Нийслэлд рентген оношилгооны чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг 58 эрүүл мэндийн байгууллага, эмнэлэгт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гэнэтийн шалгалт явуулжээ. Шалгалтаар их эрсдэлтэй 16, дунд эрсдэлтэй 13, бага эрсдэлтэй 29 байгууллага үнэлэгдэж, давхардсан тоогоор нийт 737 зөрчил илэрсэн байна.
Зөрчил илэрсэн 28 эмнэлэг болоод бусад газарт улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлжээ. Тодруулбал, тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан ”Оксман”, “Хашталст”, “Бестдент”, “Эн Си Эм Би”, “Шударга гарц”, “Эдэндент”, “Би Си медикал”, “Имелагүн”, “Пасификдент”,” Кутикул”, “Эм Жи Коллейкшн”, “Одуванчик”, “Шинэ шидэт-Од”,” Энхномин-Эрдэнэ”, “Налайх урангар”, “Цэцэн сар”, “Жи И Би Эс”, “Энхийг цацруулагч”, “Амартүвшинмэнд”, “Энхцөгц”, “Фиссурит”, “Ци Ци”, “Огиноо”, “Смарт интеншион” гэсэн эмнэлгүүдийн рентген аппаратын ашиглалтыг улсын байцаагчийн актаар түр зогсоосныг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв. Мөн зөрчил гаргасан 18 эмч, ажилтанд нийт 15 сая 840 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Үүнээс гадна шалгалтаар ариутгасан багаж материалын хамгаалалт алдагдсан, баталгаажуулалт хангалтгүй, ариутгал хийдэг эмнэлгүүдэд мэргэжлийн ариутгагч ажилладаггүй, нэг удаагийн шприц, үзлэгийн хуванцар толийг дахин угааж халдваргүйжүүлж ашигладаг гэх зэрэг ноцтой зөрчлүүд илэрчээ. Зарим эмнэлгүүд сувилагчгүй ажилладаг байсныг тогтоожээ.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр, зарим шүдний эмнэлгээс гепатит буюу цочмог халдварт шар өвчин гарчээ.
Нийслэлд шүдний эмчилгээ, оношилгоо хийдэг нийт 241 эмнэлэг байдаг. Тэдгээрээс хувийн хэвшлийн 84 эмнэлгийг нийслэлийн Эрүүл мэндийн газраас шалгасан байна. Шүдний эмнэлгүүдийн 51,8 хувь нь түрээсийн, 48,2 хувь нь өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг ажээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.