Б.Найдалаа: Ерөнхийлөгчийн сонгуулийг сонголттой болгохын төлөө ажиллана

2021-01-18 Улс төр

Хөдөлмөрийн Үндэсний Намын Их хурал өнгөрсөн пүрэв гараг буюу 2021 оны нэгдүгээр сарын 14-нд цахим хэлбэрээр Улаанбаатар хот болон орон нутгаас нийт 120 төлөөлөгч оролцсон гэх мэдээлэл бий. Энэхүү хурлаар тус намын дарга Б.Найдалаа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хэлэлцэн шийдвэрлэж, Намын шинэ даргаар УИХ-ын гишүүн Т.Доржханд сонгогдсон юм. Ингээд тус намын Удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон Б.Найдалаатай ярилцлаа.

-Намын Их хурал хуралдаж, та намын даргын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн нь ямар шалтгаантай юм бэ?

 -ХҮН-ын хурал дүрмийнхээ дагуу заасан хугацаандаа цахимаар хуралдаж, хэд хэдэн чухал шийдвэр гаргалаа. Тухайлбал, намын даргын албаны буухиаг миний өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүн Т.Доржхандад шилжүүлсэн . Мөн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга ажлаа П.Ганзориг гэж шинэ лидерт шилжүүлж, хариуцлагын хорооны даргыг томилсон гэхчлэн удирдлагын түвшинд бага зэргийн сэлгээ хийсэн.

-Сэлгээ хийх шаардлага нь юу байсан юм бэ? 

-Үнэндээ ХҮН-д хэн дарга байх нь чухал биш. Би хүсэлт өгч санаачлан албаа өгсөн. Яагаад гэвэл нам, улс төрийн институцийн хувьд одоогийн нөхцөл байдалд бидэнд сэлгээ хийж, илүү хүчтэй, иргэдийн хүсээд байгаа нам болох нүүдэл хэрэгтэй байгаа юм. Намын нөхцөл байдал өмнөх шигээ биш болсон. Өмнө нь харьцангуй цомхон байсан бол өдгөө УИХ, нийслэл, дүүргүүдэд төлөөлөлтэй өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг нам болсон.

Дэмжигч, гишүүдийн тоо ч эрс нэмэгдэж байна. Ер нь нам гэдэг ганц дарга нь яриад яваад байдаг зүйл биш. Цаана нь иргэдийн итгэлийг алдахгүйн тулд судалгаа хийдэг, иргэд, гишүүдтэйгээ тулж ажилладаг цул институц байх ёстой. Тэр ч утгаараа удирдлагын сэлгээ хийж, хамгийн үр ашигтай, оновчтой зохион байгуулалтад орж байгаа гэж ойлгож болно.

-Намын даргад томилохдоо ямар шалгуур тавьсан юм бэ. УИХ-ын гишүүн гэдэг нь гол үзүүлэлт биш биз дээ? 

-Нэгдүгээрт, Т.Доржханд гишүүн улстөрчдийн дундах чансаагаараа эхний тавд аль хэдийн ороод ирсэн. Өөрөөр хэлбэл, иргэд сонсож байна, иргэдэд таалагдаж байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр манай намыг шинэчлэн зохион байгуулагч, санаачлагчдын нэг. Том лидерүүдийн учраас улс төрийн манлайллыг яалт ч үгүй авч явсан. Товчхондоо Т.Доржханд гишүүний туршлага, манлайлал энэ цаг үед намд хэрэгтэй.

Хоёрдугаарт, УИХын гишүүнийг дэмжиж, шийдэл гаргахын тулд бид нар нам дотроо зохион байгуулалт илүү сайтай байж, дэмжиж ажиллах ёстой. Мөн нэмэгдэж буй гишүүдийг бүртгэлжүүлж, намын үзэл санаа, бодлого, ёс зүйн сургалт хийх, санамсаргүй цүнх баригч дээшээ гардаггүй, шалгарсан чин сэтгэлтэй, ёс зүйтэй нь гардаг тогтолцоог бэхжүүлэх ёстой.

 Ингэхийн тулд Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргаас өөр өнцгөөр дотоод руугаа чиглэсэн ажил хийх шаардлагатай байгаа юм. Гадагшаа сонгогчид, дотогшоогоо намаа бэхжүүлэх ажлыг тусад нь ялгаад чиглэсэн ажлыг илүү оновчтой, эрч хүчтэй хийх хэрэгтэй. Миний бие УЗ-ийн даргаар ажиллахаар болсон гэдэг нь дотоод руугаа чиглэсэн ажлаа ахална гэсэн үг.

