“Монгол уяач” зөвлөгөөн боллоо

2018-06-7 Мэдээ, мэдээлэл

Үндэсний баяр наадмын тухай хуульд төсөл өргөн барихтай холбогдуулан Төв аймагт “Монгол уяач” зөвлөгөөн боллоо. Хурдан морины уралдаан нь монгол үндэстний их өв соёл юм. Энэ үүднээс хурдан морины уралдааны онцлог, дэг соёл, ёс заншил, хувцас, эдлэл хэрэглэлийг нь сэргээн хөгжүүлж сурталчлан таниулан хойч үедээ өвлүүлэх, мөн хөдөө орон нутгийнхаа уяачид, хурдан морины зүтгэлтнүүдийн санал бодлыг сонсох зорилгоор МСУХ-оос тус зөвлөгөөнийг зохион байгуулсан бөгөөд аймгийн хэмжээнд 3000 гаруй уяачид байдгаас 94 уяач зөвлөгөөнд оролцож санал бодлоо илэрхийллээ.

Уяачдын зүгээс Эрлийз монгол адууг хэрхэн зааглаж уралдуулах, Хурдан морины уралдаанч хүүхдийн талаар, голчлон хөндөж ярилцлаа. Унаач хүүхдийн урамшуулалыг тухай бүрт нь олгож, аюулгүй байдлыг уяачдын зүгээс найдвартай хангадаг. Гэхдээ баяр наадмыг эмх замбараатай зохион байгуулж чадахгүйн улмаас хүүхэд бэртэх эрсдэл үүсдэг гэдгийг уяачид тайлбарлалаа.

“Монгол уяач” улсын зөвөлгөөнийг аймаг бүрт зохион байгуулахдаа сум бүрээс 10-аас доошгүй уяачид, уралдаанч хүүхэд, хурдан морины зүтгэлтэнг оролцуулна гэдгийг зохион байгуулагчид хэлж байна. Бага хурлаар тус зөвлөгөөнд оролцох 10 төлөөллийг сонгосон юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.