Амьд үлдсэн 10 иргэнийг МИ-171 нисдэг тэргээр нийслэлд авч ирнэ

2017-10-24 Мэдээ, мэдээлэл

Отгонтэнгэр ууланд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагааг ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх хоёр бүлэг өнөөдөр 06.20 цагт эхлүүлсэн байна.

Өчигдөр буюу энэ сарын 23-нд эрлийн ажиллагааг мөн цагт эхлүүлж, осолдсон 17 иргэнээс 10-ыг нь нас барсан байдалтай олсон юм. Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг 3200-3400 метрийн өндрөөс буулгаж байгаа бөгөөд уулын цас дагтаршиж, хунгарласан тул уг ажиллагааг явуулахад хүндрэлтэй байгааг ОБЕГ-аас мэдээлэв. Ослоос амьд үлдсэн 10 иргэн болон осолдсон иргэдийн цогцсыг ЗХЖШ-ын МИ-171 нисдэг тэргээр нийслэлд авч ирэхээр төлөвлөж байгаа аж.
Эрэн хайх ажиллаганы бүлгүүд одоогоор 2775 метр өндөрт хээрийн штаб байгуулан байрлаж байгаа бөгөөд тухайн хэсэгт Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан шуурхай бүлэг өчигдөр 18:38 цагт очсон байна. Мөн Шадар сайд Ө.Энхтүвшин ослын голомтод ажиллаж байгаа шуурхай бүлгийн өргөтгөсөн хурлыг хийж, үүрэг чиглэл өгсөн байна. Улсын онцгой комиссын шуурхай штабын ирүүлсэн мэдээллээр Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчний байгууллагаас 108 алба хаагч, эмнэлгийн байгууллагаас 23 ажилтан, бусад байгууллагаас 55 иргэн 27 автомашин, 2 нисдэг тэрэгтэйгээр эрлийн ажиллагаа явуулж байна.

Дашрамд дуулгахад, талийгаачдыг өндрөөс унаж осолдсон уу эсвэл нурангид дарагдан хөлдөж нас барсан уу гэдгийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн цогцост задлан хийж шинжлэх юм. Эх сурвалжийн мэдээлснээр олдсон цогцсууд танихын эцэсгүй болжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.