-Удахгүй Монгол Улсын Ерөнхйилөгчийн сонгууль болно. Эл сонгуульд ХҮН ямар байр суурьтай оролцох вэ?

 -Харамсалтай нь Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиуд дандаа сонголтгүй явж ирсэн. Сонгоё гэсэн ч сонгох хүн олддоггүй. Ямар сайндаа 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар иргэдийн 8.5 хувь нь цагаан сонголт өгч байх вэ дээ. Харин ирэх Ерөнхйилөгчийн сонгуулийг бид сонголттой болгох гэж хичээнэ. Өнгөрсөн УИХ, нийслэл, дүүргийн сонгуулийг ХҮН сонголттой болгож өгсөн. Яг тэрэн шигээ Ерөнхийлөгчийн сонгуулийг сонголттой болгох гэж хичээнэ.

 Бид, нам гэж хэдхээн хүн тойрч суучихаад хэн нэгнийг дэвшүүлээд гаргаад тавьчихдаг зүйл биш гэж үзэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч бол нэг намын ерөнхийлөгч биш. Нам харгалзахгүйгээр, гишүүд дэмжигчид, мөн бусад намын гишүүд, иргэдээсээ ямар хүнийг ерөнхийлөгч болгох вэ гэдэг саналыг нь нээлттэй авна. Хэн байвал өнөөдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүргийг сайн гүйцэтгэж чадах вэ, хэнийг дэмжих вэ гэж ярилцаж байгаад хамгийн сайн тохирох хүнийг гаргаж дэвшүүлэхийн төлөө ажиллана.

-Саналаа аваад эхэлчихсэн юм уу? 

-Албан ёсоор эхлээгүй ч албан бусаар байнга л яригддаг. Хүмүүс цахимаар саналаа илэрхийлж, утсаар ярьж байна. Хэнийг дэвшүүлэхийг бид биш, иргэд сонгогч, дэмжигчид шийдэх ёстой. Нөгөөтэйгүүр намд огцом амжилтад бялуурч иргэдийн итгэлийг алдахгүй, алдаа гаргахгүй байх их чухал шүү. Өөрөөр хэлбэл, богино хугацааны улс төрийн амьдралд хөтлөгдөөд иргэдийн хүсээгүй авлига, бүтэц, хуйвалдаанд орчих вий гэх болгоомжлол. Жишээ нь Найдалаа гэдэг хүн дарга байх нь чухал биш. ХҮН-д байхгүй байсан ч болно. Хамгийн гол нь хүсэж, зориод буй Монголд хэрэгтэй улс төрийн институцийг бүрдүүлэх нь л чухал байна.

-Намуудын хувьд нэр дэвшигчдээ тодорхойлчихсон, нийгэмд яригдаад эхэлчихлээ. Тэгэхээр танай намаас нэр дэвшигч олны танил, хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх л хэрэгтэй болох нь дээ? 

-Үнэн, бид аль болох иргэдийн санал хүслийг харгалзан нэр дэвшигчээ сонгоно. Нэг нам, намын удирдах зөвлөлийн асуудал биш гээд хэлээд байгаа минь энэ. Нийт улс орны маань асуудал учраас иргэдээс асууна гээд байгаа юм. Мэдээж тэр санал болгосон хүн нь боломжтой, нэр дэвших зорилготой, зоригтой, чадвартай байх ёстой. Бид тэр хүнийг гаргахын тулд хичээнэ.

Цаана нь Монгол Улсын хэмжээнд насанд хүрсэн Ерөнхийлөгч хийчихээр мэдлэг чадвартай, зорилготой, итгэл үнэмшилтэй хүмүүсийн сонголт хэр байна вэ гэдэг нь нийтийн асуудал. Биднээс шалтгаалахгүй. Мэдээж бид сайн хүн нэр дэвшүүлэх гэж хичээнэ. Гэвч нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн сайн хүн байна уу, байхгүй юу гэдэг нь өөрөө асуудал байгаа юм.

