Цагт 200 хүртэл км хурдлах хүчин чадалтай Шинкансен хурдны галт тэрэг Их Британийн нийслэл Лондон хотоос Уэльс чиглэлд өнгөрсөн даваа гарагаас эхлэн зорчигчдоо тээвэрлэж эхэлжээ. Хоёр хотыг холбосон 300 км замыг хурдан галт тэрэг 150 минутад туулсан байна. Ингэснээр зорчигчид илүү их цаг хэмнэх юм.
Японы “Хитачи” компани Их Британийн зохион бүтээгчидтэй хамтран энэ төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна. “Хитачи” компани уг төслийн хүрээнд 866 ширхэг вагоныг ашиглалтад оруулжээ. Шинкансен хурдан галт тэрэг нь 1964 онд анх Японы хот хоорондыг холбосон хурдан цахилгаан тэрэг бөгөөд ойролцоогоор цагт 350 км хүртэл хурдалдаг хамгийн хурдан галт тэрэг юм. Энэ галт тэрэг нь онгоцны загвараас үүсэлтэй бөгөөд онгоцны технологийг төмөр замд нэвтрүүлж, онгоцны хошууны хэлбэрийг дууриалган хийсэн аж.
Шинкансен зохион бүтээх төсөл нь нийт 19 жил шаардагдсан нүсэр том ажил байсан бөгөөд улмаар Япон орон, Японы ард түмний амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчилсөн гэж олон улсад үздэг юм.
Шинкансен галт тэрэг нь аюулгүй байдал, дуу чимээг тусгаарлах технологитойгоос гадна цаг барих менежментээрээ алдартай. Олон улсын “Би Би Си” агентлагийн мэдээлж байгаагаар энэ төсөл нь Их Британийн томоохон хотуудыг холбосон насжилт өндөртэй, галт тэрэгний замыг шинэчлэх 7 тэрбум америк долларын төслийн нэг хэсэг болсон байна.
Г.Пүрэвсүрэн
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.