Нийтийн тээврийн парк шинэчлэлтээр санал солилцлоо

2018-11-13 Мэдээ, мэдээлэл

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар, хэлтэс, баазын удирдлагуудтай Европын сэргээн босголтын банкны хөрөнгө оруулалтаар хийгдэх Улаанбаатар автобус шинэчлэлтийн төслийн ТЭЗҮ-ийн ажил хийж гүйцэтгэхээр сонгогдсон МоттМакдональд ХХК-ний төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтын үеэр төслийн багийнхан нийтийн тээврийн шинэчлэлтийн хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулж харилцан санал солилцсон. Төслийн багийнхан Энхтайваны өргөн чөлөөгөөр зорчих нийтийн тээврийн хэрэгсэл чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэх, уулзваруудыг нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, зорчигчдын тав тухтай орчинд зорчих боломжийг бүрдүүлэхэд анхааран, байгаль орчин нийгмийн чиглэлийн судалгаа хийж байгаагаа танилцуулж, автобусны засвар үйлчилгээ, техник тоног төхөөрөмж, шатахуун тослох материалын талаар тодруулж, парк шинэчлэлтийг хэрхэн хийвэл үр дүнд хүрэх талаар зөвлөхийг хүссэн юм.

Нэгтгэлийн удирдлагууд баазууд 1997 онд ашиглалтанд орсон учраас техник тоног төхөөрөмж хуучирсан, автобуснуудын гүйлтийн хугацаа дууссан учир эвдрэл ихтэй байнгын засвар үйлчилгээг хийсээр ирсэн. Нийтийн тээвэрт яаралтай парк шинэчлэлтийг хийж, инженер техникийн ажилтнуудыг сурган дадлагажуулах хэрэгтэй байна. Парк шинэчлэлт хийж автобус авахдаа 11 м, хий нумтай,нам тэнхлэгтэй,   механик кроптой, 2 хаалгатай, багтаамж сайтай, дулаахан, цонх нь цантдаггүй,хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан шаттай, дизель түлш хэрэглэдэг байх шаардлагатай. Монгол орон өвөлдөө хүйтэн учир евро 5 түлш хэрэглэдэг, олон хаалгатай угсраа автобус тохиромжгүй байна. Дулаан бага алддаг, багтаамж сайтай автобус авах хэрэгтэйг хэллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.