Хүүхэд хамгаалал гэж юу вэ

2020-05-5 Гэр бүл

Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлын нэг бол яах аргагүй хүүхэд хамгааллын тухай юм.

Энэхүү асуудлын гол цөм нь эцэг эхчүүдийн гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хүн болж төлөвшихдөө олж авсан академик боловсрол билээ. Тэр ч утгаараа цаг хугацааны аль ч үед аав ээжүүдийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх талаар нэгдсэн шийдэлд хүрэхийг зорилго болгон өдийг хүрсэн.

Гэхдээ энэхүү асуудал нь зөвхөн Монголд ч биш дэлхийн улс орнуудад ус агаар мэт үгүйлэгдэж буй юм. Тэр ч утгаараа энэ асуудалд ихээхэн анхаарч янз бүрээр шийдэж байгаа үй олон туршлага сургамж байна. Энэ хүрээнд ажиглагдаж байгаа нэг нийтлэг зүйл бол эцэг эх, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, багш сурган хүмүүжүүлэгч, төрийн болон төрийн бус байгууллагууд өөр өөрийн үүрэг хариуцлагатай байж түүнийгээ хэрэгжүүлэх явдал юм.

Ингэхдээ иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг гамшиг ослоос хамгаалах үүрэгтэй Онцгой байдлын байгууллагын зүгээс онцгой байдлын үед хүүхэд хамгаалал, урьдчилан сэргийлэх талаар аав ээжүүд чухам юуг анхаарах ёстойг маш товчоор тоймлон мэдээлж байна.

Онцгой байдал гэж тодорхой нутаг дэвсгэрт хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, эд хөрөнгөнд хохирол учруулсан, хүмүүсийн амьдрах нөхцөл боломжийг алдагдуулсан аваар осол, байгалийн аюулт үзэгдэл, сүйрэл, байгалийн болон бусад гамшиг болсныг хэлдэг.

Хүүхэд хамгаалал гэдэг нь нийгмийн бүх орчинд хүүхэд бүрийг үл хайхрах байдал, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрээс, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх зорилготой олон талт, цогц, мэргэшсэн үйл ажиллагаа юм. Харин урьдчилан сэргийлэх гэж аливаа үйл явдал, нөхцөл байдлыг бий болгохгүй байхын тулд урьдчилан авч байгаа арга хэмжээг хэлнэ.

Үүнээс үзэхэд:
Онцгой байдлын үеийн хүүхэд хамгаалал ба урьдчилан сэргийлэлт гэдэг нь осол, гамшгийн үед хүүхдийг үл хайхрах явдал гаргахгүй байх, эрсдэлт нөхцөлд өртөхөөс хамгаалах зорилгоор урьдчилсан арга хэмжээнүүд авсан байхыг хэлж байна.

Манай орны хувьд түгээмэл тохиолддог болон тохиолдож болох осол гамшгийн төрлүүд гэвэл объектын болон ой хээрийн түймэр, зам тээврийн осол, хүчтэй цасан болон шороон шуурга, үер, аянга цахилгаан, хүн малын гоц халдварт өвчин, химийн хорт бодис, хий алдагдах, асгарах, тэсрэх дэлбэрэх бодисын аюул, газар хөдлөлт гэх мэт олон гамшиг осол байдаг бөгөөд үүнд олон хүүхэд өртөж амь нас эрүүл мэндээрээ хохирсон судалгаа байна. Тэсрэлт, дэлбэрэлт, нуралт, аянга цахилгаан, автын осол, газар хөдлөлт гээд ихэнх осол гамшиг нь гал түймэрийг бий болгодог. Янз бүрийн үүдэлтэй гал түймрийн аюулаас жилд 450 орчим хүний амь насыг аварч байгаа хэдий ч 50-60 хүн амь насаа алдаж байгаагийн 20-50 орчим хувь нь хүүхэд байна. Тэдгээрийг насаар нь ангилж үзэхэд дийлэнх нь 3-6 насны хүүхэд байгаа бөгөөд энэ нь “манай хүүхэд том боллоо, юм ойлгоддог, ухамсарладаг, биеээ даахтай боллоо” гэж тайвшран гэртээ ганцааранг нь үлдээдэг, хараа хяналтгүй орхидогтой холбоотой болохыг харуулж байна. Объектын гал түймэр гол төлөв нэг дэх, тав дахь, хагас сайнд эсвэл сургуулийн амралт эхлэх үеэр ихсдэгийг олон жилийн судалгаа харуулж байна. Гал түймрийн шалтгаан нөхцлийг судлаж үзэхэд хүүхдийн болгоомжгүй үйлдэл, насанд хүрэгчдийн хориглоод байдаг гал түлэх, цахилгаан зуух, лаа, шүдэнз асаах зэргийг туршиж үзэх гэсэн сониуч зангаас үүдэлтэй байх нь олонтой байна. Хүүхдийн болгоомжгүй үйлдлээс болж гарсан гал түйлмрийг цаг хугацааны хувьд авч үзвэл 11.00-18.00 цагийн хооронд гарсан байна. Үүнийг цэцэрлэгийн насны нийт хүүхдийн дөнгөж 40 орчим хувь нь цэцэрлэгт хамрагдаж үлдсэн 60 хувь нь эцэг эхийн хараа хяналт сул, эрсдэлтэй орчинд амьдарч байгаатай холбож үзэхээс өөр аргагүй юм.
Түүнээс гадна хүүхдүүд ахуйн осолд нэрвэгдэж гэмтэж бэртэх, амь насаа алдах явдал маш их байна. Үүнд хүүхдийн ахуйн ослоор нас баралтын 21 хувь нь зам тээврийн осол, 16 хувь нь түлэгдэлт, 14 хувь нь усанд живэх, 17 хувь нь хордолт, 32 хувь нь юмнаас унах зэрэг бусад шалтгаантай байна. Ахуйн түлэгдэлтийн 91.3 хувийг 1-4 насны хүүхэд эзэлж байгаа нь онцгой анхаарал татаж байгаа бөгөөд аав ээжүүд гэр орондоо байхдаа ч бага насны хүүхдүүдээ харж хандахгүй зөн нь орхидогийг харуулж байна. Осол гарах болсон шалтгааныг судалж үзэхэд 89.3 хувь нь эцэг эхийн хараа хяналт сулаас, 10.7 хувь нь анхаарал болгоомжгүй байдлаас болсон байна.