 Шуудхан хэлчихэд, минийхээр сүүлийн 20-30-аад жил Монголын улс төрийн нөхцөл байдал, амьдрал бурангуй явж ирсний гай одоо гарч ирж байна. Бэлтгэгдсэн, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, хулгайтай холбогдоогүй, худал хэлдэггүй тийм улстөрч байхгүй болчихсон. Эсвэл маш ховор байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс энэ түвшнийхээ буюу дараагийнхаа Ерөнхийлөгчийг бэлдээгүй гэсэн үг. Ийм л нөхцөл байдалтай байна. Гэхдээ бид одоо байгаа нэр дэвшигчид, боломжит хүмүүсдээ иргэдийн саналыг нээлттэй авч Ерөнхийлөгчийн сонгуулийг сонголттой байлгахын төлөө бүх зүйлийг хийх болно.

-Гэвч танай намыг наанаа ингэж ярьдаг Ц.Элбэгдоржийн халаасны нам гэх яриа бий. Энэ тал дээр тайлбар өгөх үү? 

-Анх нам байгуулагдах үеэс л ярьсан даа. Ерөнхийлөгч Х.Баттулгынх, З.Энхболдынх, сүүлдээ Ц.Элбэгдоржийнх болсон. Одоо хэнийх болох юм бэ, бүү мэд. Энэ ярианы тухайд бид цаг тухайд нь тов тодорхой няцааж ирсэн. Хувь хүн талаас нь дээр нэр дурьдсан хүмүүстэй сөрөг харилцаа байхгүй. Гэхдээ Монголыг хөгжүүлэхэд, Монголын улс төрийг цэвэршүүлэхэд эдгээр хүмүүсийн үүрэг нэг их сайн байгаагүй.

Бид нарт энэ хүмүүстэй холбогдож, зааварчилгаа аваад, яаж улсыг хөгжүүлж, нам байгуулах тухай асуух шаардлага байхгүй. Мэдлэг, шинэ хандлага манай намын залуучууд, дэмжигчид, гишүүдийнх нэр дурьдсан нөхдийнхөөс хавь илүү учраас холбогдох, дэмжлэг зөвлөгөө авах ямар ч шаардлага алга даа. Бидэнд тэр хүмүүсийн мэдлэг одоохондоо хэрэггүй болохоор ямар ч холбоогүй гэж ойлгоорой.

-УИХ-д суудалтай намын хувьд, өнөөгийн төр засгийн “ковид19” халдвартай холбоотой гаргаж буй шийдвэрүүдийг хэрхэн харж байна вэ? 

-Цар тахал бол Монголд үүссэн асуудал биш. Хүн төрөлхтөн, дэлхий нийтийн өмнө тулгарсан давагдашгүй, онцгой нөхцөл байдал учраас улс төржмөөргүй байна. Мэдээж намын зүгээс цаг тухай бүрд тулгарсан нөхцөл байдлыг давах арга, эдийн засгийн хямралаас ангид байх зөвлөмж, саналаа хүргүүлсэн, цаашид ч хүргүүлнэ.

Ер нь хувь хүний хувьд ч дэмий шүүмжлэлээс болж үүсэх сөрөг нөхцлөөс болгоомжилдог. Яагаад гэвэл цаана нь олон мянган төрийн албан хаагч, олон зуун хүн цаг нойргүй ажиллаж байна. Энэний цаана асуудал бол мэдээж бий. Асуудлыг нь ул сууриар нь харах хэрэгтэй. Өнөөдөр нэг буруу юм хийчихлээ гэж буруутгахдаа гол биш шүү. УОК-ыг төгс ажиллаж байна гэж хэлж чадахгүй.

Гэхдээ шалтгаан нь тэнд ажиллаж байгаа хүмүүс алдаа хийгээд, муу байгаадаа байгаа юм бас биш. Олон жил улстөржсөн төрийн алба, томилгоогоо дутуу хийж ирсэн байдал, төрийн албаны цалин нь муу, сургалт дадлага нь тааруу, хэтэрхий чадавхгүй болсон нь одоо л илэрч байгаа болохоос биш хэдхэн хүн алдаа хийгээд байгаа юм биш л дээ. “Ковид 19”-ийн дараа сургамж аваад төрийн албаныхаа шинэчлэлийг эрчимжүүлэх хэрэгтэй.

