Д.Ундраа: Бие махбодь, сэтгэл санааны эмгэгтэй болсон хүүхдүүдээ төр хаяж байна

2018-11-1 Гэр бүл

Сумын Засаг дарга малынхаа тоо толгойг цээжээр мэдэх хэрнээ сумын хүүхдийнхээ тоог мэддэггүй-

Сүүлийн жилүүдэд хүүхэд хүчирхийлэлд өртсөн, хүүхдийн эрх зөрчигдсөн мэдээлэл тасарсангүй. Нийгэмд гарсан жигшүүрт хэргүүдээс үзэхэд дийлэнх нь хүүхдийн хүчирхийллийн асуудлаар бүртгэгдсэн гэмт хэрэг болж байгаа талаар холбогдох албанаас мэдээлж байна. Тухайлбал, энэ оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд нийт 1200 орчим гэмт хэрэг бүртгэгдсэнээс хүүхэд хохирсон хэрэг 31 хувиар өсчээ. Хэргүүдийг судалж үзэхэд 82 хувь нь насанд хүрэгчид хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа нь тогтоогдсон байна. Мөн золиос болсон хүүхдүүдийг эргээд анхаарч, нөхөн сэргээх ажил хийгдэдгүй, мартагдаад л өнгөрдөг. Тиймээс энэ тухай “Хүүхдийн эрх хамгаалал” төвийн захирал Д.Ундраатай ярилцлаа

Сүүлийн жилүүдэд хүүхэд хүчирхийлэлд өртөх, золгүй тохиолдлоор амь насаа алдах, бэртэж гэмтсэн дуудлага ихэсч байгаа сэтгэл эмзэглэм тоо баримт дурьдагдаж байна?

Үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн асуудал болж байгаа нь үнэн. Тэр тусмаа бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөх нь их байна. Хүүхэд хамгааллын 108 гэсэн утас 2014 оны зургаадугаар сарын 1-нээс эхэлж 24 цагаар ажиллаж эхэлсэн. Гэтэл өнгөрсөн жилээс эхлээд хүүхэд хамгааллын болон хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага нэмэгдэж байна. Харин мэдээлэл зөвлөгөө хүссэн дуудлага буурсан. Уг нь мэдээлэл зөвлөгөө хүссэн дуудлага ихсээд хүүхэд хүчирхийллийн дуудлага буурсан бол сайн юмсан. 2017 онд 261 хүүхэд гадны шалтгаант нөлөөллийн улмаас нас барсан байдаг. Энэ оны эхний зургаан сарын байдлаар мөн энэ шалтгаанаар 151 хүүхэд нас бараад байна.

Ингэж нэмэгдээд байгаа нь юутай холбоотой гэж та дүгнэж байна вэ. Монгол Улсад хүүхэд хамгааллын хууль эрх зүйн орчин муу байна уу?

Шуудхан хэлэхэд томчууд бидний, төрийн байгууллагуудын ажил үүргээ сэтгэлээсээ хийгээгүйн төлөөсийг олон хүүхэд амсаж байна. Монгол Улс НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд нэгдсэн. Ингэснээр насанд хүрсэн хүн бүр, Засгийн газар, бүх салбарын байгууллага хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэг хүлээсэн. Гэтэл гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар гэсэн ганц нэгхэн байгууллага руу дайрч, тэднээс ажлын үр дүн нэхдэг. Манай улсад 7000 гаруй стандарт байдаг. Үүнээс хүүхэд хамгааллын, хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой 180 гаруй стандарт бий. Энэ бүх стандарт дүрмийг бүх л салбарын байгууллага мөрдүүлж байж, хүүхдээ хамгаалж чадна. Гэтэл энэ стандартыг баримталж байгаа байгууллага ховор байна шүү дээ. Тухайлбал, тоглож явсан хүүхэд тогонд цохиулаад амь насаа алдаж байна. Тухайн байгууллага аюулгүй байдлаа хангасан бол юу гэж тийм харамсалтай зүйл болохов.

Хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг өмнөх жилүүдээс өссөн гэв үү?

Гэр бүлийн орчинд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа дуудлага маш их байна. Мөн боловсролын салбарын орчинд хүүхэд дарамталж, бие сэтгэлийн хүчирхийлэл үзүүлж байгаа дуудлага мэдээлэл өндөр хувьтай гарч байна. Хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг өмнөх онуудтай харьцуулахад маш ихээр гарч байгаа нь аюулын хэмжээнд хүрч байна. Гэмт хэргийн нөхцөл байдлаас харахад энэ оны наймдугаар сарын байдлаар хүчиндэх гэмт хэргийн тоо өндөр хувьтай гарчээ. Үүнээс багагүй хувь нь насанд хүрээгүй хүүхэдтэй холбоотой байна. Өмнөх онд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байгаа юм. Тухайлбал, Замын-Үүд суманд ой 10 сартай хүүхдийг хүчирхийлсэн хэрэг гарсанг хүн бүр мэдэж байгаа. Гэтэл нийгэм яанаа л гэж шуугиад өнгөрөхөөс эргээд тухайн хүүхдэд бие махбод, сэтгэл санааны хохирлыг нөхөн сэргээх, эргээд хэвийн амьдралдаа ороход нь дэмжлэг үзүүлэх нөхцөл байдаггүй. Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч хүүхэд насан туршийн хохирогч болохоос гадна гэр бүлийн бүх хүн мөн хохирогч болж эд хөрөнгө, мөнгө, санхүү, ажил, хөдөлмөр, эрүүл мэнд, сэтгэл санаа гээд бүх зүйлээрээ хохирдог. Гэтэл манайд өнөөг хүртэл сэтгэл санааны хохирлыг тооцдог арга аргачлал байхгүй. Гэр бүлд эдийн засгийн хохирол, хүүхдэд насан туршийн сэтгэцийн эмгэг, зан үйлд өөрчлөлт орж байгаа гэдгийг огт тооцдоггүй. Хүчирхийлэлд зөвхөн гэмт этгээдийг хорих, шийтгэх маягаар хандаж байна. Тиймээс бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг нөхөн сэргээх төв зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Хүүхэд хамгааллын зардал гэж улсаас мөнгө төсөвлөдөг биз дээ. Нийт хэчнээн төгрөг төсөвлөдөг юм бол. Энэ мөнгийг юунд зарцуулдаг вэ?

Хүүхэд хамгааллын зардалд 6.4 тэрбум төгрөг батлагдсан. Гэтэл тэр төсөв нь зөвхөн сургалт, семинарт зарцуулахаар заасан байдаг. Үнэндээ хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд маань эргээд нийгэмд яаж орж, амьдарч байгаа талаар хэн ч мэддэггүй. Насан туршдаа бие махбодийн болон сэтгэл санааны эмгэгтэй болсон хүүхдүүдээ төр яагаад хаяж байгаа юм бэ гэдэг бол асуудал л болж байгаа юм.

Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг нөхөн сэргээх төв байгуулахад хэчнээн хэмжээний зардал мөнгө хэрэгтэй байгаа юм бэ?

