Монголын жүдочдын чадварыг дэлхий дахин хүлээн зөвшөөрөөд эхэлжээ. Үүний нэг тод жишээ гэвэл манай улсын 48 кг-ын жингийн хоёр номерын шилдэг жүдочин Галбадрахын Отгонцэцэгийг Какахстан улс легионер тамирчнаар авсан явдал юм. Жүдо бөхийн ОУХМ Г.Отгонцэцэг 1992 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Жүдо бөхөөр 2008 оноос эхэлэн хичээллэсэн байдаг. Маш богионо хугацаанд тэрбээр Монголын 48 кг-ын жингийн шилдэг жүдочин болж чаджээ. Монголын жүдо бөхийн холбоо, Казахстаны Жүдо бөхийн холбооны хамтран ажиллах гэрээний дагуу Г.Отгонцэцэг 2015 оны тавдугаар сард өөрийн дасгалжуулагч Д.Энхбаатар багшийн хамт Казахыг зорьсон. Тухайн үед энэ шийдвэрт зарим нэг хүмүүс тийм ч дуртай байгаагүй билээ. Тухайн үед “МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга жүдочдоо гадаад улсад зарж мөнгө олох гэж байна” гээд нэлээдгүй улс төржсөн өнгө аястайгаар шуугиад авсан. Харин энэ шийдвэр нь жүдочдын ур чадвараа ахиулах боломж, амьдрал ахуй хангамжаа дээшлүүлэх, амжилт гаргах нэг шинэ үүд хаалгыг нээж өгсөн юм.
Өнөөдөр түүний гаргасан замаар 48 кг-ын жингийн тамирчин Э.Базаррагчаа, 52 кг-ын П.Буянхишиг, 57 кг-ын жингийн бөх М.Ичинхорлоо нар замнаж Азербайжан улсын нэрийн өмнөөс барилдаж байгаа. Мөн 60 кг-ын залуу бөх Ж.Амарболд, 66 кг-ын шилдэг жүдоч Д.Төмөрхүлэг нар Германы Бундес лигийн “Hanburger judo team e.v” багт урилгаар очиж барилдсан билээ. Ер нь легионер тамирчид хоёр орны спорт урлагаар дамжсан найрамдалт хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, соёл, боловсрол, эдийн засгийн төвшинд хөгжих боломжийг урагш ахиулж өгдөг сайн талтай байдаг билээ.
Монголын анхны легионер жүдочин Г.Отгонцэцэг Риогийн 2016 оны олимпийн өмнөх хоёр жилд Казахстаны нэрийн өмнөөс барилдаж, “Гран при”, “Гранд слам” Ази тивийн аварга зэрэг 10 тэмцээнд оролцсоноос 5 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн юм. Г.Отгонцэцэг үнэхээр хичээж, хичээл зүтгэл гарган байж олимпийн эрхээ авч чадсан. Тиймдээ ч казахстанчуудын итгэл найдварыг алдалгүй “Рио-2016” олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн билээ. Казахууд түүний амжилтыг үнэлж Казахстан улсын “Гавьяат тамирчин” цол олгож “Курмет” одон, 75 мянган доллар, нэг өрөө байраар шагнасан. Харин Олон улсын жүдо бөхийн холбоо “IJF” Г.Отгонцэцэгийн 2015 оны тавдугаар сараас 2016 оны зургадугаар сарын хооронд оролцсон арван тэмцээнээс 10 медаль хүртсэн амжилтыг өндрөөр үнэлж “BEST WORLD” буюу “Дэлхийн шилдэг жүдоч” шагналыг олгосон юм.
Г.Отгонцэцэгийн барилдаан их өвөрмөц шахаж татаж, давуулж шидэх, давуулж барьсан барьцнаас шидэх, жийж шидэх, үүрэх зэрэг ур чадвар шаардсан сонгодог мэхийг гол төлөв хийдэг.
