Өнөөдрөөс ГЯЛГАР УУТ-наас татгалзаж эхэлнэ

2019-03-1 Нийгэм

Өнөөдрөөс эхлэн гялгар уутны хэрэглээг хязгаарлана. Иргэд ухамсартай байж, энэхүү шийдвэрийг  хэрэгжүүлж чадвал олон талын өгөөжтэй юм. Учир нь гялгар уут нь олон төрлийн полихлорт нэгдлүүдийг агуулсан өндөр молекулт органик бодис юм. Ердөө 0.0025 мм-ийн зузаантай маш нимгэн гялгар уут л гэхэд газрын хөрсөнд шингэхдээ 100 гаруй жил болдог юм байна. Гялгар уут газрын хөрсөнд шингэхгүй он удаан жил байснаас, хөрсний эвдрэл үүсгэж, цөлжилтийг улам эрчимжүүлээд зогсохгүй, эргээд хорт нэгдэл ялгаруулж хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Хүний биед нөлөөлөх хор хөнөөлийг нь тоочоод ч барахгүй бөгөөд сүүлийн жилүүдэд дэлхийн хүн амын дунд элэг, ходоод, улаан хоолой, нойр булчирхайн өвчлөл, хорт хавдрын хэмжээ ихсэх хандлагатай болсон. Энэ нь гялгар уутыг ихээр хэрэглэх болсонтой холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Энгийн жишээ татвал ургаж байгаа модонд наалдсан гялгар уут хүнээр бол амьсгалыг нь боогдуулснаас өөрцгүй болж тэрхүү мод ургахаа больж, үхдэг ажээ. Мөн хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формальдегид, бензол, тлоул зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулж, тэр нь эргээд хүнсэндээ шингэн олон төрлийн өвчин үүсэх шалтгаан болсоор байна. Гялгар уутан савлагаатай хүнсний бүтээгдэхүүн гэдэсний савханцар, сальмонеллёз, стафилококк зэрэг нян дамжих хөрс суурь болдог. Гялгар уут хэмээх энэ хортой химийн нэгдэл нь хорт хий ялгаруулж хөрс, ус, агаарыг бохирдуулсаар л байна.

Гялгар уут 1955 онд анх АНУ-д үүсч, хямд хэрэглээ нь хүмүүсийн таашаалд ихэд нийцэж байжээ. Гэвч тэр үед гялгар уутны байгаль экологид учруулах хор хохирлыг хэн ч тааж мэдээгүй. 1990-ээд он байгаль экологи, дулаарал гэж ярьж эхэлсэн үеэс түүний хор хөнөөлийг эрдэмтэд судлах болсон юм. Гялгар уутыг хүн ердөө 12 минут ашиглаад л хаядаг байна. Харин тэр хаясан гялгар уут нь хэдэн зуун жил хог болон байгаль орчныг бохирдуулан доройтуулж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр л байгаа юм.

Нийгэм өөрчлөгдөж цаас ховордон үнэд орсон, хаа сайгүй гялгар уутны хэрэглээ хэмжээ хязгаараа алдсан учраас гялгар уутны хэрэглээнээс шууд гарна гэдэг хэцүү. Гэхдээ бидэнд татгалзах бүрэн үндэслэлтэй хууль байна, бас дахин боловсруулдаг үйлдвэрлэл байна одоо зөвхөн хэрэглээгээ багасгах иргэн хүний ухамсар л хэрэгтэй байна. Та өөртөө болон гэр бүл, эх дэлхийдээ хайртай бол гялгар уутнаас татгалзаарай.

Дашрамд дуулгахад, Засгийн газраас 2019 оны гуравдугаар сарын 1-нээс өргөн хэрэглээний нийлэг уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэрийг өнгөрсөн оны зургадугаар сард гаргасан. Улмаар өнөөдрөөс эхлэн өргөн хэрэглээний нийлэг уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглож байгаа юм.

Энэхүү тогтоолын хэрэгжилтэд Гаалийн Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар болон бусад холбогдох байгууллагууд хяналт тавих юм.

Өнөөдрөөс эхлэн зөрчил гаргасан аж ахуй нэгж, иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 6.1.4 дүгээр заалтад “Хууль дүрэм стандартад заасан шаардлагад нийцээгүй сав баглаа боодлыг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдаа үйлчилгээнд хэрэглэсэн бол хувь хүнийг 300 нэгж буюу 300 мянган төгрөг, хуулийн этгээдийг 3000 мянган нэгж буюу гурван сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулна” хэмээн заажээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.