УЛААН ХӨШИГ

2019-08-20 Амрах агшин

Өгүүллэг

(Эхний хэсэг)
“ҮХЭЛ- ҮНДЭСНИЙХ НЬ БАХАРХАЛ БОЛСОН ЦОРЫН ГАНЦ УЛС БОЛ ИСПАНИ ЮМ” ГЭЖ ЛОРКА ХЭЛСЭН. БУХЫН ТУЛААНЫГ ШҮТЭН БИШРЭГЧДИЙН ХУВЬД БОЛ ЭНЭ НЬ ЭНГИЙН НЭГ БАЯР ЁСЛОЛ ТӨДИЙХӨН БИШ. ҮХЭЛТЭЙ ХАЛЗ ТУЛГАРАХДАА ДООЖООГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ.
Тавдугаар сарын эхэн. «Лас-Вентас» гэх бухын тулаан болдог Мадридийн дэвжээний тасалбар түгээх газрын урд олон хүн зогсоно. Индэрээс хүмүүсийн шаагилдах дуун өрсөлдөгчөө гарч ирмэгц намжина. Бухтай тулалдагчийн уран чадварлагаар хурц тод өнгөтэй улбар шар цувныхаа доогуур бухыг хуурахад чимээ аниргүй байсан үзэгчдид чангаар алга ташдаг. Испани орон даяар ийм дэвжээтэй бараг бүх хот, тосгодод намрын сүүл цагаар энэ тэмцээн болдог. Уг цэнгээн наадмыг дэлхий дахинд болон испанид хүмүүс олон янзаар хүлээж авдаг юм. Зарим хэсэг нь зэрлэг уламжлал нь улс үндэстний нэрийг гутаалаа гэдэг бол нөгөө хэсэг нь испани үндэстний төрөлх зан чанарыг илтгэсэн сайхан уламжлал гэж үздэг байна.

ХАЛЗАН

Уг уламжлалыг ядаж цус нөжгүй болгохыг хүсэгчдэд «Бухын тулааныг үхэлгүй болговол энгийн нэгэн циркийн үзүүлбэр болж хувирна» гэж түүнийг өмөөрөгчид хариулдаг аж. Бухыг талбайд хөнөөдөггүй португали тулаан бол амьтан сургагчдын үзүүлбэр гэж испани бухын тулааны шүтэн бишрэгчид үсдэг байна. «Бусад улс оронд үхэл гэдэг бол бүхний төгсгөл. Үхэлтэй тулгарахад хөшиг хаагддаг, харин Испанид хөшиг нээгддэг», — гэж Федерико Гарсия Лорка хэлжээ. Нүдээ цавчилгүй харах халзан испани эрийн харц зориг тэвчээр, аюулыг даван туулах хүч болон нийгүүлсэх сэтгэлийг илтгэдэг гэдэгт тэрээр мөн итгэдэг байв. Тиймээс ч XVIII –р зууны эхэн үеэс өнөөдрийг хүртэл Испани оронд уг цусан тулаан амьдралынх нь салшгүй нэгэн хэсэг болсон биз ээ. Тореро буюу бухтай тулалдагч гэх мэргэшил нутгийн иргэдийн хамгийн эрэлттэй ажил бөгөөд Испани орны газар нутаг дэлхийн газрын зурагт элдсэн бухын шир шиг байдаг нь гайхалтай.

ЯДУУ ТАРЧИГ

«Хэрвээ хүн амь эрсэдсэн зүйл хийж байвал энэ нь тэр хүн хурдан үхэхийг хүсч байна гэж ойлгож болохгүй. Ямар ч тореро тулаанд орохдоо үхэл түүний дэргэд байгааг мэддэг ч хэзээ ч үхлийн тухай боддоггүй. Энэ бол зүгээр л түүний ажил» гэж ахмад тореро, одоогийн Мадрид хотын анхны ХХ зууны нэрт тореро Марсьял Лаландын нэрэмжит Улсын матадорын сургуулийн захирал Хосе Луис Боте хэлжээ. Хагас зууны өмнөхөн ядуу залуус нэр алдартай, мөнгөтэй болохын тулд шөнө дөлөөр хүний хашаанд нууцаар орон бухтай тулалдах бэлтгэл хийдэг байв. Харин 1976 онд Мадридад анхны матадорын сургууль нээгдсэнээр одоо хүмүүс албан ёсоор бэлтгэл хийх боломжтой болсон. «Намайг хүүхэд байхад хөвгүүн бүр аз туршин нэр алдарт хүрэхийг мөрөөддөг байсан. Энэ нь одоо ч залуучуудыг татсаар л байгаа. Гэхдээ одоо тухайн цаг үе шиг торерогийн нэр хүнд, орлого өндөр байхаа больсон», — гэж Боте хэлэв. 1960-аад оны сүүлчээр амжилт үзүүлсэн тореро маш их мөнгө авдаг байсан ба одоогийн хөл бөмбөгийн одуудтай адил залуусын үлгэр дуурайл болдог байжээ. Харин тухайн үед Испанид хөл бөмбөгчдөд бага цалин өгдөг байсан юм. Нэг оройн тулаанаас тореро 35 00 – 350 000 евро хүртэл цалин авдаг ба жилд 70 хүртэл тулаанд оролцдог байна.

