УИХ-ын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид хоёр талын уулзалт хийв

2017-10-16 Гадаад харилцаа

ОХУ-ын Санкт-Петербург хотноо энэ сарын 14-18-ны өдөр үргэлжлэх Олон Улсын Парламентын Холбооны (ОУПХ) Ассамблейн 137 дугаар чуулганд 150 гаруй орны зочид, төлөөлөгчид оролцож  байгаагаас 100 орчим парламентын тэргүүнүүд хүрэлцэн ирсэн байна. 

Уг Ассамблейд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Л.Болд, З.Нарантуяа, Д.Мурат нарын бүрэлдэхүүнтэй Монголын парламентын төлөөлөгчид оролцож байгаа юм. Монголын парламентын төлөөлөгчид чуулганы хоёр дахь өдөр Таврический ордонд болсон “Шашин хооронд үндэсний хооронд яриа хэлцээ явуулах замаар соёлын олон  ургальч үзэл, энхийг урагшлуулах нь” сэдвийн хүрээнд болсон нэгдсэн хэлэлцүүлэгт оролцов. Үүний зэрэгцээ парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, чуулганд хүрэлцэн ирсэн гадаад орнуудын зочид, төлөөлөгчидтэй хоёр талын ажил хэрэгч уулзалтуудыг амжилттай хийлээ. Улсын Их хурлын дэд дарга Я.Санжмятав Тайландын Вант Улсын Үндэсний хууль тогтоох ассамлейн Гадаад хэргийн байнгын хорооны дарга Билабхан Сампатсири тэргүүтэй төлөөлөгчдийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзсан. Хатагтай Билабхан Сампатсири уулзалтын эхэнд, Ази, Номхон далайн бүлгийн хуралдааныг Монгол Улс маш амжилттай, сайн даргалсанд талархал илэрхийлээд Тайландын Вант Улсын Үндсэн хуулийн төсөл, 2018 онд болох сонгууль зэрэг өөрийн орны улс төрд өрнөж буй үйл явдлын талаар дуулгаад хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав хэлсэн үгэндээ, Монгол, Тайланд улсын хооронд дипломат харилцаа тогтоож, хамтын ажиллагаагаа эхлүүлснээс хойш удахгүй хагас зуун жилийн ой тохиох гэж байна. Сүүлийн жилүүдэд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж, парламентын бүлгэмүүдийн харилцаа эрчимжиж байгаа нь үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна гэдгээ онцлон тэмдэглэв. Түүнчлэн тэрбээр, Тайландын Вант Улс Монгол Улсад  Элчин сайдын яамаа нээх асуудлыг талархан хүлээн авч, өөрсдийн боломжоороо тусалж, дэмжихээ илэрхийлэхийн зэрэгцээ Монголын үндэсний агаарын тээврийн МИАТ компани тус улс руу шууд нислэг хийхээр судалж байгааг дуулгаж, энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүслээ. Мөн энэ үеэр  Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, З.Нарантуяа, Д.Мурат болон БНХАУ-ын Бүх хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны гишүүн, Гадаад хэргийн хорооны дэд дарга Ван Шяочу тэргүүтэй төлөөлөгчдийн хоёр талын уулзалт боллоо. Улсын Их Хурлын гишүүн Л.Болд уулзалтын эхэнд, Монгол, Хятадын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд хоёр орны парламентын бүлгэмийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Улсын Их Хурал дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүд энэ ондоо багтаад БНХАУ-д айлчлахаар төлөвлөж буйг дуулгалаа.

Ноён Ван Шяочу  хэлсэн үгэндээ, Монгол, БНХАУ олон жилийн турш сайн хөршийн харилцаатай байж ирсэн. Манай улс сайн хөршийн энэхүү найрсаг хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд идэвх чармайлт гарган, харилцаагаа бэхжүүлэхэд ямагт анхаарч байдаг. Иймд Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Хятадын найрамдлын бүлгийн айлчлалыг талархан хүлээн авч байна гэв. Тэрбээр мөн Монгол, Хятадын хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ хоёр талын чухал, эмзэг сэдвийг ойлгож, харилцан хүндэтгэн замаар хамтран ажиллах шаардлагатайг онцолж байлаа. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав БНХАУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, Бүх хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын тэргүүлэгч Жан Пинтай уулзав. Хоёр тал парламент хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлсэнээр Монгол, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлж байгаагаа харилцан илэрхийлэв.

Дараа нь Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч, Мексикийн Конгрессын сенатор, Гадаад харилцааны хорооны дарга  Габриэль Барроныг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. УИХ-ын дэд дарга Я.Санжмятав эх орондоо байхдаа сарын өмнө уулзалт хүссэн захидлыг хүлээн авсан гэдгийг илэрхийлэхийн ялдамд Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд нь өөрсдийн боломж, бололцоогоор дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв. Мөн тэрбээр Монгол, Мексик улс хамтын ажиллагаагаа өргөжүүлж, эрчимжүүлэхийн зэрэгцээ хоёр орны Элчин сайдын яамдыг байгуулахад онцгойлон анхаарах, Монгол Улс АПЕК (Ази, номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагаа)-т гишүүнээр элсэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

ОУПХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч хатагтай Габриэль Баррон энэ удаагийн чуулга уулзалтын төлөөлөгчийн бүрэлдэхүүний ахлагчаар ирснийг тэмдэглээд хоёр улс харилцан Элчин сайдын яам байгуулах асуудал болон Монгол Улс АПЕК-ийн гишүүнээр элсэхэд онцгойлон анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид маргааш ОУПХ-ны Парламент хоорондын холбооны орлогч дарга, ОХУ-ын Холбооны зөвлөлийн Гадаад харилцааны асуудлаархи  Байнгын хорооны дарга Косачев Константин Иосифавичтай уулзана гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.