Чуулган: Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэлэлцэв

2025-03-31 Парламент

 

Хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэлэлцэв. 

Тус асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Монгол Улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны төлөвлөгөө хоорондын уялдаа хангагдаагүй буй шалтгаан, УИХ-ын гишүүн Ө.Шижир хяналтын байгууллагуудын үнэлгээний дүн зөрүүтэй байгааг тодруулав.

Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл, нийцлийн аудитын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд, Үндэсний аудитын газар хоёрдугаар сарын 15-ний өдөр холбогдох мэдээллийг аваад, Засгийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээний системд байгаа мэдээллийг нотлох баримттай нь тулгаж, хэрэгжилтийг нь гаргадаг. Үүнд хэд хэдэн алдаа байна гэж дүгнэсэн. Монгол Улсын хөгжлийн урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг тулгахад нийт 234 арга хэмжээнээс жилийн төлөвлөгөөнд 200 арга хэмжээ тусгагдаагүй байсан. Мөн Монгол Улсыг 2020-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 243 арга хэмжээний 108 арга хэмжээний хүрэх түвшин тодорхойгүй байсан. Иймд төлөвлөлтийн алдаанд хариуцлага тооцох эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлийг Улсын Их Хуралд өгсөн зөвлөмжид тусгасан гэж байлаа.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр хариултдаа, Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолд туссан журмын дагуу үнэлдэг. Салбарын яамны үйл ажиллагааны тайланг нотлох баримттай нь тулгадаг. Гэхдээ үнэлж байгаа аргачлал, шалгуур үзүүлэлт хоорондоо зөрүүтэй, уялдаагүй явж ирснийг онцлов. Харин Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, Засгийн газрын үнэлгээг бууруулсан гэх шалтгаан нь бид үйл ажиллагааг бус үр дүнг нь үнэлсэнтэй холбоотой. Монгол Улсын Засгийн газрын 206 дугаар тогтоолын дагуу журамд шалгуур үзүүлэлт, суурь түвшин, хүрсэн түвшин тодорхой бол холбогдох томьёогоор бодно гэсэн байв. Гэтэл нийгмийн халамж зорилтод бүлэгт хүрч, халамжийн үйлчилгээ ил тод, чирэгдэлгүй болно гэсэн зорилтыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх байгууллага үнэлэхдээ чанарын үнэлгээгээр 90 хувьтай гэж гаргасан байв. Бид журамд заасан томьёоллоор нь бодохоор 30 хувьтай болж байгаа юм хэмээн тайлбарлав.

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Хууль хоорондын нийцлийн алдаа гарч байна гээд цаашид дүгнэлтээ зөв гаргаад үүндээ үндэслээд төлөвлөлтөө хийх нь зүйтэй хэмээн хариулж байлаа.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Энэхүү асуудлыг Эдийн засаг болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх, шаардлагатай бол бусад Байнгын хороод хэлэлцэж болно гэсэн хуулийн заалттай. Бусад Байнгын хороодоос энэ асуудлыг хэлэлцье гэсэн санал ирүүлээгүйг дурдаад Монгол Улсын Үндсэн хуульд орсон өөрчлөлттэй холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын тухай болон бусад хуулиудад Монгол Улсын хөгжлийг урт хугацаанд төлөвлөдөг болох нөхцөл бүрдсэн. Үүнтэй холбоотойгоор анх удаагаа Монгол Улсын хөгжлийн урт хугацааныхаа төлөвлөгөөний гүйцэтгэлийг хэлэлцэж байгаа нь энэ хэмээн хариулав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүдийн оролцоотойгоор хөгжлийн төлөвлөгөөг тайлагнадаг, төлөвлөдөг, төсөвлөдөг энэ байдалд нэгдсэн ойлголтод хүрэхийн тулд Улсын Их Хурлын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан ажиллах санаачилга гаргаад байна. Уг ажлын хэсгийг байгуулаад богино хугацаанд ажиллуулж, тогтоолын төсөл боловсруулж, Улсын Их Хурлаар батлах боломжтой” гэв.

Түүнчлэн Б.Түвшин гишүүн хөгжлийн төлөвлөлт, тайлагналт, дүгнэлт хийх шалгуураа тодорхой болгох, улмаар хөдөө аж ахуйн нүүдлийн болон фермерийн аж ахуйн харьцааг хангасан эдийн засгийн эргэлтэд оруулах тогтолцоог боловсруулах, эрчим хүчний нүүрсний нөөцдөө түшиглэн үйлдвэрлэгч улс болоход анхаарах шаардлагатай гэсэн бол Д.Батлут гишүүн хүний хөгжлийг хангахдаа жижиг зорилтуудаа орхигдуулж болохгүйг анхааруулаад Үндэсний аудитын байгууллагын гүйцэтгэлийн аудитад төсвийн ерөнхийлөн захирагч болон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой 34.4 тэрбум төгрөгийн зарцуулалт тайлагнаагүй байна гэсэн нь хариуцлагагүйн зуд нүүрлэсэн эл байдлыг яаралтай зогсоох шаардлагатай гэлээ.

Ийнхүү Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж дууслаа.

 

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.