«Аз туршилт, адреналин, маш их цалин, алдар хүнд… Энэ бүхнийг хараад татагдахгүй байхын аргагүй. Харин ямар их хөлс, цусаар энэ бүхэн олдож байгааг тэр бүр мэддэггүй» —гэж Боте хэлээд цамцаа тайлан харуултал түүний бүх бие шарх, сорвиор дүүрэн байлаа. 25 жилийн хугацаанд тэрээр 3 удаа үхэлтэй халз тулгарч байжээ. Анх 17 насандаа гуяныхаа венийн судсыг таслуулсан байна. « Ийм шархтай хүн хэдхэн минутын дотор их хэмжээний цус алдалтаас болж нас бардаг. Миний шархыг талбай дээр шууд оёсон. Дараачийнх нь би бухын эвэрт гэдсээ сүлбүүлж байлаа. Тэр ослын дараах 48 цагийн хугацаанд хэн ч миний амийг аврагдана гэж итгээгүй. Бухын эвэр миний бүдүүн гэдэс, элэг, нойр булчирхайг нэвт сүлбэсэн байсан. Хагас жил эмнэлгээр явсны эцэст би хөл дээрээ боссон юм. Гурав дахь тохиолдол нь би нуруугаа мөргүүлсэн явдал юм. Бүсэлхийнээс доошоо ямар ч мэдээгүй болсон байсан тул эмч нар намайг тахир дутуу хүний сандал дээр үлдсэн насаа өнгөрөөнө гэж хэлж байсан…».

Харин тэрээр хөл дээрээ эбосч чадсан юм. Тэрээр бага зэрэг доголдог тул өөрийн гэсэн тулааны арга барил боловсруулсан байна. Хосе Луис ийнхүү гурав дахь удаагаа дэвжээн дээр ахин гарсан юм. « Бид ямар нэгэн шарх авсан хувцсаа дахин өмсдөггүй заншил байдаг. Харин бий өөрийн айдсаа даван туулахын тулд албаар дахин өмссөн юм. Яагаад гэж үү? Яагаад гэвэл би өөрийнхөө хамгийн гол тулааныг хийгээгүй тул дэвжээгээ орхиход эрт гэж бодсон юм».
Тэр чухал тулаан нь 1996 оны 5-р сарын 5-нд Мексикийн Агуаскальентес хотноо болсон байна. Боте хоёр бухтай тулалдсан бөгөөд боломжит бүх цомыг (4 ширхэг бухын чих цом, 2 ширхэг бухын сүүл цом) хүртсэн байна. Тэрээр Мексикт анхны ийм амжилт үзүүлсэн матадор болсон байна. Үзэгчид түүнийг мөрөн дээрээ суулган талбайгаас авч гарсан гэдэг. Түүний нэр алдар 10 жил Латин Америк, Испани болон хөрш зэргэлдээх орнуудад дуурсагдсан юм. Нурууных нь гэмтэл улам ихээр өвдөх болсноор Хосе Луис дэвжээгээ орхижээ. Бухтай тулалдагчдыг бэлтгэдэг сургуульд тэрээр өөрийгөө дахин бусдад хэрэгтэй хүн гэдгээ мэдэрдэг гэнэ. Тэрээр сурагчиддаа өөрийн сорвийг хэзээ ч үзүүлдэггүй бөгөөд тэднийг сахилга бат, бүрэн төвлөрөх чадвар болон өрсөлчөө хүндлэх сэтгэлд сургадаг.
“Торерогийн хувьд бух бол дайсан биш харин түүний нэг хэсэг юм. Хэрвээ чи бухтай нэгдмэл байж чадвал тулаан ч гэсэн төгс болдог юм. Харин чадахгүй бол… Надад дэвжээнээс зугтаж, хурдхан тулаанаа дусгах юмсан гэсэн бодол нэг бус удаа гарч байсан. Бух энэ бүхнийг мэдэрдэг тул чамайг эврээрээ мөргөхгүй байсан ч тулаан сайхан болдоггүй. Энэ бол гутамшиг юм”.

Үргэлжлэл бий

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.