Энэ бүгдээс үзэхэд хүүхэд хамгаалал болон гамшиг ослоос урьдчилан сэргийлэх талаар эцэг эхчүүд, аав ээжүүдийн үүрэг хариуцлагыг онцгой сайжруулах шаардлагатай байна.

Үүнд:
1. Эрүүл Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа “хүүхдийг осол гэмтлээс сэргийлэх үндэсний стратеги”-д Хүүхэд хамгааллын асуудлаар эцэг эх, асран хамгаалагчидад чиглэсэн мэдлэг, хандлага, дадлыг дээшлүүлэх сургалт сурталчилгааг өргөжүүлэх, хөршийн холбоог байгуулах, болзошгүй ослын сэрэмжлүүлэг, мэдээ мэдээллийг түгээх талаар дэвшүүлсэн зорилтыг холбогдох байгууллагууд онцгой анхаарч аав ээжүүдэд зориулсан сургалтыг эрчимжүүлэх,
2. Онцгой байдлын үед эрэн хайх, аврах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх анхны хүн аав, ээжүүд, гамшиг, осол гарсан орчинд хамгийн ойр байгаа иргэд байдаг. Яагаад гэвэл аврагчид дуудлага аваад тодорхой хугацааны дараа ирдэг тул минут, секундээр хэмжигдэх хүний амийг аврахын тулд тэднийг хүлээлгүй аврах, анхны тусламж үзүүлэх ажиллагаа явагдаж байх ёстой. Үүний тулд төрөл бүрийн гамшиг ослоос хүүхдийг хамгаалах талаар эцэг эхчүүд чухам юу хийх ёстой талаар зааварчилгаа гаргаж түүнийгээ нийтийн хүртээл болгох, үүний тулд:
a) Хүүхэд хамгааллын талаар насанд хүрэгчдийн үүрэг
b) Байгалийн гамшгийн үед хүүхэд хамгаалах аргачилсан зөвлөмж
c) Осол аваарын үед хүүхэд хамгаалах аргачилсан зөвлөмж
d) Газар орон, орон байр хүнд металиар бохирдсон үед хүүхэд хамгаалах аргачилсан зөвлөмж
e) Хүүхдийг нүүлгэн шилжүүлэх
f) Хүүхэд хамгааллын хүн нэг бүрийн хэрэгсэл, түүнийг ашиглах заавар зэргийг багтаасан хялбаршуулсан зааварчлагаа гарган хэвлэн нийтлүүлж нийтийн хүртээл болгох,
3. Хүүхдийг ахуйн осол болон онцгой байдал тохиолдсон үед хэрхэн яаж хамгаалах талаар хүүхэд болон эцэг эхчүүд, насанд хүрэгчдийн ажиллагааг харуулсан хүүхэлдэй кино, телевизийн рубрик, плакат, зурагт хуудас, нугалбар, товхимол гаргаж хүн нэг бүрт хүргэх,
4. Нилээд улс оронд хүүхдийг хараа хяналтгүй орхивол эцэг эхэд нь хуулийн хариуцлага хүлээлгэдэг, эсвэл бага насны хүүхэдтэй эмэгтэй өөрөө ажил эрхэлсэн тохиолдолд хүүхдээ эхийн хайр халамжинд өсгөж хүмүүжүүлэхийг албадах зорилгоор татвар ногдуулдаг зэргээр бага насны хүүхдийг ээжийн байнгын асрамжинд өсгөн хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ авч хэрэгжүүлдэг байна. Монгол Улсад хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт аргаас гадна энэ мэт албадлагын арга хэмжээ авахад ч буурдахааргүй нөхцөл байдал үүссэнийг анхаарах цаг болсныг зориуд тэмдэглэж байна.
5. Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлтэй нөхцөл байдалд орохгүй байх үүднээс аав ээжүүд, асрах хамгаалагч, харгалзан дэмжигчид, нийт насанд хүрэгчид хүүхэд хамгааллын арга хэмжээг байнга авч байх ёстой. Үүний тулд эдгээр хүмүүс хүүхэд хамгаалал, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх талаар мэдлэгтэй, чадвартай, дадал зуршилтай болсон байх шаардлагын үүднээс БСШУСЯ, ОБЕГ, ГБХЗХГ хамтран хүүхэд, аав ээж, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч, аврагчдад зориулсан сургалтын хөтөлбөр төлөвлөгөөнүүдийг гаргаж хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Аав ээжийнхээ ухаан хайр хоёр алаг үрс нь жаргаж амьдрах болтугай

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.