Мах, сүү боловсруулах үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв

2018-06-7 Мэдээ, мэдээлэл

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Бүгд найрамдах Чех улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Чех улсын Элчин сайд Ийржи Бродскийд хандан, хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаад талархал илэрхийлсэн. Тэрбээр, хоёр орны уламжлалт найрсаг хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, төрийн өндөр дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж байгаад баяртай байна гээд салбарын талаар товч мэдээлэл өглөө.

2011-2012 онд “Малыг ялган тэмдэглэх-анхан шатны бүртгэлд авах”, 2013-2015 онд “Үхэр сүргийн ашиг шимийг дээшлүүлэх зохиомол хээлтүүлгийн сүлжээг сайжруулах” төслийг тус тус Бүгд Найрамдах Чех улсын Засгийн Газрын Хөгжлийн Агентлагаас Малын удмын сангийн үндэсний төв дээр хэрэгжүүлсэн байна. Малыг ээмэгжүүлэх, мэдээллийн нэгдсэн санд бүртгэлжүүлэх, мал үржүүлгийн техникч нарыг чадавхжуулах, үхэрт хөврөл үр шилжүүлэн суулгах, биотехнологийн дэвшилтэт ололтыг нэвтрүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн эдгээр төсөлд мониторинг хийж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар судалж байгаагаа Чех улсын Элчин сайд Ийржи Бродский онцлон тэмдэглэлээ.

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле орон нутгийн мах, сүүний нөөц ашиглалтыг сайжруулж, эдийн засгийг эргэлтэд оруулах зорилгоор бага, дунд оврын мах, сүү боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахад дэмжлэг үзүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулалтын салбарт харилцан туршлага судлах, мэргэжилтэн солилцох, модон эдлэлийн үйлдвэрлэлийг цогцолбор хэлбэрээр хөгжүүлэхэд хамтарч ажиллах саналыг Чехийн талд тавьсан.

Талууд хоёр орны уламжлалт найрсаг харилцааг хөдөө аж ахуйн салбарт улам өргөжүүлэн хөгжүүлэх тал дээр санал нэгдлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.