ТЭЦ-4 10 ХОНОГИЙН ДОТОР ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ОРНО ГЭВ

2018-09-19 Нийгэм

Хэдхэн хоногийн өмнө нийслэл тэр чигээрээ тоггүй болж, цахим ертөнцөөр нэг шаагиж, халагласан хүмүүс байв. Тухайн үед чухам юунаас болж хот харанхуй болсон талаар хүн бүхэн өөрийн таамгийг дэвшүүлж байлаа. Ямартай ч эл үеэр салбарын сайд нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргатайгаа ам мурийж, барьцалдах шахсан талаарх бор шувуу нийгмийн сүлжээнд жиргээд амжсан. Үнэн чанартаа дарга нар нь муудалцсан эсэх нь хэрэглэгч бидэнд хамаа алга. Хүйтний ам наашилсан эдгээр өдрүүдэд дахин тэг зогсолт хийхгүй гэсэн баталгаа л чухал байна. Хамгийн гол нь осол чухам юунаас үүдэлтэй, хэн хаана хариуцлага алдсан, дахин алдаа гаргахгүй үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх нь л хамгийн номер нэг асуудал юм. Тийм ч учраас салбарын яамныхан өчигдөр дөрвөн цаг орчим хуралдаж, эхний ээлжинд ТЭЦ-4-ийн үйл ажиллагаа 7-10 хоногийн дотор хэвийн үйл ажиллагаанд шилжих юм байна гэдэг дүгнэлтэнд санал нэгджээ. Мэдээж энэхүү дүгнэлтийг өнөөдрийн ажиллаж буй цахилгаан станцын хүчин чадалд тулгуурлан гаргасан байж таарна. Уг дүгнэлтэд “Сэлгээх үйл ажиллагаан дээр ажил хүлээлцэх явцад стандарт горимын дагуу аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой Ерөнхий болон ээлжийн инженерүүд хариуцлагагүй хандсан” хэмээн үзсэн байна. Энэхүү гарсан гэмтлийн улмаас нийслэл болон Төв, Дархан-Уул аймагт цахилгаан хэдэн цагаар тасарч саатсан юм.

Дашрамд дуулгахад, энэ удаагийнх шиг тэг зогсолтын осол 2006, 2015 онд гарч байжээ.

Тэгэхээр тухайн өдөр тог тасарсан шалтгаан нь ээлжийн ажилтан үйлдвэрлэлийн процессыг хөтөлсөн албан бланк дээр гарын үсэг зурж хүлээн авч, хүлээлгэн өгдөг юм байна. Чухам ажлаа хүлээлгэн өгч байгаа ажилтан ямар ажиллагаа хийгдсэн, дараагийн ээлж ямар ажиллагаа хийх шаардлагатайг тодорхой тэмдэглэлд дурддаг аж. Гэвч тухайн өдөр тэмдэглэл хүлээлгэж өгөх ажилтан тэмдэглэлээ хүлээлгэж өгөөгүйгээс энэ бүхэн үүдэлтэй гэдэг дээр санал нэгджээ. Тиймээс тэмдэглэл хөтөлж, хүлээж авах ёстой байсан инженер, ажиллах горимыг баталдаг ерөнхий инженер ч гэсэн давхар хариуцлага хүлээх бололтой. Энгийнээр бол ажлаа хүлээлцэхдээ хариуцлагагүй хандсан гэсэн үг гэнэ. Ямартай ч цөөн тооны ажилтны ажлын хариуцлагагүй байдлаас энэ удаагийн тэг зогсолт үүссэн бөгөөд одоогоор хариуцлагын асуудлыг түр хойшлуулж, шалтгааныг эцэслэн тогтоохоор албаныхан ажиллаж байгаа гэнэ.

О.ГЭРЭЛ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.