөс гэдэг бодисыг хэрэглэж байгаад баригдсан. Гэхдээ хүнд өөрт нь энэ зүйлээс гарах, намайг өдий зэрэгтээ болгосон гол зүйл ээж, ах, дүү, найз нөхдийн маань надад эргээд итгэж буй итгэл. Надад урам хайрласан хайр чухал нөлөө үзүүлсэн. Тэрнээс биш ямар нэг эмнэлэг, домнолгоор яваагүй. Ойр дотны хүмүүсийн хайр, итгэл маш чухал юм билээ.

Мөс гэх бодисыг хэрэглэхээр биед ямар өөрчлөлт гарч байсан бэ?

Тухайн бодисыг хэрэглэх үед мэдээж турах ч юм уу шинж тэмдэг илэрнэ. Мэдээж хар тамхи буюу мөс гэдэг зүйлийг хэрэглэснээр хүн 72 цаг унтахгүй байхаар яах вэ. 72 цаг юм идэхгүй байхаар хүнд ямар нөлөө үзүүлэх вэ. Хүний биед маш муу сөрөг үзүүлэх нь тодорхой.

Хар тамхи гээч зүйл өртөг ихтэй. Мэдээж хэрэглэхэд мөнгө, төгрөг орно. Өнөөх мөнгөө олох гэж элдэв арга хэрэглэх нь дамжиггүй. Мөнгөнөөс үүдэж элдэв хэрэг үйлдэх тохиолдол ч гардаг л байх?

Яг зөв. Эхлээд мөнгөтэй байж байгаад хэрэглэнэ. Дараа нь хүмүүсийн итгэл сэтгэлийг алдаж мөнгөгүй болоод ирэхээр ямар асуудалд орох вэ. Мөнгө олохын тулд бүх юмаа зарна, үрнэ гэдэг ч юм уу асуудалд орно шүү дээ. Ийм олон асуудал бий. Эндээс үр дагавар нь эцсийн байдлаар худал хуурмаг, ганцаардал. Дээр нь шорон, тэгээд үхэл хүлээнэ гэсэн үг. Өөр юм байхгүй.

Таны хувьд хар тамхинд уруу татагдаад орсон уу. Эсвэл өөрийн сонирхлоор ийм асуудалд холбогдчихов уу?

Миний хувьд сонирхоод л хэрэглэж үзсэн.

Хар тамхины хэрэгт холбогдчихлоо гэхэд хамтлагийн нөхөд чинь яаж хүлээж авсан бэ. Мэдээж танд итгэл алдарсан байх?

Хамтлагийнхны хувьд надад маш их гомдсон. Гэхдээ эргээд найзуудын маань итгэл, урам сэргэсэн.

Урлаг соёл, улстөрч, бизнесменүүдийн хүүхэд өөрөөр хэлбэл, баячуудын гэх тодотголтой хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогдох нь их юм уу даа гэж анзаарагддаг. Хэрэгт холбогдлоо л гэх. Гэтэл тэгсхийгээд л чимээ алдарч нам гүм болдог нь нууц биш л дээ. Тэгвэл таны хувьд хар тамхи гээч хөнөөлт бодисны эсрэг дуу хоолой нь болж, ирээдүйд энэ хорт бодисноос татгалзах уриалга гаргаж буй нь урлагийнхны хувьд түүчээ нь. Уучлалт гуйх нүүртэй байна гэдэг хүн чанарын авууштай нэг хэлбэр. Тэгэхээр таньтай төстэй асуудалд нэр холбогдсон хүмүүс “Хар тамхины эсрэг дуудлага” (challenge)-д нэгдэх санал дэвшүүлж байна уу. Ер нь холбоо барьсан хүн бий юу?

Огт холбоо барихгүй байна. Үүнд гайхаж байгаа. Яагаад надтай холбоо барихгүй байгааг гайхаад л байна. Гэхдээ би энэ дуудлагыг эхлүүлсэн. Олон залуус нэгдэх байх гэж итгэж байна.

Нэгэнт аюулын харанга болсон хар тамхины асуудлын талаар дуу хоолойгоо өргөсөн таны ажлыг битгий зогсоосой гэж хүсч байна?

Зогсохгүй. Хамгийн гол нь эхийн хайр биднийг өдий зэрэгтээ болгосон. Хэдий тийм байсан ч болчимгүй сонирхлоосоо буруу зам руу битгий ороосой. Орлоо гэхэд ойлгож ухаарч, ухамсарлана гэдэг сайхан зүйл юм. Би залуучуудыг “Уугий ах чинь, найз чинь, дүү чинь, хүү чинь алдчихлаа. Үүнээс цааш олон залуус битгий алдаасай. Надаар зогсоосой” л гэж хүсч байна.

Уг нь манай улсыг хар тамхины дамжин өнгөрөх бааз мэтээр ярьдаг байсан нь саяхан. Гэтэл тээвэрлэгч, дамжуулагч аа цаашилбал хэрэглэгч орон болчихлоо. Үнэхээр эмзэглэмээр асуудал энэ л дээ. Таны хувьд тухайн үед мөс гээч бодисыг ямар замаар авч хэрэглэж үзсэн бэ. Мэдээж маш нууц хэлбэрээр зарагддаг байх. Манай улсын хувьд энэ төрлийн бодисонд тавигдах хуулийн хяналт ч гэдэг юм уу, эсвэл шалгалт ямар байдаг гэж та ойлгодог вэ?

Яг ямар хэлбэр, журмаар Монгол Улсад орж ирээд байна, хил хатуу чанд байгаа, хараа хяналттай гэж ярьдаг. Яс юман дээрээ орж ирсээр л байна шүү дээ. Ингээд бодохоор маш их хөрөнгө гаргаж хилийн байгууламжууд дээр хяналт тавьдаг. Монгол Улсад энэ төрлийн бодис орж ирэхгүй л бол манай улс эрүүл саруул байна. Дээр нь Монгол Улсад ургаж байгаа тэр зэрлэг өвсийг устгаж л байвал бид эрүүл саруул байна гэсэн үг.

Бас нэг зүйлийг тодруулъя. Урлаг соёлынхон маань олны өмнө гарахдаа хар шилээр гангарах нь элбэг. Тэгвэл зарим тохиолдолд “мансуурсан” үедээ нүдээ халхавчилдаг гэх дэгс яриа ч дуулддаг. Таны хувьд уран бүтээлч хүн. Энэ талаарх бодлоос тань хуваалцмаар санагдлаа?

Миний хувьд та бүхэн ч анзаарч байсан бол тоглолтон дээрээ хэзээ ч нүдний шил зүүж байгаагүй. Тэр нь ямар утга учиртай вэ гэхээр олон түмэнд өөрийнхөө сэтгэл зүрх, имоцийг харуулж байх ёстой гэдэг үүднээс шил зүүдэггүй.

Эх сурвалж: Niigmiintoli.mn

 

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.