НИТХ-ын дарга Ц.Сандуй саяхан ажлаа өглөө. 60 тэрбумын гэх хэрэг олонд ил болсноос хойш эрхэм улстөрчийн нэр хүнд нэг л сэвтэй болчихсон. Түүнийг албан тушаалаа өгч хариуцлага хүлээх ёстой хэмээн олон хүн үзэж байв. Гэсэн ч тэрбээр албан тушаалаа тийм ч амархан орхичихоогүй, нэлээд хугацаанд дуугүй суусан. Харин мэргэжлийн Засгийн газрын хувь заяа яригдаж эхлэх тэр цагтай зэрэгцэн Ц.Сандуй огцрохоо мэдэгдсэн байдаг. Тэрбээр ажлаа өгөх болсон шалтгаанаа 60 тэрбумын асуудалтай огт холбосонгүй. Харин ч энэ хэрэгт буруугүй болохоо батлахын тулд албан тушаалаа өгч байна хэмээн сэтгүүлчдэд тайлбарласан.
Албан ёсны өргөдлөө “Нийслэлийн МАН-ын хороо 2016 оны УИХ-ын сонгуулиар таамаглаагүй ялалтын авчирсан ч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар нийслэлийн дүүргүүдэд ялагдсан учир албан тушаалаа өгч байна” гэжээ. Өргөдлийг өнгөрсөн баасан гаригт НИТХ-аар хэлэлцэн Ц.Сандуйг ажлаас нь чөлөөлсөн. Үнэхээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль МАН-ын хувьд том сануулга болсон. Нийслэлийн долоон дүүрэгт ялагдаж энэ нам түүхэндээ байгаагүй дүнгээ сонссон. Одоогоор энэ ялагдалд “миний буруу” хэмээн гараа өргөж хариуцлага хүлээсэн нь ганцхан Ц.Сандуй болж таарлаа. Гэвч Ц.Сандуй ганцаараа хариуцлага хүлээгээд үлдэнэ гэвэл хэтэрхий өрөөсгөл болно. Нийслэлийн МАН-ын хорооны хувьд Хотын дарга Су.Батболдоос эхлээд чирэгдэх хүн олон бий. Су.Батболд анх хотын дарга болохдоо Нийслэлийн иргэдэд таалагдаж сонгуулийн үед тэдний саналыг авах хэмжээнд намын нэр хүндийг өргөх үүрэг хүлээсэн нь лавтай. Гэтэл ажлаа аваад жил ч болоогүй байтал Ерөнхийлөгчийн сонгууль болж намын нэр хүндийг өргөх нь битгий хэл навс унагасан нь сонгуулийн дүнгээс харагдана.
Ер нь Су.Батболдыг хотын дарга болох гол тохироог Ц.Сандуй хийсэн байдаг. Гэтэл 60 тэрбумын хэрэг ил болж Ц.Сандуйн нэр хүнд унахтай зэрэгцэн хотын дарга жийрхэсэн үү, нэг хэсэг “Хот хоёр толгойтой боллоо”, “Хотын дарга нар хоёр тийшээ харлаа” хэмээн бичигдэж байлаа. Ямартай ч Ц.Сандуй, Су.Батболд нар хотын өмнөх удирдлага шиг сайн хамтрагчид байж чадсангүй. Үнэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр МАН дүүргүүдэд унасан шалтгааны эзнийг олж хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзвэл Су.Батболд ч үлдэх учиргүй юм. Нийслэлийн иргэдийн саналыг авах нь тухайн намаас сонгогдсон Хотын даргын ажил, хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаатай шууд биш юм аа гэхэд ямар нэгэн сэжимээр холбогдож таарна. Тэгэхээр нийслэлийн иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчинд саналаа өгсөн нь одоогийн хотын удирдлагуудын үйл ажиллагаанд тийм ч таатай ханддаггүй гэдгийг харуулж байна. Нийслэлийн долоон дүүрэгт МАН ялагдал хүлээсэн. Үүний хариуцлагыг Су.Батболд ч хүлээх ёстой.