Г.Дэнзэнгийн хэргийн шүүх хурал түр завсарлажээ

2017-10-13 Мэдээ, мэдээлэл

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох хэргийг өнөөдөр өглөө 09.00 цагаас Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн ч хуралдаан түр завсарлаад байна.

Учир нь шүүгдэгч Г.Дэнзэн шүүх хуралдааныг нээлттэй явуулах санал тавьсан ч хүлээж авах боломжгүй гэж үзжээ. Тиймээс Г.Дэнзэн шүүх бүрэлдэхүүнээс түдгэлзэх санал тавьжээ. Уг саналыг хэлэлцэхээр шүүх хуралдаан завсарлага аваад байгаа юм байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 404 дүгээр магадлалтай Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт холбогдох 2014250007486 дугаартай 81 хавтас хэргийг шүүгдэгч Г.Дэнзэн түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Д.Баярмаа түүний өмгөөлөгч Ц.Одончимэг, шүүгдэгч Г.Дэнзэн, Г.Түмэнхүү нарын өмгөөлөгч Л.Жавзмаа, шүүгдэгч Я.Батсуурийн өмгөөлөгч Х.Базаррагчаа, шүүгдэгч Т.Төгсбаярын өмгөөлөгч Д.Батсүх, Д.Бадам, иргэний хариуцагчийн төлөөлөгч У.Мөнхбат нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж байгаа аж.

Г.Дэнзэнг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 263 дугаар зүйлийн 263.2-т заасан үндэслэлээр буруутгаж шүүхээс хорих болон тэнсэн харгалзах ял оноосон юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.