“Шүгэл үлээгч”-ийг хамгаалах эрхзүйн орчин хэрэгтэй байна

2019-03-15 Нийгэм


Өнгөрөгч онд бизнесийн орчинд тулгарсан хамгийн гол хоёр саад бэрхшээлийг “өндөр татвар”, “тусгай зөвшөөрөл, лицензийг шинээр авах сунгуулах үйл явц” хэмээн нэрлэсэн байна. Сант Марал судалгааны төвөөс Азийн сантай хамтран явуулсан “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал-2018” судалгаагаар дээрх хариулт гарч иржээ.

2012 оноос хойш хийгдэж буй энэхүү судалгаа нь бизнесийн орчин дахь авлигын нөлөөллийг харуулахыг зорьдог бөгөөд 2018 оны 10 дугаар сард Улаанбаатар хотын 330 аж ахуйн нэгж, компанийн төлөөлөл болох бизнес эрхлэгчдийг хамруулан явуулсан байна.

“Бизнес эрхлэгчид хэзээ ч өөрсдөө авлигач болохыг хүсдэггүй. Учир нь авлигад мөнгө зарцуулахын хэрээр бизнесийн өртөг нь өсдөг учраас… Гэвч хүссэн хүсээгүй энэ харилцаанд ордог нь нууц биш. Асуудлаа ном журмаар шийдүүлж чадахгүй, төрийн хүнд сурталтай нүүр тулсан тохиолдолд цаг хугацаа хожих гэж, арай багахан хохирол амсах гэж аргагүйн эрхэнд өгдөг” хэмээн судалгаанд оролцсон нэр бүхий бизнес эрхлэгч хэлжээ.

Мөн бизнесүүд томрохын хэрээр авлига ч нэмэгдэх хандлагатай байдаг аж. Учир нь олж буй ашиг орлогынх нь хэмжээ бусдын анхаарлыг амархан татаж, элдэв хяналт шалгалт нэрээр дарамт үзүүлэх нөхцөл болдог гэсэн байна. Түүнчлэн төрийн албан тушаалтны хууль бус асуудлыг мэдээлэхэд маргааш нь нөгөө байцаагч олж мэдчихээд тухайн ААН-ийг дарамтлах тохиолдол цөөнгүй бий. Мэдээлэгч буюу “шүгэл үлээгч”-ийг хамгаалах эрхзүйн орчин хангалтгүй байгаагаас бизнес эрхлэгчид авлигад мөнгө зарцуулж нэг, холбогдох байгууллагад мэдээллээ хэмээн дарамтлуулж хоёр дахиа хохирч байна гэсэн гомдол судалгаанд оролцогчдоос түгээмэл гарчээ.

Бизнесийн харилцаанд тулгардаг авлигатай холбоотой энэ мэт саад бэрхшээлийг арилгахын тулд АТГ-аас холбогдох хууль, зарим дүрэм журмыг өөрчлөх хөтөлбөр боловсруулсан байна. Тухайлбал, хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгөн төрийн үйлчилгээ авсан хүн энэ тухайгаа сайн дураараа эрх бүхий байгууллагад мэдэгдсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлөх нөхцөл бүрдсэн байна. Хясан боогдуулах гэдэгт хуульд зааснаас нэмэлт бичиг баримт нэхэх, биелүүлэхэд хэцүү нотолгоо шаардах гэх мэт үйлдэл орох аж. Энэ нь ялангуяа тендерт оролцох, бизнесийн зээл хөөцөлдөх зэрэгт түлхүү ажиглагддаг аж.

Бизнесийн орчин дахь авлигаас урьдчилан сэргийлэх, шударга өрсөлдөөнийг бий болгох зорилгоор АТГ, Азийн Сан зэрэг байгууллагаас хамтран зохион байгуулсан “Шударга өрсөлдөөн ба авлига” хэлэлцүүлэгт дээрх асуудлуудыг хөндөн ярилцсан юм.

Өнөөдрийн онч үг

30 минутын өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.