Татварын зарим хөнгөлөлтүүд өнөөдрөөс эхлэн хэрэгжихгүй

2020-10-1 Мэдээ, мэдээлэл

 

Коронавируст цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор Засгийн газраас цогц арга хэмжээ авах шийдвэр гаргасан билээ.

Тухайлбал, аравдугаар сарын 1 хүртэл 18 хүртэлх насны бүх хүүхдэд 100 мянган төгрөг олгох, хэрэглээний болон ипотекийн зээлтэй иргэдийн төлөлтийг царцаах, НДШ шимтгэл болон хувь хүн, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг тэглэх шийдвэр гаргасан юм.

Улмаар Улсын төсвийн тодотголтой холбоотойгоор зарим арга хэмжээг үргэлжлүүлж, заримыг нь өнөөдрөөс буюу аравдугаар сарын 1-ээс эхлэн зогсоохоор болсон.

Өнөөдрөөс зогсоох болон хөнгөлөлт байдлаар үргэлжлүүлэх арга хэмжээ:

НДШ тэглэх: Үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалж байгаа ажил олгогч, даатгуулагчийн төлөх НДШ-ийг аравдугаар сарын 1 хүртэл тэглэсэн. Энэ арга хэмжээг 2020 он дуустал шимтгэлийн “хөнгөлөлт” байдлаар он дуустал хэсэгчлэн үргэлжлүүлнэ. Тодруулбал, ажил олгогч болон даатгуулагч тус бүр таван хувиар НДШ төлж эхэлнэ.

Ипотекийн зээл: Хүсэлт гаргасан иргэдийн ипотекийн зээлийн төлбөрийг зургаан сарын хугацаанд буюу аравдугаар сарын 1 хүртэл царцаахаар болсон. Тэгвэл уг шийдвэрийн хэрэгжих хугацааг дахин сунгаагүй бөгөөд зээлээ хойшлуулсан иргэд ирэх сараас төлбөрөө төлж эхэлнэ.

2020 он дуустал үргэлжлүүлэхээр болсон арга хэмжээ:

Хүүхдийн мөнгө: Хүүхдүүдэд 2020 оны аравдугаар сарын 1 хүртэл сар бүр олгож байгаа 100 мянган төгрөгийг 2020 он дуустал олгохоор болсон. Үүнд нэг сая 250 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авах бөгөөд нийт 300 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ.

Тэтгэвэр, тэтгэмж: Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд сар бүр олгож байгаа 288 мянган төгрөгийн тэтгэмжийг 2020 он дуустал олгоно. Үүнд 73.3 мянган хүн хамрагдах бөгөөд 22 тэрбум төгрөг нэмж зарцуулах юм.

ААНОАТ: Жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийг зургаан сарын хугацаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлснийг үргэлжлүүлнэ.

Түрээсийн татвар: 2020 оны хоёрдугаар сараас есдүгээр сар хүртэл хугацаанд түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдуулах татварыг чөлөөлсөн. Татвар чөлөөлөх хугацааг 2020 он дуустал үргэлжлүүлэхээр болов. Өнөөдрийн байдлаар 1000 орчим аж ахуйн нэгж, 25 мянга гаруй худалдаа эрхлэгч түрээсийн төлбөрөө бууруулсан. Нийт 10 орчим тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлтөд хамрагдаад байна.

Хэрэглээний зээл: Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлийн улмаас эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг зургаан сараар сунгах шийдвэр гаргасан. Тэгвэл уг шийдвэрийг он дуустал хэрэгжүүлэх шийдвэр гаргаснаа Монголбанк өнгөрсөн наймдугаар сард танилцуулсан билээ.

<

© 2020 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.