Баяжихуйн нууц

2019-11-8 Амрах агшин


Баян болоход хүргэдэг хүчин зүйл гэж бий юу? Тэрбумтангууд биднээс юугаараа ялгаатай вэ? Энэ асуултанд хариулахын тулд, мөн тэднээс суралцах үүднээс судлаачид судалгаа хийж үзжээ. Судалгаандаа 100 сая ам.доллараас их хөрөнгөтэй хүмүүсийг хамруулсан гэнэ. Судалгаанд оролцсон ихэнх хүмүүс тэднийг амжилтанд хүрэхэд аз, цаг хугацаа гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн үзэж байсан ч өөр бусад хүчин зүйлүүд нөлөөлж байгааг олж харсан юм.
Гайхалтай нь тэдгээр баян хүмүүс биднээс онцын ялгаагүй байна. Тэд бусад хүмүүстэй адил айдастай, үр хүүхдүүд болоод эрүүл мэнддээ санаа зовдог. Гэхдээ мэдээж бага зэргийн ялгаа бий. Энэ ялгааг судлаачид гурван хэсэг болгон хуваасан байна. Тэгэхээр тэрбумтан болсон хүмүүст дараах 3 чанар байдаг байх нь.

Эхний нууц бол тэд юунаас ч айдаггүй. Тэд хэзээ ч алдахаас айдаггүй. Их хэмжээний эд баялагт хүрэхийн тулд зарим нэгэн эрсдэлтэй алхмыг заавал хийх шаардлагатай болдог талаар судалгаанд оролцогсод онцолжээ. Хэрвээ та байнга аюулгүй байдалдаа санаа зовж, өөр зүйл оролдож үзэхээсээ цааргалаад байх аваас амжилтанд төдийлөн хүрэхгүй байж мэдэх юм. Түүнчлэн тэд хэдий алдсан ч алдаанаасаа байнга суралцаж, алдсан алдаа нь тэдний замд саад болохыг зөвшөөрдөггүй юм байна.

Хоёр дахь нууц бол асуудлыг олон талаас нь харж, боломжийг нээн илрүүлэх чадвар юм. Тэд асуудал үүссэн тохиолдолд нөхцөл байдлыг олон талаас нь харж, боломжийг эрж олдог байна. Хэдэн жилийн өмнө газрын тосны томоохон компаний гүйцэтгэх захирал шатахуун түгээх газруудынхаа үйл ажиллагааг сайжруулах санал гаргасан байна. Тэд ашигтай ажилладаг хэдий ч талбайг бүрэн гүйцэд ашиглаж чадахгүй байлаа. Хүмүүс шатахуунаа аваад л яваад өгдөг. Тэгвэл шатахуун авахын хажуугаар дэлгүүрээс идэх зүйлс авах боломжтой гэж тэр үзжээ. Энэ шийдвэрийг шүүмжлэгчид цөөнгүй байсан ч тэр үл хайхран, өөрийн санаагаа хэрэгжүүлснээр их хөрөнгөний эзэн болж чадсан юм.

Гурав дахь нууц бол тэдний гэрлэлттэй холбоотой. Гэхдээ энэ нь тэд баян хүнтэй гэрлэсэн, эсвэл баян хүний хүүхэдтэй гэрлэсэн хэрэг огт биш. Харин сайн хань тэднийг амжилтанд хүрэхэд гол үүрэг гүйцэтгэсэн гэдгийг баячууд дуу нэгтэйгээр хариулсан байх юм. Шинэ компани байгуулах, шинэ бизнес эхлүүлэх зэрэг нь давшгүй их ачаалал, стрессийг бий болгодог. Энэ үед сайн ханийн тус дэм, түүнд итгэх итгэл хамгийн чухал зүйл байдаг байна.
Олон тэрбумтангууд ядуу амьдралаар удаан хугацаанд амьдарсан байдаг. Тэдний хувьд бизнесээ эхлүүлэх мөнгөө олохдоо өөрийн хөрөнгөө барьцаалж байж олсон, хоёр ажил зэрэг хийдэг байсан, амжилт олохоосоо өмнө том хэмжээний алдагдал хүлээж байсан гээд олон гашуун дурсамж байдаг. Гэсэн ч ахин босох итгэл, эрч хүчийг хань ижил нь бий болгодог гэжээ. Баян байх гэдэг сайхан. Хүн бүр баян байхыг хүсдэг. Гэхдээ хүн бүрийн эцэстээ ухаарч ойлгодог зүйл бол мөнгө гэдэг зүйл нь юу ч биш юм. Үнэхээр баян байхыг хүсвэл эрүүл мэнд, гэр бүлээ хэзээ ч мартаж болдоггүй аж.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.