Хүүхдийн тусламжийн 108 утас нь өдөр бүр 24 цаг, 4 ээлжээр дуудлага хүлээн авч байна

2017-05-16 Мэдээ, мэдээлэл
Жил бүрийн тавдугаар сарын 17-ныг дэлхий нийтээр  хүүхдийн тусламжийн утасны өдөр болгон тэмдэглэдэг.

Хүүхдийн тусламжийн утас нь хүүхдийн эрхийг хангах,  тэдний дуу хоолойг сонсох, хүүхдэд сэтгэл зүйн яаралтай болон бусад туслалцаа үзүүлэх зорилготой.  Манай улсад хүүхдийн тусламжийн утас 1998 оноос үүсэлтэй бөгөөд 2006 онд Олон улсын хүүхдийн тусламжийн утасны (CHI-Childhelpline International)”-бүрэн эрхт гишүүн  болсон.

Өнөөдөр дэлхийн 145 оронд 192 хүүхдийн тусламжийн утас ажиллаж жилдээ 20 орчим сая дуудлага хүлээн авч байна.

Монгол улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаас хойшхи хугацаанд хүүхдийн хөгжлийн үйл явц, түүнийг хамгаалах үйл ажиллагааг Монгол улсын хөгжлийн ирээдүй, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын бат бэх үндэс гэж үзсээр ирсэн боловч нийгмийн сөрөг үзэгдлүүдээс хүүхдээ бүрэн хамгаалж, хөгжлийн хэрэгцээг нь хангаж чадахгүй байсаар байна.

Монгол улсын Засгийн газар Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг хангах, хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бэхжүүлэх зорилгоор шат дараалсан арга хэмжээ авч байна. 2012 оны Засгийн газрын баталсан “Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх стратеги /2012- 2015/” төлөвлөгөө”- ний хүрээнд Хүүхдийн төлөө үндэсний газар, Mobicom корпораци, Дэлхийн зөн ОУБ-тай хамтран 2014- 2017 онд Хүүхдийн тусламжийн утсыг хөгжүүлэх 3 жилийн хугацаатай төсөл хэрэгжүүллээ. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл 2014 оны 5-р сард “Хүүхдийн тусламжийн утасны шинэтгэлийг дэмжих тухай” тогтоолыг баталснаар хүүхдийн тусламжийн утсыг яаралтай тусламж үйлчилгээний ангилалд шилжүүлж 108 тусгай дугаар олгон,  үнэ төлбөргүй  болгосон.

2016 оны наймдугаар сарын 24-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дэвшүүлсэн саналыг дэмжиж “108 Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээний төв” болгон өөрчлөх тухай тогтоол гарсан нь хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд  хийгдэж байгаа маш чухал практик алхам боллоо.

Хүүхдийн тусламжийн 108 утас нь өдөр бүр 24 цаг, 4 ээлжээр дуудлага хүлээн авч байна. Мөн тус төвийн дэргэд Түр хамгаалах байр үйл ажилллагаагаа эхлүүллээ.

Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт хүүхэд хамгааллын яаралтай тусламжийн үйлчилгээг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хийж дууслаа.

2014- 2017 онуудад 630 000 удаа хүүхдийн утсанд хандсан байна. Үүнээс хүүхдийн эсрэг хүчирхийллийн тухай 7800, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа тухай 3000 дуудлага хүлээн авч 39000 хүүхэд болон тэдний асран хамгаалагчдад сэтгэл зүй, эрүүл мэнд, нөхөн үржихүй, хууль эрх зүйн зөвлөгөө өгч, 74000 хүнийг хүүхдийн хөгжил, оролцоотой холбоотой мэдээллээр хангаж  ажиллажээ.

Хүүхдийн тусламжийн утасны өдрийг тохиолдуулан ГБХЗХГ, Mobicom корпораци, Дэлхийн зөн Олон Улсын байгууллага, “108 Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээний төв” –үүд хамтран маргааш 10 цагт Нийслэлийн 115, 67-р сургуулиудын бага, дунд, ахлах ангийн сурагч нарт хүүхдийн тусламжийн утасны танилцуулга, хүүхдийн эрх хамгааллын ойлголт мэдээлэл түгээх сургалт зохион байгуулах буюу 11 цагт “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооё” сэдвийн хүрээнд циркийн өмнөх талбайгаас  таван шар, Амгалан өртөө хүртэл МС клубийн 10 чоппертой залуус  Хүүхдийн тусламжийн 108 утасны тугтай сурталчилгааг олон нийтэд таниулах үүднээс хотын төвөөр 2 удаа тойрон аялах юм.

Дашрамд дуулгахад, Хүүхдийн тусламжийн 108 утас нь Монгол улсын бүх хороо, сумдын хамтарсан баг, ЦЕГ, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, 21 аймаг, 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн байгуулагууд, ЕБС, СӨББ, төрийн болон төрийн бус байгууллагууд, ОУБ-тай хамтран хүүхэд хамгааллын чиглэлээр хамтран ажиллаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.