Яг одоо гишүүд Шадар сайдад нэр дэвшээд буй Ө.Энхтүвшингээс асуулт асууж хариулт авч байна.
–УИХ-ын гишүүн Л.Болд: 6х9-өөр хуваагдсан эвслийн Засгийн газарт та 32-ын бүлгээ толгойлж орж байна. Ерөнхий сайд чинь өмнөх Засгийн газарт байхдаа “60 тэрбум эвлүүлэг биш учраас Засгийн газарт байх нөхцөлгүй боллоо гэсэн. 60 тэрбум дээр та яах вэ. Эвсэл 60 тэрбумаар ямар дүгнэлт гаргах вэ. Монгол төрийг ширхэгчлээд зарчихсан байна. Энэнд олон түмэн бухимдаж байгаа. Түүхтэй, хүчтэй том нам үүнээс болж хагарлаа, Засгийн газраа унагалаа. Анх удаагаа 100 хувь парламентаасаа сайдаа сонголоо.
–Шадар сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: 32-ын бүлгийг толгойлж орж байгаа юм биш. УИХ-ын сонгуульд 65 суудал аваад дангаараа Засгийн газар байгуулах эрх авсан, тэр Засгийн газарт орж ажиллах болж байна. Бүлэг дотроо эвлэрч байгаа гэж битгий худал ярь гэх юм. Ойлголцож байгаа юмыг л ойлголцлоо гэж хэлэхээс өөр яах вэ. 60 тэрбумыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Прокуророос 4 удаа дүгнэлт гаргасан. Эвлүүлэг гээд дүгнэлтээ гаргачихсан. Дүнг нь УИХ дээр сонсох ёстой. Төрийн албанд томилогдсон хүмүүсийг дуудаж асуусан гэсэн, тэр дүнг ч сонсох ёстой.
–УИХ-ын гишүүн М.Билэгт: Шадар сайдаар Ө.Энхтүвшин гишүүнийг нэр дэвшүүлснийг дэмжиж байна. Нэг зүйлийг анхаараач ээ. Сүүлийн дөрвөн жилд Мэргэжлийн хяналтын газрын ёс зүй алдагдсан. Байцаагчид нь байнга жижиг газруудад очиж, дарамталдаг, авлигаа авдаг. Энэ асуудлыг анхаарахгүй бол төр нь хувиараа бизнес эрхлээд амьжиргаагаа авч яваа 1 сая иргэнээ дэмжих бус шантаажлах юм бий болгож байгаа. Хөрөнгө оруулагчид залхлаа гэдэг нь хяналтын албаныхан үүргээ эсрэгээр нь хэрэгжүүлсний үр дүн юм. Мэргэжлийн хяналтын албан хаагчдын зорилго бол иргэдээ аюулгүй амьдралаар хангах ёстой. Гарцыг нь бий болгох. Төрийн албан хаагчдын нэр хүндийг унагаасан үндэслэл болоод байгаа. Ёс зүйтэй болгоход онцгой анхаарч ажиллаарай.
–Шадар сайдад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Өнгөрсөн хугацаанд гарсан ноцтой дутагдал бол хяналтын тогтолцоо суларсан. Нэгдсэн зохицуулалт удирдлага байхгүй. Үүнийг нөхөх зорилгоор Мэргэжлийн хяналт байгуулсан. 2003 оноос хойш яаж ажилласан, ямар үр дүнд хүрсэн, ямар дутагдал гарав. Энэ нь хувь хүнээс болов уу, хууль эрх зүйн орчноос болов уу гэдгийг судална. Иргэнээ хянадаг цагддаг гэхээс илүү тусалдаг, хүнд сурталгүй, ёс зүйтэй, авлигагүй ажиллахыг шаардана.
-УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Ө.Энхтүвшин гишүүн та зарчмын хувьд тохирч чадаагүй гэж байсан. Одоо тохирч чадсан уу?
-УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Ойлголцож чадсан. Гэхдээ ямар нэгэн албан тушаалын тохиролцоогоор биш. Зарчим, үнэт зүйл, хийх ажлаараа нэгдэж чадлаа. Би Засгийн газарт залуучуудаа түлхүү оруулая гэж бодож, нэлээн хөөцөлдсөн. Гэвч болсонгүй. Намын нөхөд маань Засгийн газар, санхүүгийн байдал хүнд байна. Тиймээс туршлагатайгаараа та сайд бол гэж тулгасан. Тиймээс би хүлээж авсан. Хийх ажил их байна. Нөхцөл байдал хүнд байна. Хариуцлагаа нэмэгдүүлнэ. Ард түмэн биднийг ажил хийгээсэй гэж хүсч байгаа. Түүнийг биелүүлэхийн төлөө ажиллана.
-Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Засгийн газрын гишүүдээ томилохдоо олон зүйл тооцсон. Санхүүгийн байдал хүнд байна. Ард түмний өмнө тулгамдсан олон ажил байна. Ард түмэн биднээс улстөржихийг биш улс орноо хөгжүүлэхийг л бодож байгаа. Тиймээс би салбараа сайн мэддэг, төрийн ажилд дадлагатай, туршлагатай, бусдын өмнө нүүр улаалгахааргүй, эх орноо гэсэн сэтгэлтэй ийм л хүмүүсээр кабинетээ бүрдүүлэхийг хичээсэн. Давхар дан дээлийн асуудлаар улстөрчид улстөржсөөр байна. Энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй.
-УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Та Засгийн газраа унагахаас айгаад парламентийн гишүүдээс Засгийн газраа бүрдүүлсэн юм бишүү?
-Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Олон түмэнд таалагдах гэж хичээгээд хэрэггүй. Ард түмэн хянаж байна. Хяналтгүй зүйл хийгээгүй. Монголд хий хоосон улс төр хэмжээнээсээ хэтэрлээ.
Асуулт хариулт үргэлжилж байна.