Ням гаригт болсон Австрийн парламентын сонгуульд 31.7 хувийн саналаар 183 суудалтай парламентын доод танхимд олонх болсон Ардын намын лидер Себастиан Курц сонгуульд ялалт байгуулснаа зарлалаа. Австрийн шинэ Канцлер болж буй тус намын лидер 31 настай Себастиан Курц дэлхийн хамгийн залуу засгийн газрын тэргүүн юм.
2013 онд тус нам Австрийн сонгуульд 24 хувийн саналаар парламентад суудалтай хоёр дахь том нам болж байжээ. Себастиан Курц сонгуульд ялалт байгуулснаа зарлаж ‘Сонгуулийн үр дүн бол Австрид өөрчлөлт авчрах иргэдийн хүсэл шаардлага” хэмээгээд өндөр хариуцлагатайгаар улс орондоо шинэ соёлыг бий болгохыг хүсэж буйгаа мэдэгджээ.
Дөрвөн жилийн өмнөөс Австрийн гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан консерватив намын далбааны өнгийг өөрчилжг шинэ маркетингийн стратеги хэрэгжүүлсэн ажээ. Консерватив үзэл баримтлалтай тус нам сүүлийн үед цагаачлалын болон интеграцчилалын асуудлыг сөхөж, барууны хэв шинж рүү хэлбийх болсон байна. Энэ үзэл баримтлалаас нь болж зарим улстөрчид Ардын намыг тус улсын барууны үзэл баримтлалтай Эрх чөлөө намаас бараг ялгарах зүйлгүй гэж ярих нь бий. Сонгуульд ялалт байгуулсан Ардын намын лидер Себастиан Курц Балканы орнууд дахь цагаачдын урсгалыг хааж, хууль бус цагаачдыг улс орноосоо хөөж гаргахад шийдвэртэй арга хэмжээ авч, дүрвэгсдийн хямралыг зогсоохыг эрх баригчдаас шаардаж байсан юм.
Г.Пүрэвсүрэн
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.