Энэ онд Хүүхэд залуучуудын хөгжлийн газарт 109 сая төгрөгийн төсөл өгсөн. Энэ төслөөр жилдээ 63 хүүхдэд зургаан сараас нэг жилийн хугацаанд 10 төрлийн нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлнэ. Хамгийн наад зах нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн ой гарантай хүүхдийг ээжтэй нь хамт байлгаж, энэ хугацаанд хүүхдийг цэцэрлэгт өгч, ээжийг нь ажлын байраар хангана гэж заасан байгаа. Хүүхэд хамгааллын зардалд баталсан мөнгийг зүгээр нэг сургалт семинарт зарцуулах биш яг тэр хүчирхийлэлд өртсөн хүүхдэдээ чиглэж зарцуулмаар байгаа юм. Нэг хамтарсан баг дээр бэлгийн хүчирхийлэлд өртсөн 10 настай охинд үйлчилгээ үзүүлэхэд наад зах нь хоёр сая төгрөг хэрэгтэй байгаа юм. Яагаад вэ гэвэл шүүхийн шинжилгээ, сэтгэл засал, халамж гээд үйлчилгээ үзүүлнэ. Гэтэл хамтарсан багт ямар нэг санхүүжилт байдаггүй. Уг нь орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх хуулийн заалт байдаг. Гэтэл энд зарцуулна гээд ИТХ-аараа яриад орон нутгийн төсөв дээрээ батлаад өгсөн нэг ч төсөв байхгүй. Жилдээ 50-хан мянган төгрөгийн төсөвтэй хамтарсан баг байх жишээний байна. Мөн хамтарсан багт ажиллаж байгаа төрийн албан хаагчид тогтвор суурьшилгүй байдаг. Өнгөрсөн жил гэхэд 609 хамтарсан багийн 4800 орчим хүнийг 600-аад сая төгрөгөөр чадавхижуулсан. Гэтэл сая энэ онд 312 хамтарсан багийг батлаад өнгөрсөн жилийн сургалтад суусан хүмүүсийг байна уу гээд харахад 60 хувь нь байхгүй шинэчлэгдсэн байх жишээтэй. Тэгэхээр нөгөө сургалтын үр дүн байхгүй болж байгаа юм.

Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг эргээд яаж байна гэж харилцаж, анхаарах асуудал байдаггүй. Зөвхөн гэмт этгээдийг хорих, шийтгэх маягаар арга хэмжээ авдаг гэсэн. Тухайлбал, ой 10 сартай хүүхдийг яасан бол гэж асуусан байгууллага байхгүй хаягдлаа гэж байна. Ер нь эргэж ажиллах ёстой байгууллага байдаггүй юм уу?

Хуулиараа бол хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг Засаг даргаар ахлуулсан хамтарсан баг ажиллах ёстой. Мөн гэмт хэргийн хохирогч болсон хүүхэдтэй Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо ажиллаж байх ёстой. Энэ хороонд аймаг дүүргийн хуулийн хэлтсийн даргаар ахлуулсан гэр бүл, хүүхэд залуучуудын газар, цагдаа, прокурор, хөдөлмөр халамж, боловсролын газрын дарга нараас бүрдсэн баг байдаг. Гэтэл ерөөсөө ажиллаж чадахгүй байна.

Ажиллаж чадахгүй байгааг нь судалж үзсэн үү?

Өнгөрсөн онд 1764 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон байдаг. 1066 хүүхэд гэмт хэрэгт холбогдож, гэмт хэргийн улмаас 121 хүүхэд нас барсан. Энэ хүүхдүүдтэй Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо ажиллах ёстой. Гэтэл 2017 оны судалгаагаар 381-хэн хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн байдаг. Энэ үйлчилгээ нь голдуу өмгөөлөл талд нь байгаа юм. Яг үнэндээ гэмт хэргийн хохирогч болсон хүүхдэд эргээд нийгэмд орох, боловсролын үйлчилгээг нь таслахгүй байх ёстой. Хорих ангиас суллагдсан хүүхдэд гэхэд нийгэмших, боловсрол эзэмшүүлэхэд анхаарах ёстой. Дарга нараас бүрдсэн баг ажлаа хийхгүй байна гэдгийг зориуд хэлмээр байгаа юм. Аль нэг сумын Засаг даргатай уулзахад малын тоо толгой, хорогдлыг цээжээрээ мэдээд байна. Тэгсэн хэрнээ 0-17 насны хэдэн хүүхэд суманд нь байгааг мэддэггүй. Тэр суманд тураалтай хүүхдүүд байна. Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд гурав, дөрвөөрөө төрж байна. Энэ асуудалд хэн хяналт тавьж ажиллах ёстой юм. Нийгмийн бодлогын түшмэл гээд байгаа төрийн захиргааны албанд мэргэжлийн нийгмийн ажилтан, гэр бүл судлаач хүмүүсийг тавихгүй бол хүүхэд хамгааллын ажил анхан шатан дээрээ явахгүй байна.

