Бизнес эрхлэгчид төрийн худалдан авах ажиллагаанд “муу” дүн тавив

2018-12-11 Мэдээ, мэдээлэл

“Хүнд суртлын индекс” судалгаанд оролцогсдын 53 хувь нь төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүнд суртал их байна гэж хариулжээ.

МҮХАҮТ-аас 2004 оноос эхлэн хоёр жил тутам “Хүнд суртлын индекс” судалгааг явуулдаг бөгөөд энэ жилийн хувьд төрийн үйлчилгээний цаг хугацаа, зардал, баримт бичгийн тоо зэрэг бодит үзүүлэлтүүдэд тулгуурлан бодитой тооцож гаргах зорилгоор Азийн сангийн дэмжлэгтэйгээр аргачлалыг шинэчлэн боловсруулж явууллаа. Мөн судалгааны танилцуулгыг хийхэд СЭЗДС, МУИС зэрэг судалгаа шинжилгээний байгууллагууд, АТГ, Үндэсний хөгжлийн газар зэрэг төр, засгийн холбогдох байгууллагууд, Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорац, Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төв зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцон судалгааны талаар зөвлөлдсөн нь онцлог байв.

Судалгааны талаар МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг дүгнэж хэлэхдээ, “Ерөнхийдөө хүнд суртал тодорхой хэмжээгээр багассан гэсэн дүн гарлаа. Нэг бичгийн хариуг 14 хоног хүлээн гэдэг нь бизнес эрхлэгчдийн хувьд үнэхээр хүндрэлтэй, цаг хугацаа их алддаг. Танхимын зүгээс бизнес, худалдаа эрхлэгчдийн цагийг хэмнэх үүднээс хотын гааль дээр нэг цэгийн үйлчилгээг бий болгох төсөлд ажиллаж байна. Мөн удахгүй манайд бүх бизнес эрхлэгч болон гадаадын хөрөнгө оруулагч мэдээллийг нэг цэгээс авах үйлчилгээг нээх гэж байна” гэв.

Хүнд суртлын индексийн судалгааг Улаанбаатар хот болон орон нутгийн бизнес эрхлэгчдээс ганцаарчилсан ярилцлага авах хэлбэрээр энэ оны 10-11-р сард явуулж нийт 191 аж ахуйн нэгжийг хамруулсан юм. Харин судалгааг төрийн 54 байгууллагад хийж, давхардсан тоогоор 2009 үйлчилгээг үнэлжээ. Мөн тус танхимаас Засгийн газрын ХЭГ-тай хамтран ажиллах Санамж бичиг байгуулсны дагуу төр, засгийнханд энэхүү судалгааны дүнг хүргүүлэх юм.

“Хүнд суртлын индекс” судалгааны дүнг танилцуулбал, төрийн байгууллагын үйлчилгээний хүнд суртлын дундаж индекс энэ онд 3.29 гэсэн дүнтэй гарлаа.

Төрийн байгууллагуудын үйлчилгээний үзүүлэлтүүдийг авч үзэхэд төрийн албан хаагчдын тоо, ёс зүй, харилцааны хандлага, мэдлэг, ур чадвар 3.46, төрийн байгууллагын үйлчилгээтэй холбогдох мэдээллийн ойлгомжтой, хүртээмжтэй, шинэчлэгдсэн байдал 3.39 гэсэн “сайн” үнэлгээтэй гарсан бол үйлчилгээ авахад зарцуулах хугацаа 3.06 гэж хамгийн “бага” үнэлгээг өгсөн байна.

Бизнес эрхлэгчдээс төрийн үйлчилгээнд хэр зэрэг сэтгэл ханамжтай байгааг асуухад судалгаанд оролцогсдын 40 хувь нь төрийн үйлчилгээнд “сайн” үнэлгээ тавьж, 42 хувь нь “дунд”, 16 хувь нь “муу” гэсэн үнэлгээ өгчээ. Судалгааны үзүүлэлтүүдээс Төрийн худалдан авах ажиллагаанд өгсөн үнэлэлт 40 гаруй хувийн хангалтгүй байсан нь анхаарал татаж байв.

Тодруулбал, судалгаанд оролцогсдын 60 хувь нь худалдан авах ажиллагааны талаар зар, мэдээлэл хүртээмжтэй, ойлгомжтой байдаг гэж үзсэн хэдий ч 40 гаруй хувь нь үйл ажиллагааг нь хангалтгүй байна гэсэн үнэлгээг өгчээ.

Бизнес эрхлэгчид хамгийн их хүнд суртал, арын хаалгаар явагддаг үйлчилгээг Төрийн худалдан авах ажиллагаа гэж байв.

Худалдан авах ажиллагааны шударга байдал “муу” гэж 46 хувь нь хариулсан бол 18 хувь нь “дунд” гэж үзжээ. Судалгаанд оролцогсдын 17 хувь нь Төрийн худалдан авах ажиллагаанд гомдол гаргаж байсан гэсний дотор 64 хувь нь гаргасан гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлээгүй гэсэн хариу өгсөн байна.

Хүнд суртлын индексээр хамгийн дээгүүрт буюу сайжирсан үзүүлэлтээр Эрчим хүчний зохицуулах хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо орж, хамгийн бага буюу муу гэдэгт АМГТ-ын газар, Автотээврийн Үндэсний төв, Нийслэлийн газрын алба тус тус багтжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.