Владимир Жанибеков: Гүр цонхоор эх нутгаа хараад нүдээ салгаж чадахгүй ширтэж, баярлаж байсан

2018-03-22 Нийгэм

Өнөөдөр Монголын түүхэнд

(1981 он) Монгол-Зөвлөлтийн хамтарсан “Союз-39” сансрын нислэгээр  Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь сансарт ниссэн дэлхийн 101 дахь, Азийн хоёр дахь, Монголын анхны болоод цорын ганц  хүн болов. Монгол хүн сансарт нисч, Монгол Улс олон улсны “Интеркосмос” хөтөлбөрт оролцон сансар судлалд хувь нэмрээ оруулж эхэлсний 37 жилийн ой өнөөдөр тохиож байна.

“Союз-39” сансрын хөлгийн командлагч сансрын нисэгч Владимир Жанибековын дурсамжаас:

“Монголын сансрын нисгэгч бусдаас юугаараа онцлог байсан гэвэл, дорны хүний юманд буурь суурьтай ханддаг шинж байсан. Тэр тухайн байдлыг дүгнэж чаддаг сайн талтай. .Нөхцөл байдалдаа гайхалтай дасан зохицож чаддаг. Тэр хэзээ ч илүү юманд сэтгэл зовдоггүй, хэзээ ч сандарч, яардаггүй. Бүх юмыг яг таг хийдэг. Яг л цагны механизм шиг. Өөрийн цагийн хувиарийг яг таг биелүүлж, хөтөлбөрөө хянаж байсан. Долоо хоног хамт сансарт нисэхэд ямарч өө сэв гаргаагүй. Биднийг Монгол дээгүүр нисэж байхад тэр хөлгийн цонхноос салдаггүй байсан нь л тийм юм даа. Гүр цонхоор эх нутгаа хараад нүдээ салгаж чадахгүй ширтэж маш их баярлаж байсан.” гэж дурссан нь бий.

Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрч байжээ.

Ж.Гүррагчаа гуайн овог, нэрийг тухайн үеийн гадаадын сэтгүүлч, нэвтрүүлэгч нар хэлэх гэж бараг л хэлээ хугалах шахдаг байсан гэнэ. Нэг үе бүр радио, телевизэд нэвтрүүлэгч сонгохдоо Монголын сансарын нисгэгчийн овог, нэрийг анхны уншилтаараа нэг ч түгдэрч, бүдрэлгүй зөв уншиж чадсан тэр хүн ямарч үгийг уншина гэж үзэн шууд авдаг болсон байж.. Харин сансрын ахан дүүс нь сансрын нисгэгч Ж.Гүррагчааг “Гүр” гэж дуудна.

1981 оны энэ өдөр Байконурын сансрын станцаас БНМАУ-ын сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Жанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт хөөрч Салют-6 сансрын станцтай холбогджээ. Тэд сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрч, 5.226 сая км зайг туулан, сансарт аялж эх дэлхийдээ амжилттай газардсан байна.

В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар бол ОУ-ын сансар судлалын хөгжилд хувь нэмэр оруулсан оддын баатрууд билээ.

Зөвлөлт-Монголын багийнхан шинжлэх ухааны хөтөлбөрөө бүрэн гүйцэд биелүүлж 25 туршилт сансарт амжилттай хийжээ Цогцоор нь тэдгээр туршилтуудыг “Эрдэм” гэж нэрлэсэн байдаг..Тэдний ажил Монгол улсын газар тариалангийн талбайн газар зүйн зураглал хийхэд болон тэдгээрийн бүтээмжийг урьдчилан тогтооход чухал ач холбогдолтой болсон байна. Мөн анх удаа Монгол улсын нутаг дэвсгэрийн цэнгэг усны нөөцийг данслах зорилгоор Монголын уулархаг нутгийн мөсжилтийн зургийг авч, судалгаа явуулсан байдаг аж.

.

 

Хууль л амла!

11 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.