–Монголд хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага олон байдаг. Тэдгээрийн ихэнх нь төсвөөс цалинждаг. Гэтэл эргээд хүүхдэд хүрч ажиллах нь бага санагдаж байна?

Хүүхдийн аюулгүй байдлыг хангахын тулд насанд хүрсэн хүн бүр үүрэг хүлээх ёстой. Хүүхдийн хүчирхийлэл, хамгааллын чиглэлээр ажиллахад хүмүүсийн сэтгэлийн хандлага маш чухал. Албан байгууллага бүр хүүхэд хамгааллын стандартаа баримталбал хүүхэд аюулд өртөх нь бага. Жишээ нь ил задгай цахилгааны утас, онгорхой нүх зэрэг хүүхэд гэмтэж магадгүй аюултай нөхцөл байдлыг харсан бол холбогдох байгууллагад нь утасдаж мэдэгдэх хэрэгтэй. Энэ ажлыг зөвхөн төрийн албан хаагчдад даатгаж орхиод байвал хэзээ ч шийдэгдэхгүй. МХЕГ-ын даргын 2017 оны арваннэгдүгээр сарын 1-ний А179 тоот тушаал байна. Энэ тушаалын дагуу сургалт, хүмүүжлийн байгууллагууд эрүүл ахуй, халдвар хамгаалал, гадна тохижилтын дүрмийг мөрдөх ёстой. Сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайд хаалганд даруулж нас барсан хүүгийн талаар гэхэд сургуулийн удирдлага МХЕГ-аас гаргасан дүрэм журмаа мөрдөж ажилласан бол нэг хүүхэд амь насаа алдахгүй байсан. Нөгөө талаар мэргэжлийн хяналтын газрын хүүхэд хамгаалсан байцаагч нь баталсан журмынхаа дагуу сургууль, цэцэрлэгийн аюулгүй байдлыг хянаагүй гэсэн үг. Бас нэгэн жишээ хэлэхэд таван яамнаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог авахад таван өөр тоо хэлдэг. Аймаг дээр очоод аймгийн Хөдөлмөр халамжийн дарга, Эрүүл мэндийн газрын даргаас нь тоо асуухад зөрдөг. Суман дээр очиход бас л өөр өөр тоо хэлдэг. Анхан шатны сум, дүүрэг гэхэд тоогоо базаж чадахгүй худлаа тоо агентлагууд руу явуулдаг. Нөгөө агентлаг нь худлаа тоогоо яамандаа явуулж, яам нь худлаа тоогоо тайлагнадаг. Монгол Улсад эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хэчнээн хүүхэд байгааг гаргасан тоо, судалгаа алга л байна.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид амиа хорлох үзэгдэл их байгаа талаар сонсож байсан юм байна. Энэ талын судалгаа байдаг уу?

Амиа хорлохтой холбоотой дуудлага Цагдаагийн Ерөнхий газарт болон хүүхдийн тусламжийн 108 тоотод их ирж байна. Цахим гадуурхлаас болоод амиа хорлосон хоёр ч жишээ байна. Ер нь амиа хорлолтын гол шалтгаан нөхцөл нь юу байгааг холбогдох хүмүүсээс тодруулаарай. Анх 6-10 насандаа бэлгийн хүчирхийлэлд өртөж, олон жил аймшигтай нөхцөлд амьдарч байсан хүүхдүүд олон байна. Энэ бол сэтгэцийн хувьд насан туршийн эмгэг үүсэх асар өндөр эрсдэлтэй нас. Үүнээс гадна 12-14 настай охидын биеийг үнэлүүлэх асуудал хэрээс хэтэрлээ. Үнэн хэрэгтээ, ийм хүүхдүүд бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртөж, нийгмийн жигшүүрт хэргийн золиос болсон хэсэг юм. Тэгэхээр яах арга байхгүй бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидод туслах нөхөн сэргээх төв зайлшгүй шаардлагатай байгаа юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.