Г.Отгонцэцэгийн барилдаан их өвөрмөц шахаж татаж, давуулж шидэх, давуулж барьсан барьцнаас шидэх, жийж шидэх, үүрэх зэрэг ур чадвар шаардсан сонгодог мэхийг гол төлөв хийдэг. Түүний өндөр хэмнэлтэй дайчин барилдаан, байнгын зогсолтгүй ажиллагаа нь өрсөлдөгч бөхчүүдийг сульдайж, цуцаадаг. Түүний мөнхийн гол өрсөлдөгч бөхчүүд гэвэл дэлхийн аварга М.Уранцэцэг, Японы жүдоч дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Кондо Ами, Харуна Асами, Аргентины жүдоч олимп, дэлхийн аварга Паула Парето, Өмнөд Солонгосын жүдоч олимпийн мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Жон Бо Кён нар яах аргагүй мөн билээ. Тэрбээр эдгээр дэлхийн шилдэг жүдочидтой олон тэмцээнд эн тэнцүүхэн барилдаж ялж, ялагдаж явсаар Риогийн олимпийн эрхээ хүртсэн.
Г.Отгонцэцэг Казахстаны “Today. Kz” агентлагт ярилцлага өгөхдөө “ Надад шинэ орон, шинэ орчин, шинэ хамт олон гээд бүх юм шинэ болохоор эхэндээ бага зэрэг санаа зовох асуудал байсан. Хэрвээ би Монголдоо байсан бол надад Риогийн олимпод оролцох боломж бүрдэхгүй байлаа. Миний мөрөөдөл бол олимпод оролцох. Олимпийн эрхийн төлөө л би иргэншлээ сольсон. Мэдээж надад амар байгаагүй. Эхний том даваагаа давж олимпод оролцохоор боллоо. Одоо олимпоос медаль хүртэх, аварга болох зорилгоо биелүүлэхийн төлөө хичээнэ” хэмээж байсан юм.
Г.Отгонцэцэгийг эсгий туургатны эв нэгдлийн бэлгэдэл болсон соёлын элч хэмээн нэрлэх нь хэт дөвийлгөсөн хоосон магтаал болохгүй биз ээ…
Г.Отгонцэцэг анх Казахстанд очоод богино хугацаанд олон найзтай болж чаджээ. Казахстаны шигшээ багийн хамт олон түүнийг найрсагаар угтан авч бүгд чин сэтгэлээсээ тусалдаг байсан нь амжилт гаргахад нь маш том түлхэц болсон гэдэг. Монгол, Казахын ахуй амьдрал, хоол унд, байгаль, цаг уурын ижил төстэй байдал нь түүнд эерэгээр нөлөөлсөн нь лавтай. Г.Отгонцэцэг Төв Азийн эртний түүхтэй нүүдэлчин улс орнуудын холдож, хөндийрсөн харилцааг ойртуулж, нөхөрсөг найрсаг харилцааг бэхжүүлэх эхлэл боллоо.
Тийм ч учраас Г.Отгонцэцэгийг эсгий туургатны эв нэгдлийн бэлгэдэл болсон соёлын элч хэмээн нэрлэх нь хэт дөвийлгөсөн хоосон магтаал болохгүй биз ээ. Гэхдээ Г.Отгонцэцэгт легионер тамирчин болох саналыг анх тавьж түүнийг дэлхийн шилдэг жүдочин болгож чадсан хүний ач гавьяаг бид мартах ёсгүй. Тэр хүн бол Казахын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Казахын Соёл, спортын яамны харьяа Шигшээ багуудын дэд захирал Болат Хавлахат юм. Одоо монголчууд болон казахууд Г.Отгонцэцэгийг 2020 оны Токиогийн олимпийн аварга болж амжилтаа ахиулаасай хэмээн ерөөж, найдлага тавин хүсэн хүлээж суух л үлдлээ. Түүнд боломж, авьяас чадвар, хүч чадал гээд тамирчин хүнд байх ёстой байгалийн бүхий л өгөгдөл бий.
Сэтгүүлч Н.ОТГОНБААТАР
2023-03-24
2023-03-24
2023-03-24
2023-03-24
2023-03-24
2023-03-24
2023-03-23
© 2023 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.