Хөгжилдөн цэнгэлдэх бүхэнтэй Фукуок арал

2025-01-20 Амрах агшин

Аялалын тэмдэглэл

 

Бидний хэдэн нөхөр Улаанбаатарынхаа утаа униараас жаахан ч гэсэн холдохын тулд хүүхдүүдийнхээ амралтаар Вьетнам улсын Фукуок арал руу арван хоногийн хугацаатай “дөрвөв”.  Тус арал руу сүүлийн үед манайхан олноороо явж буй нь онгоцны буудал дахь хурсан түмнээс илт харагдана. Ихэнх аялагчид гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө аялах болж. Нэг баг дор хаяж л 7-8 хүнтэй, 3-5 хүүхэдтэй байх аж.

Ийнхүү бид нийслэлээс шууд нислэгээр нийт 6 цаг орчим үргэлжлэх Вьетнамын зүг хөлгийн жолоо залав. Манай хоёр улс нь нэг цагийн зөрүүтэй бөгөөд багийнхан маань Фукуок аралд цэнгэлдэн хөгжилдөх төлөвлөгөө боловсруулсаар зорьсон газраа хүрэв.

Фукуок арлын тухайд, Вьетнам улсын өмнөд хэсэгт байрлах хамгийн том арал юм. Нийт 574 км2 газар нутагтай. Тансаг зэрэглэлийн ресорт, хувийн хаус, вилла болон амралтын газруудтай аялал жуулчлалын чөлөөт бүс юм. Вьетнам улсын Засгийн газраас тус аралд зорин ирж буй аялагчдад зориулан томоохон парк, усан парк, Дэлхийн Геннисийн рекордыг эзэмшдэг хамгийн урт “Cable car”, Зүүн Өмнөд Ази-даа хамгийн томд тооцогдох амьтны хүрээлэн гээд зугаацаж болох бүхэн энд цогцолжээ.

Мөн Вьетнам улсын хамгийн том “Корона Казино” зэрэг олон төрлийн сонирхолтой энтертайнмент бүтээн байгуулалтыг хийж, цогцоор нь хөгжүүлснээр дэлхийн сая сая жуулчдын зорин ирдэг аялал жуулчлалын бүс болсон билээ.

Миний хувьд, энэ удаагийн аялалын хамгийн нүд баясгасан “өртөө” бол Фукуок үндэсний цэцэрлэгт хүрээлэн байлаа. Би чинь говь нутгийн хүн болоод ч тэрүү нүд гүйцэхгүй тэр сайхан өтгөн ой, ямар ч юм бүү мэд өнгө өнгийн цэцэг, ургамал олон янзын амьтан гээд үнэхээр үлгэрийн мэт төгс зохицол байлаа.

Энэхүү хүрээлэн нь тус арлын зүүн хэсэгт орших 31 мянга гаруй га газар, далайг хамарсан тусгай хамгаалалттай газар аж. Энэ нь 1000 гаруй төрлийн ургамал, 200 гаруй төрлийн шувуу, 58 зүйлийн амьтад зэрэг олон төрлийн ургамал, амьтны өлгий нутаг бөгөөд тэдгээрийн ихэнх нь тус аралд амьдардаг байна.

Тус цэцэрлэгт хүрээлэн нь өтгөн ой мод, үзэсгэлэнт хүрхрээ, горхитой ба байгальд дурлагч явган аялагчдын хамгийн алдартай газар аж.

Мөн хэзээ ч юм энэ дэлхийд бодит байсан гэгдэх Кокосын модны шорон гэгддэг Фукуок шорон байлаа. Энэхүү шорон нь Вьетнамын тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд чухал үүрэг гүйцэтгэсэн Фукуок арал дээрх түүхэн дурсгалт газар юм. Францын колончлолын үе, дараа нь Вьетнамын дайны үед тус шорон нь гадаадын эзлэн түрэмгийллийг эсэргүүцсэн эсвэл Коммунист намыг дэмжсэн улс төрийн хоригдлуудыг хорьж, тамлан зовоож байсан газар аж.

Өдгөө хорих анги нь хоригдлуудын хүнд хэцүү амьдрал, харгис хэрцгий хандлагыг харуулсан музей болон хувиргасан байна. Тус музей өмнө нь хоригдож байсан хүмүүсийн гэрэл зураг, эд өлгийн зүйлс, гэрчлэл багтсан нь зочдод Вьетнамын үймээн самуунтай өнгөрсөн үеийн талаарх ойлголтыг өгдөг.

Үнэхээр энэхүү үзвэрүүд нь яах аргагүй тухайн үеийн цаг үед аваачиж, бие чичрүүлсэн тийм нэг сонин мэдрэмжийг өөрийн эрхгүй төрүүлнэ.

Эцэст нь хэлэхэд, энэ аралд цаг хугацаа, зөв чөлөө, тоолдог хэд нь байвал жил ч аяалж, зугаалж болмоор. Бидний нөхдийн тоочиглосон 10 хоног нүд баясгаж, сэтгэл хөөрөхөд тун чиг цөөдөх аж. Ядаж л фукокын ойролцоох арлуудыг завиар бүтэн тойроход нэлээд хугацаа хэрэгтэй юм билээ.
О.ГЭРЛЭЭ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.