Нэг цэгт төвлөрүүлж чадвал сайхан жишиг биш гэж үү

2020-12-30 Нийгэм

Энэхүү дүр зургийг Герман улсын гудамжнаас харж болно. Гудамжиндаа ядууст зориулсан ууттай хүнс. Ямар ч зураг, камер, сурталчилгаа, дүр эсгэлтгүй. Жинхэнэ буяны үр энэ газарт дэлгэрч байна гэж болохоор…

Манай улсад ч энэ жишгийг яагаад нутагшуулж болохгүй гэж. Нэгдсэн зохион байгуулалттайгаар тогтсон цагт бусдад өгөх хүнс, хувцас болон бусад бараа бүтээгдэхүүнээ нэг цэгт төвлөрүүлж болох юм. Харин амьжиргааны түвшин доогуур иргэд тухайн цагт ирж, хэрэгцээтэй зүйлсээ авчихдаг журам тогтоовол ямар вэ.

Тэгэхээр манай улсад ядуурлын түвшин ямар байгааг холбогдох байгууллагуудын тоон судалгаанаас харахад, хоёр жил тутамд Дэлхийн Банк болон Үндэсний статистикийн хороо Монгол Улсын ядуурлын хувь хэмжээг судалж зарладаг. Хамгийн сүүлд буюу 2018 онд танилцуулсан судалгаагаар Монголын хүн амын 28.4 хувь сарын 166 мянган төгрөгөөс бага хэрэглээтэй буюу ядуу гэдэг ангилалд багтаж байгааг танилцуулж байв.

Энэ судалгааны үр дүнг танилцуулах үеэр дээрх 28.4 хувь буюу 904.9 мянган хүн дээр нэмэх нь нийт хүн амын 15 хувь нь эмзэг байдалд байгааг онцолж байсан билээ.

Тодруулбал, Монгол Улсын нийт хүн амын 15 хувь ядууралд өртөх эмзэг байдалд байгаа.

Эдийн засгийн бага зэрэг үйлчлэл эдгээр эмзэг байдалд байгаа иргэдийг ядуурлаас маш амар гаргах эсвэл шугамаас доош унагах эрсдэлтэй гэсэн үг юм. Тэгвэл одоогийн эдийн засгийн эрсдэлтэй байдал нь эдгээр 15 хувийг эмзэг байдлыг нэмэгдүүлж ядууралд өртүүлэхгүй гэсэн баталгаа байхгүй байна.

Хэрэв эдгээр 15 хувь ядуурлын шугам руу гулсвал Монгол Улсын ядуурлын хувь 43 хувь болох нь. Өөрөөр хэлбэл, нийт хүн амын дийлэнх хувь нь энэ ангилалд багтаж мэдэх нь. Тиймээс л өөрт байгаа боломж нөхцөлөө бусадтай хуваалцах сайн жишгийг нэвтрүүлэх шаардлага зүй ёсоор гарч байна.

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.