Эгэл ардын хүүхдүүд авч болдоггүй “ЖДҮ” юу, оролдоод үзээрэй

2020-04-21 Нийгэм

 

 

Жижиг, дунд үйлдвэрийн төсөл цахимаар хүлээн авах ажиллагаа энэ сарын 20-н буюу өчигдрөөс эхлэн ирэх сарын 19-ний өдрийн 17:30 цаг хүртэл үргэлжлэнэ.

Үнэн чанартаа хамгийн олон хүн ажиллаж, эдийн засагт тус бүрдээ бага боловч, хамтдаа хамгийн том хувь нэмэр оруулдаг аж ахуйн нэгж бол жижиг дунд үйлдвэрүүд (ЖДҮ) юм. ЖДҮ бол эдийн засгийн ноён нуруу ч гэдэг. Тийм ч учраас тухайн орны ЖДҮ ямар бүтээгдэхүүн, үйчилгээ хүргэж, ямар техник, технологи ашиглаж, ямар бүтээмжтэй ажиллаж буй нь улсынх нь хөгжлийн толь болдог. Гэтэл манай ЖДҮ-ийн дүр төрх ямар байна вэ?

Олон нийтийн дунд ЖДҮ, ЖДҮ-чид гэх нэр томъёо үүсэх хүртэл энэ сангийн хөрөнгө хэрхэн зарцуулагддаг талаарх мэдээлэл олон нийтэд харьцангуй нээлттэй бус, хүмүүс ч сайн мэдэхгүй ирсэн дутагдалтай тал бий. Харин цагаан захтнууд иргэдийнхээ боломжийг халаасалж, эхнээсээ “аавын хаалга” татсан тэр он цагуудаас эхлэн эгэл ардын гарын дүйтэй хүмүүс ЖДҮ гэгч сан хөмрөгөөс ганц, хоёр төгрөг зулгаадаг болсон нь бодит үнэн. Түүнээс энэ сангийн хөрөнгө мөнгийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан мэдээлэлд ойр, тодорхой хүрээний хүмүүс давуу байдлаар ашиг тусыг нь хүртчихдэг байлаа. Одоо ч энэхүү сантай холбоотой эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын хэрэг явдлыг дагасан шуугиан намжаагүй байна. ЖДҮ-г хөгжүүлэх талаар төр засаг нүүрэн дээрээ түмэн бодлого явуулж, тэрбумаар нь төгрөг зарцуулдаг ч, нидэр дээрээ яг хэнд очдог байсныг саяхан иргэд мэдсэн. Гурван хувийн хүүтэй, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийг УИХ-ын 76 гишүүний 55 нь өөрийн болон холбоотой этгээдийн компаниудад олгуулаад байгаа мэдээлэл хэвлэлээр нэг тархсан. Сүүлийн арван жилд энэ сангаар 7536 зээлдэгчид 835 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосны ихэнхийг төрийн түшээд, өндөр дээд албан тушаалтнууд өөрсдөө авчихсан гэвэл хэн ч гайхахааргүй болж…

Харин энэ удаад хөрөнгө оруулалтыг хэрэгцээ шаардлагатай салбартаа зөв эзэндээ хүргэх нэн чухал юм. Одоо энэ сангийн зээлийг хэнд өгөх вэ гэдэг шалгуур үзүүлэлт, сонгон шалгаруулалт, олгох, эргэн төлөлт, хяналт зэрэг мэдээлэл нь олон нийтэд илүү нээлттэй “шилэн” байх, мэдээллийн хүртээмжтэй байдлыг хангах үүргээ сайн биелүүлэхийг ард иргэд шаардах эрхтэй. Мөн “хуурамч” ЖДҮ-чидийг илрүүлж эхнээсээ хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардах шаардлагаа ч сулруулж болохгүй. Нэр бүхий албан тушаалтан эрх мэдэлтнүүдэд улс төрийн хариуцлага тооцож, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ ч Ерөнхий сайд мэдэгдээд байна. Тэр нь ч зөв.

Тиймээс иргэн Таны хүрээлэлд гарын ур дүйгээрээ “талхны мөнгө”-өө олчих гэж хичээдэг, өөрөөсөө гадна ганц, хоёр хүний амьдрал ар гэрийг тэжээчих гээд зүтгэдэг, эдийн засгийн хямралын савлагаанд сөхөрчих гээд жаахан дэмжлэгтэй бол хөл дээрээ зогсчих итгэл найдвар тээж яваа эсвэл под хийсэн хөөрхөн хэдэн тоног төхөөрөмжтэй жижигхэн үйлдвэрлэл эрхэлдэг, нэмээд ганц нэг машин техник авчихмаар байгаа ч мөнгө нь арай хүрдэггүй, эргэлтийн хөрөнгөө нэмчихвэл бас нэг хэдэн жилдээ тэсчих гээд байгаа ажилсаг монгол хүн байвал энэ мэдээллийг түгээж хүргээрэй. Эгэл ардын хүүхдүүд авч болдоггүй “ЖДҮ” юу, оролдоод үзээрэй, та минь ээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

 

 

 

  • Утас: 77485555-1, 99897557
  • Аймгуудын “Хүнс, хөдөө аж ахуйн газар”- аас лавлана уу.

 

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН

С.ГЭРЛЭЭ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.