Төрийн албанд чадвартай нь орж, хийснийхээ хэрээр өндөр цалин авч, хэнээс ч гуйлгүй амьдарч чаддаг байх ёстой. Хувийн хэвшлээс ялгарах сургалт, дадлага, манлайлал хэрэгтэй байна. Цогцоор нь хийхгүй бол нэг сул чадвар муутай даргаас болж үнд эсний хэмжээний асуудал үүсэх эрсдэл бий гэдгийг л харлаа. Товчхондоо ойр зуурын шүүмжлэл хэлж, хийж байгаа ажилд саад болохоосоо илүүтэй сууриар нь яаж өөрчлөх вэ гэдгээ л бодох ёстой. ХҮН намын дараагийн мөрийн хөтөлбөрт энэ асуудал ороод явна.

-Эдийн засгийн байдал хүндэрчихлээ. Дээр дооргүй… Дараагийн гарц гаргалгаа гээд зөвлөх зүйл байна уу?

 -Монгол Улсын эдийн засаг АНУ, ХБНГУ, Япон гээд том эдийн засгийг бодвол өөр, өвөрмөц л дөө. Зогслоо гэхэд алдагдал нь харьцангуй бага. Төрийн мэдлийн том уул уурхайн компаниуд буюу импортоор дамжуулаад үндсэн орлогоо авах боломжтой. Харьцангуй төр нь, төсөв нь том гэсэн үг. Гэхдээ цаашдаа зөвхөн төрөөс мөнгө өгөөд ч юм уу, өнөөдрийн байдлаар явах боломжгүй.

Аль болох хурдан хорио цээрээ зохистой хэмжээнд бариад, зохистой хэмжээнд бизнесээ явуулах арга чарга бодохгүй бол эдийн засаг эргээд сэргэхэд хэцүү. Ялангуяа жижиг, дунд бизнес нэг зогсчихвол эргээд сэргэхэд байгуулж байгаа юм шиг ажил гарах магадлалтай. Өөрөөр хэлбэл жижиг, дунд бизнесийг “алах” магадлалтай.

Том бизнес бол түр зогслоо, буцааж “крант”- аа нээгээд ажиллаад явах боломжтой байдаг. Энэ аюулыг л сайн тооцоолох хэрэгтэй. Хориог бага багаар тавьж байгаа нь зөв шийдэл. Мэдээж, хорио тавиад өвчлөл халдвар нэмэгдвэл буцааж чангалах нь зөв л дөө. Өөрөөр хэлбэл, хорио тавихаар халдвар нэмэгдээд, тэр нь эргээд иргэдэд санхүүгийн хүндрэл учруулахуйц байвал хориондоо байж байсан нь дээр.

Товчхондоо дэмжлэгээ том биш, жижиг, дунд бизнес рүү чиглүүлэх нь зөв гаргалгаа болно. Гэхдээ ажиллаж байсан жижиг, дунд бизнес эрхлэгчид рүүгээ шүү. Шинээр эхлүүлэх гэж байгаад нь биш. Ялангуяа гайгүй ажиллаж, босож байсан хэсэгт нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна.

 -Дорвитой дэмжлэг байхгүй байна гэж хараад байгаа шүү дээ, өнөөдрийн байдлаар? 

-Татварын хөнгөлөлт, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулсан, цахилгаан дулааны үнийг тэглэсэн гээд бага сага дэмжлэг бий бий. Үнэндээ манай дэмжлэгийн ихэнх нь нийт иргэд рүү болон халамж маягаар тараад, хэрэгтэй газраа хүрч чадахгүй байгаа. Яг жижиг, дунд биенес эрхлэгчид гэж зориулсан юмгүй, хавтгайрсан байдлаар яваад байна.

– Ний нуугүй хэлэхэд иргэдийн зүгээс ХҮН намынхан хэтэрхий даруухан байна. Дуу хоолойгоо нийгэмд хүргэхгүй байна гэх шүүмжлэл байдаг. Магадгүй шүүмжилж биш, гарц гаргалгааг хамтдаа хийх гэсэн зарчимтай чинь холбоотой байх л даа? 

