Персонал компьютерийн гурав дахь том брэнд Dell хэдий хэмжээний мөнгийг яаж олдог вэ. Хөшигний ард юу байгааг хамтдаа сонирхоцгооё.
Fortune-500 жагсаалтын 41-д эрэмбэлэгдсэн компани, үүсгэн байгуулагчийнхаа овгийг дэлхийд таниулсан брэнд, дэлхий дээрх хамгийн том технологийн корпорациудын нэг, энэ бол Dell. Америкт төвтэй үндэстэн дамнасан корпораци Dell нь компьютерийн хөгжүүлэлт худалдаа мөн түүнтэй холбогдох бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээ эрхлэдэг. Нийт 101 мянган ажилтантай.
Майкл Делл одоогоос 32 жилийн өмнө энэ компанийг үүсгэн байгуулж байжээ. Жилийн 55 тэрбум долларын орлоготой ажиллаж байна. Борлуулалтын тоо хэмжээгээр lenova болон HÐ –ийн дараагаар дэлхийд III бичигддэг. Түүнчлэн ширээний суурин компьютерийн дэлгэцийн худалдаагаар дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна.
Dell компани анхнаасаа шууд худалдааны аргыг сонгож бизнес моделоо боловсруулсан байдаг, гэхдээ 30 гаруй жилийн түүхэндээ юм юмыг туршиж үзжээ.
Бусдын адил жижиглэн худалдааны сувгаар дамжуулан борлуулалтаа хийдэг болох гэж оролдсон. Туршилт хийж үзсэний үр дүнд буцаад хуучин аргаа ашиглах нь дээр юм байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Ингээд шууд худалдаа захиалга дээр үндэслэсэн үйлдвэрлэл гэсэн хувилбартаа эргэн орж өнөөдрийг хүртэл энэ хувилбартаа үнэнч байгаа юм. Бизнесийн энэ төрлийн модель нь концепцийн хувьд их энгийн байдаг. Гэхдээ гүйцэтгэл дээр ирэхээрээ тун ярвигтай болж эхлэдэг юм. Персонал компьютерийн худалдаа эрхэлдэг бусад компаниуд дамлан худалдаачид, жижиглэн худалдаа, агентууд гэсэн шат дамжлагаар борлуулалтаа хийдэг бол Dell бүтээгдэхүүнийг нь хэрэглэж байгаа хэрэглэгчтэйгээ хэн нэгний зуучгүйгээр өөрөө шууд хүрч ажилладагаараа ялгардаг. Dell өөрөө хэрэглэгчдээсээ захиалга хүлээн авдаг, ингэхдээ тухайн хэрэглэгчийн хүсч байгааг бүгдийг нарийвчлан тэмдэглэж, үүн дээрээ үндэслээд технологи хөгжүүлэлтээсээ эхлээд үйлдвэрлэл, ложистик, мэдээллийн систем бүх ажлаа явуулдаг, өөрөөр хэлбэл хэрэглэгчдээс ирж байгаа өндөр шаардлагыг хүлээн авч түүнд нийцүүлэн өөрийгөө дайчилдаг гэсэн үг. Шууд худалдааны аргыг ашиглахдаа хоёр үндсэн түлхүүр элемэнтийг бий болгосон байдаг. Эхнийх нь хэрэглэгчидтэй шууд харилцаа үүсгэх, удаах нь бүтээгдэхүүн үйлчилгээний зорилтот цэгээс хамааран хэрэглэгчийн ялгаатай сегмэнтийг тогтоох юм. Өөрт байгаа нөөцийг ашиглан борлуулалтыг шууд хийх, зар сурталчилгаа хийх зэрэг болон өөр бусад маркетингийг ашиглан шууд худалдаа хийдэг гэж ойлгож болно. Зарим газар Dell дамлан худалдаачдаар дамжуулан бүтээгдэхүүнээ хүргэдэг, ялангуяа Америкаас бусад орнуудад, гэхдээ дам худалдааны аргуудаас аль болох зайлсхийхийг хичээдэг юм. Энэ арга нь олох ашгийг бууруулдаг гэж үздэгээс тэр шүү дээ. Энэ нь ч батлагдсан, шууд худалдаагаар хийсэн борлуулалт шууд бус худалдаагаар хийсэн борлуулалттай харьцуулахад 6 хувиар бага зардалтай байдаг нь тогтоогджээ.
Шууд худалдааны арга нь зардал багатайгаас гадна хэрэглэгчид нь юу хүсч байгааг мэдэхэд илүү дөхөмтэй байдаг, яг үүн дээрээ үндэслээд хэрэглэгчдийн дунд ирээдүйд юу трэнд болох боломжтой вэ гэдгийг өрсөлдөгчдөөсөө түрүүлж мэднэ гэсэн үг. Энэ бол маш том давуу тал юм. Dell компани үйлчлүүлэгчидээ хэд хэдэн сегмэнтэд хуваан ангилдаг, харилцааны, гүйлгээний, нийтийн буюу олон улсын, ингэснээрээ тэдний зүгээс ирэх шаардлагыг илүү тодорхой болгож тус бүрд нь тохирох бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх боломж нь нэмэгддэг. Компаниуд болон засгийн газрын байгууллагууд Dell-ийн гол сегмэнт болдог. Тэд их дээд сургуулийн оюутнуудад гэхээсээ илүү мэргэжлийн байгууллагуудад зориулан компьютер нийлүүлэхийг эрмэлздэг. Их сургуулиуд, боловсролын байгууллагууд, оюутан гэсэн хэрэглэгчийн сегмэнт нь Dell-ийн орлогын ердөө таван хувийг бүрдүүлдэг байна.
Хэрэглэгчидтэй шууд харилцаа үүсгэхийн тулд Dell цахим хуудас, зөвлөгөө өгөх утасны шугам зэргийг ашигладаг, худалдан авалт хийгдсэний дараа ч тэдгээр сувгаар дамжуулан тусламж дэмжлэгийг хэрэглэгчиддээ хүргэхэд ихээхэн анхаардаг байна. Байж болох хамгийн хэмнэлттэй хэлбэрээр захиалга үйлдвэрлэл, хүргэлт, тээвэрлэлтийн асуудлыг шийдсэн байдаг учраас Dell өрсөлдөхүйц хамгийн боломжит үнийг санал болгох боломжийг өөртөө нээдэг юм. Dell өөрөө үйлдвэрлэгч биш гэдгийг энд онцлох хэрэгтэй. Технологи стандартыг нь тогтоож өгөөд шаардлагатай эд ангиудыг захиалж хийлгээд дараа нь түүнийгээ угсарч нийлүүлээд зах зээлд нийлүүлдэг. Ингэхдээ жижиглэн худалдааны суваг буюу дэлгүүрүүдийг ашигладаггүй, шууд хэрэглэгчдэд хүргэдэг нь зарим талаараа сул тал болдог.
Жишээ нь америкийн дурын нэг иргэн хүссэн үедээ дэлгүүр очоод Dell компьютер авах боломжгүй. Учир нь дистрьбютерын үүрэг гүйцэтгэх дэлгүүр байдаггүй. Онлайн худалдаа хөгжсөн цаг үед энэ нь асуудал биш. Энэ сул талаа мэддэг учир хэрэглэгчийн сегмэнтээ сонгохдоо зөв бодлого барьж байгууллага гэсэн сонголтыг хийжээ. Компьютерийн хамгийн алдартай брэндүүдийг бүтээж чадсан компанийн бизнесээ явуулах арга барилын онцлог юунд оршдог талаар энэ удаад хүргэлээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.