Н.Цэрэнбат сайдыг “бөөс”-өө хайж байхад нийслэлчүүд угаартаж байна

2018-12-11 Нийгэм

Анхаар!!!. Нийслэлчүүд угаартаж байна. Салбар хариуцсан сайдыг “Наранд унтаж саранд бөөсөө хайж” байх хойгуур шүү. Улирал нь ирэхээр тийм ч утаагүй зуух, ийм ч сайжруулсан түлш гаргана, тараана гэх яриа дэгддэг. Салбар хариуцсан сайд Н.Цэрэнбат өнгөрсөн аравдугаар сард 100 мянган өрхийн янданд утааны шүүлтүүр суурилуулах шинэ санаа сэдсэн. Ингэхдээ нэг өрхийн янданд 200 ам.доллар зарцуулахаар төсөвт суулгасан. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Агаарын бохирдлыг бууруулахад 200 орчим тэрбум төгрөгийг төсөвт суулгаад байна. Энэ хөрөнгөөр сайжруулсан түлшний үйлдвэр барихаас гадна гэр хорооллын 100 мянган айлын янданд утаа шүүгч байрлуулахаар болсон” хэмээсэн. Янданд “бэлгэвч” угласнаар утаа буурч, иргэдийн эрүүл мэндийг хамгаална хэмээн салбарын сайд мэдэгдсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт залуу хүн томилогдож байгаад олон хүн талархан алга хавсарсан. Нас залуу, цус шингэн хүний тархинаас шинэ санаа, сэдэл, арга зам гарна гэж итгэснийх тэр. Гэвч тэр бусдаасаа ялгарсангүй. Жилийн жилд яндантай дайн зарлаж, эцэст нь залуу сайд “бэлгэвч” углах санаа гаргасан нь энэ. Гэвч санаа нь дэмжигдээгүй сайд сураг алдрав.

Өнгөрсөн хэд хоногийн цаг агаарын нөхцөл байдал нөлөөлсөн үү, нийслэлчүүд хорт утаанд угаартаж хоног өдрийг өнгөрөөж байна. Бяцхан үрс нь эмнэлгийн орон дээр эм тариатай “нөхөрлөж” сууна.

Сонгинохайрхан дүүргийн тухайд улсын хүн амын 10/1 нь амьдардаг. Хүн амын нягтрал их байгаагийн хэрээр агаарын бохирдол өндөр. Үзэгдэх орчин хязгаарлагдмал гээд тоолж баршгүй олон дутагдалтай. Тиймдээ томчуудын утааны бизнесийг хөгжүүлэхэд хамгийн эхний бай болдог. Өнөөдөр хүртэл салбар хариуцсан сайд өнөөх яндангийн шүүлтүүрээ Сонгинохайрхан дүүргийн айлуудад хаяглачихсан сууна. Энэ талаар Н.Цэрэнбат сайд “Утаа бууруулах хамгийн оновчтой арга нь янданд индукцийн аргаар пилтер буюу шүүлтүүр тавих. Богино хугацаанд утаа бууруулах арга энэ байна. Гэр хорооллыг орон сууцжуулахад урт хугацааны төлөвлөлт шаардлагатай. Хийж, хэрэгжүүлж буй ажил болгон иргэдийн төлөө байдаг” хэмээн цагаатган тайлбарласан. Гэтэл энэ сарын 7-ны өдөр “Numbeo” цахим хуудаснаас дэлхийн экологийн хувьд цэвэр, бохир орнуудын чансаа “Pollution Index 2018 Mid-Year”-аа гаргав. Шинэ чансаагаар энэ оны экологийн хамгийн бохир орон нь Монгол болжээ.

Чансааг гаргахдаа агаар, усны бохирдлыг гол үзүүлбэр болгон үзсэн юм. Арга ч үгүй юм. Өнөөдөр гэхэд агаарын чанарын индекс Сонгинохайрхан дүүрэгт аюултай байна гэдгийг зааж байна. Тодруулбал, 10.00 цагийн байдлаар РМ10 /том ширхэгт тоосонцор/ 162, РМ2.5 /нарийн ширхэгт тоосонцор/-ын хэмжээ 155, нүүрстөрөгчийн дутуу исэл 10365, хүхрийн давхар исэл 177 мкг/м3 байна. Харин Хан-Уул дүүргийн XVI хорооны нутаг дэвсгэр Нисэх, Яармаг орчимд 10.00 цагийн байдлаар РМ10 /том ширхэгт тоосонцор/ 273, РМ2.5 /нарийн ширхэгт тоосонцор/-ын хэмжээ 229 мкг/м3 байгаа нь аюулын харанга дэлдсэнийг гэрчилнэ. Ийм байхад хэдхэн айлын янданд шүүлтүүр тавиад үр дүн гарах уу. Үгүй гэдгийг өнөөгийн нөхцөл байдал харуулж байна. Жил болгон утаа бууруулахад их хэмжээний мөнгө төсөвлөдөг ч утаа нь буурдаггүй. Харин ч жилээс жилд нэмэгдэж сүүлдээ иргэд нь угаартаж, эх хүүхэд эсэн мэнд амаржихад бэрх болж байна шүү дээ. Уг нь өмнөх жилүүдэд агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгөөр гэр хорооллын иргэдийг орон сууцжуулсан бол илүү үр дүнтэй байх байсныг зарим гишүүд цухас дурдсан.

Яагаад орон сууцжуулж болохгүй гэж. Утаанаасаа салъя гэж бодож л байвал түрээсийн ч хамаагүй орон сууц барих хэрэгтэй. Өмнөх жилүүдэд утаанд зориулсан мөнгөөр 4000 айлын орон сууц барих боломжтой байсан гэдэг. Гэтэл утааны эсрэг зарцуулж байгаа нэрийн дор зувчуулаад дууссан. Энэ байдлыг салбарын сайд ажлаа авахтай зэрэгцэн цухас дурдаад амжсан санагдана. Тэрбээр анх ажлаа авахдаа агаарын бохирдлыг бууруулах богино хугацааны ажлыг хариуцаж ажиллахаа мэдэгдэж байсан. Гэвч байдал хэвээр. Бүр ч дордсон гэхэд болохоор байна. Угаасаа гал түлж, яндангаар утаа гарч байгаа тохиолдолд хэзээ ч агаарын бохирдол буурахгүй. Ийм энгийн ойлголтыг салбар хариуцсан сайд мэддэггүй юм гэхэд зөвлөхүүд нь чихэнд нь очоод нэг шивнээдхээрэй. Тэгвэл сайд зүүднээсээ сэрж яндангийн үр хөврөлийн талаарх яриагаа хойш тавьж, бүтээн байгуулалт хийгээд утааны асуудлаа шийдэх арга замаа эрэлхийлэх вий.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.