-Огт шүүмжлэхгүй байгаа юм бас биш л дээ. Шүүмжлэх юмаа бодох ёстой. Хорио зургаа биш долоон цаг байх ёстой ч гэдэг юм уу, иймэрхүү ажлын шинж чанартай юмыг шүүмжлэхгүй л гэж байгаа юм. Зарчмын хувьд шүүмжилмээр юм бол байна. УОК ажлын арга барил хоцрогдсон. Зүгээр мэдээлэл хийхдээ л хоцрогдсон нь харагдаж байна. Нэг юм хэлэхийн тулд 100 зүйл ярьж, чалчаа яриа мэт ярьж байна.

Тэгж тойроод байхаар сонссон хүн нь ойлгохгүй, яах гээд байгаа юм бол гэж гайхаад байгаа биз дээ. Ингэж ярьдаггүй юм. Зүгээр л мэргэжлийн чадвар нь дутаж байгааг харуулаад байгаа хэрэг. Гадаад улсын сайд нар болон мэргэшсэн онцгой комиссын ажил, мэдээллийг хараарай. Тов тодорхой хийх юмаа хийгээд хэлэх юмаа хэлээд, иргэд нь шууд ойлгодог.

УОК-ын мэдээллийг 30 минут сонсоод ч сайн ойлголт, мэдээлэл авч чаддаггүй. Яасан бэ, яахаар болов гэж бие биенээсээ тодруулж асуудаг. Нөгөөтэйгүүр биднийг дэмжигчид өөрсдөө энийг хүсдэг. Дэмий юман дээр битгий шүүмжлээрэй, хэрэгтэй зүйл дээр зарчмаа барь гэдэг. Манай намын бусад намаас ялгарах зүйл нь энэ. Тэрнээс биш юу ч хамаагүй, таалагдахгүйгээ гөвдөг, маргааш нь мартдаг улс төр хиймээргүй байна . Тийм төрлийн улс төрийн нам баймааргүй байна.

Шүүмжлэл гэснээс нэг зүйл дээр үнэхээр шүүмжлэлтэй ханддаг. Монгол Улс гадаадад байгаа иргэдээ үнэхээр хаячихсан байна. Ойлгож байгаа л даа, бидний хүч чадал хэр билээ, хэдэн онгоцтой билээ, мөнгө санхүү хэр билээ, буудал хэд билээ… Гэхдээ иргэд нь гадаадад гацчихаад байхад ямар ч хэл үггүйгээр хилээ хаачихна гэдэг төр засгийн хувьд байж болшгүй зүйл.

Хэцүү байж болно, гэхдээ төлөвлөгөө гаргаад ажиллаж болноо доо. Солонгосоос хэдэн онгоц төдий хугацаанд явна. Ажил амьдралаа зохицуулаарай. Тэрнээс илүү явж чадахгүй ч гэдэг юм уу. Тэрнээс биш зүгээр л бүдүүлэг байдлаар хүнээ хаяад нисдэг, эсвэл тойрон хүрээлэгчдээ нууцаар ачааны онгоцонд авчирдаг ёс зүйгүй, байж болшгүй зүйлийг бид тэвчихгүй.

-Ээлжит сонгуулиудын дараа цахим ертөнцөд таныг хамгийн азгүй улстөрчөөр тодруулчихсан байсан. УИХ, Орон нутгийн сонгуульд өвдөг шороодсонтой холбоотойгоор… Хувь улстөрчийн хувьд та ямар дүгнэлтэд хүрэв?

 -Надаас хамаарсан асуудал биш. Өнөөгийн Монголын улс төрийн нөхцөл байдалтай холбоотой асуудал. Тойрог болгон, хүн ам, нөхцөл байдал, бүтэц нь өөр. Манай намын гол дэмжигчдийн олонх нь Улаанбаатар хотод байдгаас хамаарч байгаа юм. Ялагдлын тухайд би огт санаа зовдоггүй. Манай намынхан, багийнхан өөрсдөө УИХ-ын гишүүн болох гээд байгаа юм биш.

Цэвэр, шинэ төрлийн цэвэр улс төрийн хүчин Монголд хэрэгтэй. Нийтээрээ амжилт олоод явбал болж байгаа юм. Ер нь би сонгогдохгүй байсан ч болно. Тэрний цаана бидний итгэл үнэмшил хүмүүсийн дэмжлэгийг авч, итгэл үнэмшилтэйгээр намаа авч явж чадах манлайлагчид гарч ирээд, сонгогдоод явбал болж байгаа нь тэр. Углуургаар нь авч үзвэл улс оронд маань хэрэгтэй.

З.УРСГАЛ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.