Маш том албан татвар

2021-11-27 Нийгэм

Сугалаатай болгосноор иргэд худалдан авалт болгондоо и-баримт шаардаж, нэхэл хатуутай татварын байцаагчид болж хувирлаа. Орой бүр айлуудад “баримтаа оруулах” нэртэй ажил ундардаг болов. Улсаараа хөдөлж байна.

Нэг.

Манайд сүүлийн хэдэн жил болж бүтэж байгаа хэдэн юмны нэг нь Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (НӨАТ) гэнэ. Үүний ачаар далд эдийн засгийг орвонгоор нь эргүүлэн ил гаргаж эхлэв. Сугалаатай болгосноор иргэд худалдан авалт болгондоо и-баримт шаардаж нэхэл хатуутай татварын байцаагчид болж хувирлаа. Орой бүр айлуудад “баримтаа оруулах” нэртэй ажил ундардаг болов. Улсаараа хөдөлж байна.

Ер нь НӨАТ гэж яг юу вэ? Энд тэндээс уншаад ерөнхийд нь ойлгосон. Гэхдээ олон улсад ч маргаан дэгдээдэг татвар юм байна. Харин манай эдийн засгийн хүмүүсийн яриагаар бөөн будлиан. Зарим нь НӨАТ бол жинхэнэ татвар биш, зөвхөн бүртгэлийн зорилготой дамжлага учраас бүрэн буцааж олгох ёстойг нотолжээ. Манайд ямар ч байсан хоёр хувийг буцааж олгохоос гадна сугалаа явуулж урамшуулдаг. Гэсэн ч иргэд буцаадаг хувийг нэмэхийг байнга шаарддаг ажээ. Харин тун саяхан Сангийн сайд Б.Жавхлан тэр хоёр хувийг хэзээ ч нэмэхгүй, ер нь НӨАТ-ын 10 хувийг нэмэгдүүлж ч магадгүй гэж хатуурхаад зогсохгүй энэ асуудалд бүдүүн гэгчийн цэг тавилаа. Тэрбээр НӨАТ-ыг бүрэн буцааж олгохгүй юм бол цуцалбал ямар вэ гэсэн сэтгүүлчийн асуултанд,

-Энэ бол төсвийн орлогын гуравдах (дөрөвдэх гэсэн байж ч магадгүй, яг санадаггүй ээ) том эх үүсвэр учраас цуцлахгүй.

Гүйцээ. Төр асуудлыг ингэж “зангарагтай” шийддэг юм байна. Элдэв маргаан мэтгэлцээнээ зогсоо гэж байна.

Хоёр.

Сар бүрийн хорьдоор НӨАТ-ын баримтын сугалааны тохирол зурагтаар явагдаж байна. Өнгөрсөн Ням гаригт ээлжит тохирол “Боловсрол” суваг телевизээр гарахыг үзлээ. Гучаад мянган азтанг аравхан минутын дотор гялс шалгаруулж чаддаг нь гайхалтай. Хэд хэдэн сонин тоог мэдэж авлаа. Нэг сарын 56 сая баримт гэсэн тоог үржүүлэхэд жилдээ 700 сая шахам баримт хэвлэгдэн гардаг. Үүнээс 60 гаруй хувийг л бүртгүүлж сугалаанд оролцуулдаг. Үлдсэнийг бүртгүүлдэггүй, хаядаг, мартдаг, бас бус шалтгаантай байх.

Аравдугаар сарын 34 сая 956 мянга 869 баримт энэ удаагийн тохиролд оролцлоо. Үндсэн сугалаагаар 31555 хүн тус бүр 30 мянга, 3181 хүн 100 мянга гэх мэтээр өссөөр гурван сая төгрөгийг гурван хүн хожив. Хамгийн том 20 сая төгрөгийн азтан тодроогүй. Дараа нь Супер сугалаа явуулахад 30 саяыг хэн ч хожсонгүй. Хэдэн жилийн өмнө НӨАТ-ын сугалаа эхлэхэд анхны супер шагнал 500 сая байсан төдийгүй түүнийг хэн нэгэн хожсон бол одоо хэд дахин багассан энэ шагнал эзнээ олохоо больсон гэлцэнэ.

Яагаад юм бол? Найман шилэн хорго тус бүр 10 бөмбөлөгтэй, тэндээс нэг нэг тоо тохиолдлоор үсэрч гардаг. Тэгэхээр нийт 99.999.999 баримтын дугаар таарах магадлалтай гэсэн үг. Харин оролцсон баримтын тоо 34.956.869 гэхлээр тохирлын гуравны хоёр нь тэртээ тэргүй огт байхгүй баримтын дугаарууд дээр таарч байна. Ийм учраас супер сугалаанд хожих магадлал өчүүхэн. Арай шударга бус уу? Нэгэнт бүртгүүлсэн 34 сая баримтын дундаас заавал нэг нь хожихоор тохирлоо явуулж болох уу? Иргэд тэртээ тэргүй худалдан авалтаа хийсэн, НӨАТ-аа төлсөн, сайн дурын байцаагчийн ажлаа хийсэн ч Б.Жавхлан сайдын үед найдваргүй биз.

Харин сугалааны тохирлын үйл явцын шударга нь дэндүү. Стандартчилал, хэмжил зүйн газрын мэргэжилтэн, ЦЕГ-ын ахлах байцаагч, Татварын ерөнхий газрын байцаагч гурвын хурц хараан дор, тэгээд орон даяар шууд явагдлаа. Хөтлөгчийн амнаас өөр юу ч оролцоогүй.

Гурав.

Улс төрийн сонгууль бас төстэй санагдав. Санал хураалт өө сэвгүй, төгс явагддаг болжээ. Хар машин өчүүхэн ч алдаа мадаг гаргадаггүйг бүгд хүлээн зөвшөөрч хоёр гараа өргөлөө. “Сонгуулиар хэнд хэдэн санал өгсөн нь бус, яаж тоолох нь чухал” гэх 90-ээд оны хардлага хүчингүй боллоо. Бидэнд таалагдсан, таалагдаагүй сонголтын дүн санал хураалтаар биш, түүнээс өмнө шийдэгдсэн байдаг.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.